Тайванийн АРДЧИЛАГЧ

Тайванийн АРДЧИЛАГЧ

Эмч мэргэжилтэй Лаи Чин-тэ улс төрд орсноос 27 жилийн дараа Тайванийн ерөнхийлөгч болсон замналыг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцолж байна. 


Аядуу яриатай ахмад улстөрч Лаигийн хувьд Тайванийг буцаан нэгтгэх амлалт өгсөн Хятадын удирдагч Ши Жиньпиний арга эвийг хэрхэн олох нь арлын хувь заяаг шийднэ.  Дэд ерөнхийлөгч асан, 64 настай Лаи Тайванийн ерөнхийлөгчөөр сонгогдсон нь эрх баригч Ардчилсан дэвшилт намын хувьд гурав дараалсан түүхэн ялалт болсон.

Ялалт байгуулсныхаа дараа олон мянган дэмжигчидтэйгээ уулзахдаа Лаи "Сонгууль нь Тайванийн ард түмний ардчиллын төлөөх тууштай байдлыг дэлхий нийтэд харууллаа. ​​Хятад улс үүнийг ойлгоно гэж найдаж байна" гэж хэлжээ. Тайванийн бүрэн эрхт байдлыг хамгаалахын төлөө Бээжингийн эсрэг зогсох хэрэгтэй болсон Лаи Хятадтай нэр төр, тэгш байдлын зарчмын дагуу яриа хэлэлцээ хийхээ амлав.

Гэсэн ч Тайванийн хоолой дахь хурцадмал байдал 1996 оноос  хойших хамгийн дээд цэгтээ хүрчээ. Тухайн үед  Хятад улс арлын анхны чөлөөт ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө сонгогчдыг айлгах зорилгоор Тайванийн эрэг орчмын ус руу пуужин харваж байлаа.

Өмнөд Тайнан хотын их сургуулийн эмнэлэгт эмчээр ажиллаж байсан Лаигийн хувьд энэхүү пуужингийн довтолгоо нь түүний улс төрд орох "шийдвэрлэх мөч" болжээ. Тэрбээр өнгөрсөн жил "The Wall Street" сэтгүүлд "Би Тайванийн ардчилалд гар бие оролцож, үүнд хор  учруулахыг хүссэн хүмүүсээс хамгаалах үүрэгтэй гэж шийдсэн" гэж дурссан байна.

Лаи албан тушаалд нэр дэвшихийн тулд цагаан нөмрөгөө тайлж, эхлээд хууль тогтоогч болж, дараа нь Тайнан хотын даргаар хоёр удаа ажиллажээ. Удалгүй Ерөнхий сайд болж дэвшсэн бөгөөд 2020 оноос хойш одоогийн Ерөнхийлөгч Цай Ин Вэнийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Харин энэ 2024 оны эхээр болсон сонгуульд ялалт байгуулснаар ерөнхийлөгч болсон. Ингэснээр Тайвань ардчилсан системд шилжсэнээс хойш аль ч нам 8 жилээс илүү засаглаагүй "хараал"-ыг эвдэж, эрх барих намд түүхэн ялалтыг авчирлаа.

"САНААНД ОРОМГҮЙ АЯЛАЛ"

Улс төрийн карьер хөөж эхэлснээ Лаи санаанд оромгүй аялал гэж тодорхойлжээ. Тайванийн хойд эргийн ойролцоох уул уурхайн тосгонд ядуу тарчиг өссөн Лаи багаасаа эмч болохыг мөрөөддөг байжээ. Тэрбээр таван дүүтэй бөгөөд ээж нь тэднийг ганцаараа ажил хийж өсгөсөн. Эцэг нь Лаиг бага байхад уурхайн ослоор нас барсан байна. Лаи эцгээ ямар хүн байсныг санан дурсахад хэтэрхий балчир байсан бөгөөд нэг л өдөр аав нь орхин одож, гэр бүл нь ядуу тарчиг амьдардгийг ухаарсан гэж ярьжээ. Ийм гэр бүлд өссөн болохоороо хэрсүү, хүсэл зорилгтой, аливаа сээд бэрхшээлийг даван туулах сэтгэлийн хаттай болж өссөн гэж тэрбээр өнгөрсөн гуравдугаар сард нэгэн арга хэмжээний үеэр дурсан ярьсан байна.

Лаи нугасны гэмтлийн мэргэжилтэн болж, ийм гэмтлийн үндэсний зөвлөхөөр ажиллаж байв. Боловсролын тухайд Тайпэй хотод боловсрол эзэмшсэн бөгөөд Тайнан дахь Чен Кунгийн үндэсний их сургууль болон Тайпэй дэх Тайванийн Үндэсний их сургуульд зэрэг суралцсан.  Дараа нь Харвардын Нийгмийн эрүүл мэндийн сургуульд Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалж ирээд Чен Кунгийн үндэсний их сургуулийн эмнэлэгт дадлага хийжээ. 

Тэрбээр Тайнаньд эмчийн мэргэжлээрээ хэдэн жил ажиллаж байхад нь орон нутгийн Ардчилсан дэвшилт намын ажилтан түүнтэй холбогдсон аж. Тухайн хүн Лаиг тус намын улстөрчийн орон нутгийн сонгуулийн кампанит ажилд туслахыг хүссэн байна. Энэ нь Гоминданы авторитар засаглалын эсрэг Тайванийн ардчиллын хөдөлгөөнөөс Ардчилсан дэвшилт нам анх гарч ирснээс хойш арав хүрэхгүй жилийн дараа 1994 он байлаа.

1987 онд дайны дэглэмийг цуцалж, чөлөөт сонгууль руу аажим аажмаар шилжсэн.  Иргэний дайнд коммунист хүчинд ялагдсаны дараа эх газрын Хятадаас арал руу дүрвэн ирснийхээ дараа Гоминдан 40 орчим жилийн турш Тайванийг төмөр нударгаар захирч байв.

Ардчиллын төлөө тэмцэж явсан олон ахмад дайчид тус намыг байгуулжээ. “Цагаан терроризм” гэгддэг энэ цаг үед олон арван мянган улс төрийн өрсөлдөгч амь үрэгдэж, шоронд хоригдож байв.

Лаи Тайпэй дахь коллежид сурч байхдаа ардчиллыг дэмжигч эсэргүүцэгчдийг хэрцгийгээр дарсан тухай мэдээг анхааралтай ажиглаж байв. Тэрбээр ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр нийтэлсэн видео бичлэгт "Би энэ улсын ирээдүйн талаар эргэлзэж, санаа зовж байсан" гэж хэлжээ.

Лаи орон нутгийн сонгуульд туслахаар болсон ч эцэст нь нэр дэвшигч ялагдсан байна. Жилийн дараа ардчиллын зарим идэвхтнүүд Лаиг намд элсэхийг урьж, хууль тогтоох байгууллагад нэр дэвшихийг уриалав. Тэрбээр эхлээд энэ санааг няцаасан. “Би хөдөө, ядуу газар төрж өссөн бөгөөд эмч болохыг үргэлж хүсдэг байсан. Би  ахлах эмч болохын тулд өдий зэрэгт хүрчихээд байсан” гэж кампанит ажлынхаа бичлэгтээ дурсчээ. Гэвч улс төрийн нөхөд нь бууж өгөхөгүй байна. Хэдэн сарын дараа Хятад улсаас Тайвань руу гал нээж, пуужин харваснаар хямрал хурцадсан нь Лаид шугамыг давах эцсийн түлхэлт өгчээ.

"Тэр үед эрх баригч засгийн газрыг эмнэлгээсээ шүүмжлэхийн оронд ардчилсан хөдөлгөөний тэргүүн эгнээнд гарч ирээд Тайванийн төлөө ямар нэгэн зүйл хийсэн нь дээр биш гэж үү? Хэрвээ би энэ амьдралдаа хүсэл эрмэлзлийг минь төрүүлдэг зүйл олж чадвал  амьдрал үнэ цэнэтэй байх болно гэж би бодсон" гэж Лаи ярьжээ.

Лаи 1986 онд Ву Мэй-Жүтэй гэрлэсэн. Ву Тайповерт ажиллаж байсан бөгөөд Лаи хотын захирагчаар сонгогдох хүртэл Тайнаньд ажиллаж, Каошюн руу шилжсэн. Тэд хоёр хүүтэй.

СОНГУУЛЬ

Хятад улс сонгуулийн өмнөхөн Лаи болон тусгаар тогтнолын төлөөх үзэлтэй бусад нэр дэвшигчдийг ялахаас сэргийлэх хүсэлтэй байгаагаа нуугаагүй. Хятадын эрх баригчид санал хураалтыг "энх тайван ба дайн" хоёрын хоорондох сонголт гэж удаа дараа тайлбарлаж, Бээжингийн илүүд үзэж буй нэр дэвшигч Хоу Ю-Ихийг дэмжиж, Лаиг "хоолойд сөргөлдөөн, мөргөлдөөнийг" өдөөсөн гэж эсэргүүцэж байв.

Ардчилсан дэвшилт намын илүү радикал жигүүрээс гаралтай Лаи нэгэн цагт Тайванийн тусгаар тогтнолыг ил тод дэмжигч байсан нь Бээжингийн хувьд нүдэнд орсон өргөс юм. Албан тушаал ахих тусам түүний үзэл бодол нь дарагдаж байсан ч  зургаан жилийн өмнө өөрийгөө "Тайванийн тусгаар тогтнолын төлөөх практик зүтгэлтэн" гэж тодорхойлсныг нь Хятадын албаныхан мартаагүй байв.

Өдгөө Лаи арлын одоогийн статус квог дэмжиж байгаагаа илэрхийлж, "Тайвань аль хэдийн тусгаар тогтносон улс болсон" тул тусгаар тогтнолоо зарлах "төлөвлөгөөгүй, шаардлагагүй" гэж мэдэгджээ. Түүний энэ байр суурь нь Тайванийн анхны эмэгтэй ерөнхийлөгч  Цай Ин Вэнтэй ижил байна. Цай Ин Вэн бүрэн эрхийн хугацаа нь хуулиар хязгаарласан хэмжээнд хүрсний улмаас дахин нэр дэвших боломжгүй болсон. 2016 онд Цай Ин Вэнийг ерөнхийлөгч болсны дараа Бээжин Тайпэйтэй албан ёсны харилцаа холбоогоо тасалж, Тайванийг олон улсын хэмжээнд тусгаарлах кампанит ажлаа эрчимжүүлсэн.

Олон талаараа Бээжингийн Лаи руу чиглэсэн үг хэллэг нь Цай Ин Вэнд хандсанаас  ч илүү дайсагнасан шинжтэй байна.

Хятадын засгийн газар болон төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Лаиг аюултай салан тусгаарлагч, "үймээн самуун дэгдээгч", "дайн дэгдээгч" гэж байнга зэмлэж, түүний  хэлэлцээ хийх саналаас удаа дараа  татгалзжээ.  Тэрбээр хэлэлцээ хийх  саналыг Хятадын дээд удирдагч Ши Жиньпинд ч  тавьж байв.

Өнгөрсөн оны тавдугаар сард Тайванийн үндэсний их сургуульд суралцаж байсан оюутнуудтай хийсэн асуулт хариултынхаа үеэр тэрбээр хамт оройн зоог барихыг хамгийн их хүсдэг төрийн тэргүүнээр Ши Жиньпинийг нэрлэсэн юм. Ийм боломж олдвол тэрбээр Хятадын удирдагчид "Жоохон тайвшир. Тэгтлээ их бухимдах хэрэггүй" гэж зөвлөнө гэж хэлж байжээ.

Харин Бээжингийн албаныхан түүний үгийг "хачин" гэж хэлээд "Тайванийн тусгаар тогтнолын мөн чанар" өөрчлөгдөөгүй тул Лаиг "сайн санаатны нөмрөг өмсөхийг оролдсон" гэж буруутгасан байна.

Өнгөрсөн Бямба гаригт дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Лаигийн хамтрагч Сяо Би-Химийг мөн Бээжин илт зэвүүцдэг. Тайваниас АНУ-д суух дээд элчээр ажиллаж байсан түүнийг Хятадаас "салан тусгаарлах үзэлтэн" гэсэн шалтгаанаар хоёр удаа хориг тавьжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-18 178.174.229.45

TAIWAN ALI HEZEENII TUSGAAR ULS UMHII HUJAAGIIN TAGNUULAAA TA NAR HICGNEEN BAHIRAAD YAMARCH NEMERGUI KK

Avatar

зочин 2024-01-18 66.181.160.21

Миний ойлгосноор Тайванчууд Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрдөггүй юм гэсэн …Хэрэв тийм бол эдэнтэй өөрөөр ярих хэрэгтэй дэ …

Avatar

Нэргүй 2024-01-18 192.42.116.178

Тайваньчууд Ардчилал, Эрх чөлөө, Тусгаар тогтнолыг сонгосонд баяр хүргэе! Улаан Гятадын угаадас долоодог уяа хуяа троллууд Тайваньд баяр хүргэж чадахгүйэ, улаан Гятад эзнээсээ айж байгаа тэд.

Avatar

Нэргүй 2024-01-18 103.242.47.122

казакууд монголоос тусгаарлана гэвэл чи зөвшөөрөх үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж