С.Зоригийн амь насыг хөнөөсөн этгээдийг гурван шатны шүүхээр тогтоон ялласан ч буцаагаар хэрэгсэхгүй болгов. Төрийн нууцад хамаарах хэрэг учраас гэмгүй хүнийг ялласан уу, гэмтнийг ял завшуулсан уу гэдгийг энгийн иргэн мэдэх боломжгүй болов. Захиалагч бүдгэрэв. Өчигдөр алуурчин гэж зүхүүлж эмэгтэй өнөөдөр сошиал орчинд агсамнаж байна. Насаараа бизнес хийгээд олдоггүй мөнгийг төрийн албаны хурган даргын шүүгээнээс олдог болжээ. Татвараа төлөх гэж зовдог байсан бизнесийнхэн аль болох төрийн албанд шургалах эс бөгөөс түүний тендерийг авахыг чармайдаг болов. Монголд хамгийн том худалдан авагч төр болов. Төрийн өмчит компаниудын зээлээр бий болгосон хөрөнгө ДНБ-нээс даруй 10 их наядаар давжээ. Улсын төсөвтэй дүйх хэмжээний хөрөнгө хулгайлсан гэх нүүрсний хэрэг мандав. “Шүүх хурлыг нийтэд нээлттэй явуулчих, нүүрсний хулгайг хэн хийснийг хэлээд өгье” гэж байсан этгээдийг шүүх хурлыг өмгөөлөгчид хаалттай явуулах санал гаргасны дагуу хаалттай болов. “Муу нуухаар сайн илчил” гээч болох нь горьдсон иргэдэд үнэнийг өөрийнхөөжрөө дүгнэх, цэгнэх боломж бас л олдсонгүй. Нүүрсний сонсгол гээч өмнөх Хөгжлийн банкны сонсголоосоо давж гарсангүй. Тоохоо больсон тавилт, онцлох оройлгүй гэрчүүд. Энэ сонсголоос тодорхой болсон зүйл гэвэл ирэх сонгуульд тойргийг нь булаах гишүүдийг гэрчээр дуудах л байв. БНХАУ-аас нэрс авч, нухацтай шалгаад байна гэсэн эл хэрэг ачааны машины оочер дарааллыг урдуур, хойгуур оруулж өгөөд гараа хүндрүүлсэн хэдэн “жараахайнууд”-аар нь туг тахиад өнгөрөх нь тодорхой болов. БНХАУ-ын тусгай албанаас ирүүлсэн нүүрсний хулгайчдын нэрс бүхий бичиг нууц болон үлдэв. Нуух болсон шалтгаан нь “А”-гаар эхлээд “н”-ээр төгссөн том даргын нэрс тэргүүн эгнээнд ирсэн тухай шивэр авир хийж буй ч нууцын бичгийг болхи мань мэт нь байтугай, бүрэн, дархан эрхтэй сөрөг хүчнийхэнд олдохгүй болохоор “тийм” гэх тэмдэг алга. Гэхдээ тодорхой зүйл гэвэл нүүрсний хулгайд эрх баригчид хамгийн их хамааралтай нь ойлгомжтой бөгөөд жоомоо устгах гэвэл гэрээ шатаах учраас төрийн хр авдарт хав дараад өнгөрөх бололтой.
ИРГЭДЭЭ ХУЛГАНА БОЛГОЖ ТУРШСАН ТӨСВИЙН ТАЙЛАН ЯАВ?
Хүн төрөлхтөнд үзүүлэх Ковидын тэмцлийг харуулсан баримтат кинонд Монгол үлгэр жишээ болон үлдэх талаар бишгүй шуугисан. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар чиглэл өгөх тухай" хууль гээчийг батлан, амташсан хэрээ арван гурав эргэх гэгч болж дахин дахин сунгав. Ингэснээр төсвийн захиран зарцуулалтыг хянах ямар ч боломжгүй болсон бөгөөд УИХ өөрийн үндсэн эрхээ Засгийн газарт шилжүүлж байгаа төсвийн мөнгийг идэцгээсэн. Гадны зээл тусламжаар орж ирсэн хэдэн их наядыг хэн, юунд, хэрхэн зарцуулсан нь одоо хэр нь тодорхойгүй байна. Гэтэл гадныхнын гаргасан үр дүн бүрэн туршигдаагүй вакцин болгоныг иргэддээ үнэгүй шахаж, түүнийгээ гавъяа болгон гайхуулж байсан эрх баригчид вакцины нөлөөгөө бий болсон цус өтгөрөлт, элдэв сөрөг үр дагаврыг огт тоосон шинжгүй явна. Өндөр хөгжилтэй орнууд вакцинжуулалтын цаана ямар их хэмжээний лобби, мөнгө эргэлдэж байсан талаар өдгөө мэдээлж байна. Гэтэл иргэдээ туршилтын туулай болгож, халдвар авсан хүний тоогоор сая саяар нь төсвөөс цөлмөж, хөл хорио, оношлогоо, үзлэг, амны хаалт, ариутгалын бодисоор хэрхэн бизнес хийсэн тухай баримтыг одоо хэр нь гаргасангүй. Хэрэвзээ энэ тайланг үнэн мөнөөр нь дэлгэсэн нүүрсний хулгайнаас дутахгүй луйвар, шившиг дэлгэгдэх болохоор эрх баригчид эцсийн мөч хүртлээ нууцалсаар байна.
ХУУЛЬ ЁСНЫ ХУЛГАЙ
Цар тахлын гэгддэг хуулиар хулгайгаа бүрэн нууцалж, ямар ч тендергүйгээр төсвийн мөнгийг захиран зарцуулж ирсэн тэд эл хуулийн үйлчлэл дуусаад ирэхээр Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д тусгасан “гамшгийн онц нөхцөл байдал зарласан, гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас нээлттэй буюу хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмын дагуу тендер хүлээн авах доод хугацааг мөрдөх боломжгүй бол” гэх заалтаар луйвраа нууцад оруулдаг болов. Төрийн бүхий л худалдан авалтыг энгийн иргэд үзэх боломжгүй болсон нь энэ заалтад бүгдийг оруулдаг болжээ. Энэ хуулийн заалтаар “ногоон автобусны хулгай”-г хийсэн бөгөөд тэрхүү хулгайг намынхаа ерөнхий нарийн бичгийн даргын өрөөнд тохиролцсон талаар “хулгайн хамсаатнууд” хэлээд буусан. Монголчуудын хэрэглэх төмөр замыг төрийн нууцад оруулахын тулд цэргийг татан оролцуулж, монголчуудаас нуусан шалтгаан нь мөнгө тэрхүү бүтээн байгуулалтаас хулгайлах мөнгөө нуухад оршиж байсан нь одоо илүү тодорхой болов. Аргаа барсан хүүхэд аавын толгойгоор оролдов гэгчээр хулгайгаа илрээд ирмэгц барьсан компанид бүх булхайг чихэх гэж оролдсон ч Цэцээр шийдвэр гаргуулж, шийдвэрийг хүлээн авсан хүмүүс нь өөрсдөө байж бүр булайгаа дэлгээд өнгөрсөн. Ногоон автобусны хэрэг нохойн замаар орсон нь нэгэнт тодорхой болов. Олон нийтийн мунхруулахаар УИХ-ын чуулганаар Ногоон автобусны хэргийг шалгах түр хороо байгуулах тогтоол батлав.
Татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн хулгайлах тухай бодол л эрх баригчдад эргэлдэж байна. Үгүйсэн бол төсвөөс хулгай хийх, худалдан авалтыг шударгаар явуулах хуулийг тэд боловсруулахгүй юм гэхэд хуулийн цоорхойгоо засах байлаа. Түмнээс хулгайлсан болгон төрийн нууцад орж байна. Түүнийг зогсоох ганц л зам бий. Тэр нь төрийн эрх мэдлийг хумих…