Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх жилүүдийн хэтийн төлөвийг тодорхойлж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр ирэх жилүүдэд хууль журам, боловсрол, бизнесийг дэмжсэн бодлогод анхаарлаа хандуулж ажиллана гэв. Макрон энэ төлөвлөгөөгөө “Францыг Франц хэвээр нь үлдээх төлөвлөгөө” гэж нэрлэжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Макрон хэд хэдэн анхаарал татсан мэдэгдэл хийснийг онцолж байна.
Эммануэль Макрон франц хүүхдүүдийн дэлгэцийн цагийг зохицуулахыг хүсчээ. Тэрбээр саяхан шинжлэх ухааны мэргэжилтнүүдтэй уулзахдаа бага насны хүүхдүүдийн дэлгэцийн тохиромжтой цагийг тодорхойлохыг хүссэн юм.
Мөн сургуулийн дүрэмт хувцсыг заавал туршиж үзэхийг уриалав. Энэ хүрээнд 100 орчим сургуульд албан ёсоор дүрэмт хувцас туршиж үзэх аж. Мөн сургуулиудад иргэний сургалтын хөтөлбөр нэмж, ахлах ангийн сурагчдыг театр урлагийн хичээлд хамруулах ёстой гэлээ.
Францын парламент дахь хамгийн том сөрөг хүчин болох Марин Ле Пенийн хэт барууны үзэлтэй Үндэсний жагсаалыг эсэргүүцэхийн тулд Макрон дундаж орлоготой хүмүүсийн татварыг бууруулна гэдгээ баталжээ. Мөн тэтгэврийн өөрчлөлт, цагаачлалын хуулийг өөрчлөнө гэж амлав. Эдгээр нь өнгөрсөн жил маргаан дагуулсан сэдвүүдийн нэг юм.
Улсын хэмжээнд төрөлт буурч байгаатай холбоотойгоор үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ хүрээнд хүүхэд асрах чөлөөний хэлбэрийг өөрчлөх аж.
Дашрамд дурдахад, Эммануэль Макрон ирэх сард Украинд айлчилж, хоёр талын аюулгүй байдлын баталгааны хэлэлцээрийг эцэслэхээр төлөвлөж байна. Мөн ирэх долоо хоногт Украинд илүү боловсронгуй зэвсэг нийлүүлнэ гэв. Үүнд “Scalp” алсын тусгалын 40 пуужин, хэдэн зуун бөмбөг багтаж байна.
Эх сурвалж: THE GUARDIAN
Холбоотой мэдээ