Ц.ЭЛБЭГДОРЖ - АЙЛЧЛАЛ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д - АЙЛЧЛАЛ: Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Франц улсад - Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Азийн зарим орнуудаар
ТОМ АХ

Миний ах Монголын Цахиагийнх гэдэг найман хүүтэй айлын Том хүү нь. Долоон дүүгээ тэвэрч үүрч, харж хамгаалж, өмгөөлж хайрлаж өсгөсөн.

Зэргийн их уулстай зэрэгцээ шахам үзэгддэг. Баатар, Бумбат, Жаргалант Хайрхадынхаа дунд цалгиж явсан эр. Ах минь сүрлэг сайхан хүн байв. Бага байхад том харагдахыг нь яана. Ах нараа ойрд их санав. Газар усны холд ч, төрсөн ах дүүгийн элэг гэж их өөр, нэгнээ бодож эмтрэх нь ижил.

Миний ах Монголын Цахиагийнх гэдэг найман хүүтэй айлын Том хүү нь. Долоон дүүгээ тэвэрч үүрч, харж хамгаалж, өмгөөлж хайрлаж өсгөсөн. Бид бүгд том ахыгаа харж хүн болсон. Ах минь сайхан инээнэ, сайхан дуулна. Яралзсан цагаан шүдтэй, үг цөөтэй, тас хар халимагтай. Ширүүн мэт боловч, зөөлөн, гайхалтай хүнлэг. Юм юмны захтай, гарын дүйтэй, авьяастай. Ардын, уртын, захчин дууг аяз донжийг тааруулж, зурж дуулна. Зэргийн уран сайханчид ус нутагтаа зартай, нэртэй. Тэдний нэг явсан юм. Шатар тоглох дуртай. Хаа газар салдаггүй хэдэн сайхан найзтай. Найзууд нь ам сайтай.

Сургуулийн босгоор алхаж ороход – Ах чинь сайхан бичигтэй гэж багш нар ярина. Ах шигээ бичиг үсэгтэй сайн сурагч болохсон гэж л мэрийнэ. Ах минь сайхан ханьтай, сайн хүүхдүүдтэй, хөөрхөн ач зээтэй, үргэлж л сайн нэртэй. Морины сайныг унана. Хилэн хар морьтой, хялгасан хурц харцтай, өргөн мөртэй үлгэрт гардаг баатар шиг санагддаг байж билээ. Холоос ирж яваа бараа сүр ихтэй, сүрдэм. Тэнгэр доргитол хоолой зассаар уяан дээр бууна. Чимээ өгч байгаа нь тэр. Сургаар нь би жирийгээд алга болно.

Ахаасаа айж өссөн би. Том болоод ч тийм л байлаа.

-Чи их еэлдэгнэж байна аа. Үгэнд орохгүй. Ахад чинь хэлнээ гэж ээж минь айлгана. Ахыгаа ирэхэд би томоотой, ажилсаг, шуурхай гэж жигтэйхэн болно.

Ах руугаа эгцэлж харж чадахгүй шахам л. Энэ тухайгаа алдарт Ан Сан Сүү Чи-д хуучлахад

-Айх ахтай байх аз юм. Айна гэдэг чинь сайн чанар гэж билээ. Хожим нь утсаар ярих, уулзах бүртээ надаас

-Нөгөө айдаг ах чинь сайн уу? гэж асууна.

Ах маань жараад оны цэрэг явсан. Тэр үеийн цэргийн алба хугацаа урттай, дэгтэй амаргүй, дуулиантай. Ахынхаа цэрэг хувцастай зургийг жаазнаас нь харж бахархаж өссөн. Ахлах түрүүчийн мөрдөстэй, яралзтал инээсэн, гоё дүр.

-Ахын чинь бага дарга байх үеийн зураг гэж том бэр эгч хэлдэг байв. Зэргийн хөвөөнөөс цэрэгт мордсон ах минь ардын армид Жа явсан юм билээ. Жагсаалын дарга. Тэр жил Эрдэнэтийн дивизэд "Улаан-Од"-оос томилолтоор явав. Орой ахындаа ирж цайлах зуураа сайдтай яваагаа хэлэхэд "Аа Шагалын Жадамба уу, миний цэрэг" гэж билээ.

Ахынх маань тэр жил Эрдэнэт рүү нүүв. Бэргэн өрлөг чимэглэл хийж, ах маань барилгачин болсон гэх сураг дуулдав. Удалгүй бид араас нь очсон. Ахын танилын машины тэвшин дээр ачаан дунд аавтайгаа, айлын хэсэг хүмүүстэй цуг долоо хоног явж билээ. Аав ээж хоёр минь нас өндөр болоод, би найм төгсөөд хот газар бараадсан нь тэр. Нэг л мэдэхэд томыг тойроод бүгд цугласан. Ах минь тэгэхэд Эрдэнэтийг босгож байсан барилгын ахлах даамал болчихсон байв.

Ахынх том хашаатай, том гэртэй айл байв. Манайх хашаанд нь. -Дүрсгүй золиг гэж бэргэн зандраад л. Аргагүй ээ. Тэр цагийн чухал эдийн нэг, гурван талтай толийг нь би хагалчихсан юм. Гэрт нь хүүхдүүдтэй ноцолдож байгаад. Ээж сандраад л -Ахынхаа үнэтэй цайтай эдийг гээд л. Би ч яаж зоддог юм бол гэж сүнс зайлж суув. Ах минь яасан ч үгүй. Толийнхоо цуурхайг хаагаад хожим цэцэг зурчихсан байв. Нугастай толь цэцэгтэй толь болсон. Одоо бодоход ах минь надад нэг ч удаа гар хүрээгүй.

Ардчилсан хувьсгал асч эхлэв. Анхны цуглааныг зохион байгуулж, удирдах ачааг үүрлээ. Нэгэн мянга есөн зуун наян есөн оны арванхоёрдугаар сарын арван. Их хүйтэн өглөө байж билээ. Тэр цуглаан шаардлагын тухай орчлонгоор нэг шуугиж байсан цаг. Хоёр ах минь намайг бослого хөдөлгөөн, жагсаал цуглаан, эсэргүүцэл тэмцэл, хэл амнаас холдуулах гээд чадахгүй уурлахдаа -Чамайг том ахад хэлнээ гээд гарч явав. Эрдэнэт хотод Ардчилсан Холбооноос томилолтоор очлоо. Хотын вокзалаас шууд 35 дугаар баазын клубт 500 гаруй хүний өмнө гарав. Ардчилсан Холбоог зарлаад арав ч хоноогүй байсан. Таван цаг үргэлжилсэн уулзалтын дундуур арын суудалд би Томыг олж харав. Олны дунд дэндүү содон. Ах минь МАХН-ын гишүүн байсан юм. Цуглаан өндөрлөөд ах руугаа гүйж очиход, дулаанаар татаж үнсээд -Ярихыг чинь сонсож санаа амарлаа. Тууштай яв, ах нь дэмжинээ гэж билээ. Эрх чөлөөний гал минь улам бадарлаа.

Ардчиллаар алдартай Эрдэнэтийн ахмад партизаны нэг явсан юм, ах минь. Миний бүх ах нар том, бага хоёрыгоо дагаад бүгд Ардчиллынх болсон түүх ийм. Бид ахыгаа дагаж хүн болсон. Ах минь хөгшин аавыгаа дагаж өссөнөө хааяа нэг дурсдагсан. Аавын минь аав.

-Тэр Монгол гэж хөгшин чинь эрдэмтэй, элдэвтэй эрийн хуйх явсан юм билээ. Залуудаа морин өртөө хийдэг. Угсаа удамтай. Мод чулуугаар юм урладаг. Мэргэлж түргэлдэг. Монгол, Төвд номтой. Ямартаа "Их Монгол" гэгдэхэв. Би хөгшин аавынхаа хайртай хүүхэд гэж ирээд л ярьдагсан. Ах дүү наймуулаа биднээс хөгшин аавыгаа ганц сайн мэдэх нь ууган ах минь юм. Аавын минь аав Монгол гэж Монгол улстай минь ижил нэртэй. Би билэгшээж хөгшин аавынхаа нэрийг аавынхаа нэртэй хамт бичиж, дуудуулж явдаг юм. Ахын минь алдар Монголын Цахиагийн ОЧИР-ЛХАГВА.

Бид бүгд их ахыгаа ТОМ гэж авгайлна. Дандаа л том явсан. Том төрсөн. Том өссөн. Том өвгөрсөн.

-Томынд байна, том дуудлаа, том ингэлээ, том тэглээ гэж бид ярилцана. Намайг армид алба хаах гэж явсан жил аав маань бурхан болсон юм. Армиас сургуульд, сургуулиас сонинд, сониноос ардчилалд гэх замд маань ах минь аав адил ханхайж суудагсан. Аавын орыг залгасан ах минь Тэнгэрт дэвшжээ. Сая сонслоо. Атлант, Номхон далай хоёрын дунд энэ мэдээг дууллаа. Орчлон уудам ч гашуудах цагт хичнээн давчуухан юм бэ!

Эгэлгүй их орчлонгийн олон гаригаас энэ дэлхийг олох бол ховор аз. Энэ дэлхийн олон улсаас Эх орноо олж төрөх бол ганц заяах тавилан. Энэ дэлхийн олон хүнээс ээж аавдаа үр болж төрөх нь үнэхээр хосгүй. Энэ их хосгүйн дундаас ачлал дүүрэн ах нартай байх сайхан. Тэр дундаа долоон дүүгийн зулай гишгэсэн ТОМ АХ-тай байх. Элбэг тохиохгүй их хувь заяа юм шүү.

Ах минь нутаг амьтай хүн байлаа. Уулзах бүрт нутгаа асууна. Бие нь тааруу, ная шахсан насандаа, суга таягаа ганзгалж морьтой зүтгэсээр байгаад Айлайн давааныхаа өвөлжөөнд гарсан. Морьтой байтугай явган хүн хүрэхэд зүрхшээм их хайрхан. Тэр өвөлжөөний тослог дулаан бууцанд бид умбаж хүн болцгоосон юм. Өндөр уулын ногоо тачир, хүн нь хүчтэй чанга байхаас аргагүй. Баатрууд төрөх, баатрууд л амьдрах газар.

Ах минь амин хайртай нутагтаа эргэж төрөөрэй. Ах дүү олондоо буцаж ирээрэй. Хүний биеийг дэлхийд олоорой. Хийн биеэ сансарт олоорой. Сайн оронд саадгүй заларч, дээд тивийг эзэгнэн суугаарай!

Харамсалтай! Том ахыгаа хэзээ ч дахиж харахгүй нь. Таныг бодох л надад үлдлээ.

2024 оны 1 дүгээр сарын 15.

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж