Улаанбаатар хотын төв талбайд гэгээ тасрахтай зэрэгцэн хотын гэрэлтүүлэг аслаа. Гадаа хүйтний эрч чангарч 10 гаруй хэм зааж байгаа хэдий ч мөсөн гулгуур дээр гулсах хүүхэд багачууд даарахыг үл ажирна.
“ЭЭЖИД АЛУУЛСААН…”
Ойролцоогоор 2 метр гаруй урттай мөсөн гулгуураас хацар нь улаа бутарч, амнаас нь уур савссан өсвөр насны хөвгүүд бие биеэсээ өрсөн гулсана. Тэд нэгнийхээ мөрөн дээр алгадаж, гулсуураас бууж ирсэн нэгнээ араас нь хөөж хөгжилдөнө. Харин тэдэнтэй хамт яваа гэдэг нь андашгүй боловч бусдыгаа гулсуурын төгсгөл хэсгээс жаахан зайдуу ажиглан зогч байсан хүү “Дахиад жаахан гулгачихаад хурдхан шиг явахгүй бол ээж уурлана шүү. Тэглээ ч би даараад байна” гэж гутлаа хооронд нь хавсарна. Хүүг ажиглавал малгай өмсөөгүй учраас чих болоод толгой нь нэлээд даарсан харагдана. Бусад нь даарахыг мэдэхгүй гулгаж байгаа хэдий ч хүү тэднийг хүлээж ядсан нь илт.
“Одоо гуравхан удаа гулгачихаад явлаа” гэх хэн нэгний үг түүний хүлээлэлт удахгүй дуусах болсныг илтгэв.
Хөвгүүд 6-8 дугаар ангийн сурагчид. Тэдний гэр Баянхошуунд байдаг аж. Сурагчдын амралтын хугацаа үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд Сүхбаатарын талбай орж гулгархаар цаг болзсон нь энэ. Тэд ойролцоогоор хоёр цаг орчим мөсөн гулсуур дээр тоглосон байна. Гадаа харуй бүрий нөмөрч тэдэнд харих цаг болсныг нэгэнт сануулжээ. Ээж, аавынх нь ажлын цаг энэ мөчид тарж байгаа учраас тэднээс өрсөж харих нь тэдний бас нэг хүсэл. Тиймээс гэртээ харих автобус нь хурдан ирж, зам нь түгжрэлгүй байгаасай гэж найдах л үлдэж.
Хоёр цаг хөгжилдсөний төлөөсөнд тэдний өмдний өвдөг хэсэг, гадуур хувцасны ар тал, бөгсөн тал нь “тас хар” болжээ. Саяханыг болтол хувцасныхаа тортог, толбыг анзаарах ч сөхөөгүй байсан тод шар өнгийн куртиктэй хөвгүүн ханцуйгаа эргүүлж харсанаа “Ээжид алуулсаан” гэж халаглав. Хажуугаас нь “Үхсэн одоо нэгэнт өнгөрсөн” гэж зоригжуулах хөвгүүн азаар хар өнгийн гадуур хувцас өмсчээ.
“Талбай дээр ирж гулсах нь сайхан байдаг. Гэсэн хэдий ч мөсөн гулгуур тортог хөө ихтэй учраас хувцас нь хир, дайр болж байгаа нь хүүхдүүдэд гунигтай байгаа талаар хэлж байна. Тэр бүр хотоос гарч уулын энгэр, агаарын сайхныг мэдрэх боломжгүй учраас аав, ээжтэйгээ биш ч найзуудтайгаа цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг хөвгүүдэд талбайн мөсөн гулгуур орчимд цэвэр цэмцгэр бөгөөд дулаахан тухтай байх орчин бүрдүүлчихвэл хичнээн сайхан байх талаар яриа өрнүүлчихээд чихээ даран гүйлдэв. Тэдний хөгжилтэй инээд алсран, алсарсаар….
ГУЛСУУРЫН ОЙР ОРЧИМ НЬ ХОГ ШОРОО, ТООС ТОРТОГТОО ДАРАГДЧИХСАН БАЙНА
Өсвөр насны ах, эгч нартаа мөчөөгүй өгөхгүй мөсөн гулгуурын оройг булаацалдагч, өрсөлдөгчид бол аав, ээж, ах эгч нартайгаа хамт яваа багачууд. Тэд томчуудаас тэс өөр ертөнц. Тэдэнд халтартсан хувцас, халцарсан гутал, хүйтний эрч, хотын түгжрэл, утаа тортог түй ч хамаагүй. Харин ард нь гулсаж байсан хүүхэд өмнө нь орох л хамгийн том асуудал бололтой. Гулсуураас буумагцаа хурдан шиг босч араас нь гулсах хэн нэгнийг урдаа орчих вий хэмээн сандарч эргэн эргэн харсаар гулсуурын оройд гараад сая санаа нь амарч дахин дахин гулсана. Тэр ч бүү хэл тас гэдэргээ бүтэн биеэрээ тэрийж уначихаад тэнгэр ширтэн чөлөөт уналт хийх нэгэн байхад, “Тосоод авах ээж минь байхад би юунаас ч айхгүй” гэсэн шиг энгэрээрээ мөсөн гулсуурт наалдаж, толгойгоо дээш өргөн зоригтой гулсах ч нэгэн байна.
“Гадаа хүйтэн байгаа хэдий ч хүүхдийнхээ тоглох эрхэнд хөтлөгдөөд ирлээ” хэмээн охиноо мөсөн гулсуураас тосох ээж учирлана.
“Хүүхдүүдээ ганц цаг боловч толгуулахаар ирлээ. Гэхдээ улсынхаа төв талбай дээр багуулсан мөсөн талбайн бүтээн байгуулалтад сэтгэл дундуур байна. Манайхан ч мөнгө төсвөө харамлаад байдаг юм уу арай ч дээ л гэмээр бүтээн байгуулалт хийсэн байна. Гадна дотно, хол ойроос ирсэн хүмүүсийн нүдний үзэлд олигтойхон юм хийчихгүй хоёрхон гулсуур хийсэн байна. Гулсуур дээр нь тортог тогтчихсон хүүхдүүд хэдхэн гулгаад л хувцас нь “тас хар” болчихож байна. Гулсуурын ойр орчим нь хог шороо, тоос тортогтоо дарагдчихсан байна. Ядаж тоос шороо нь хусаад, хог шороог нь цэвэрлэчихэж болмоор. Утаа ихтэй учраас тортог тогтох нь аргагүй. Гэхдээ байгаагаа арчилж, тордмоор байна. Sky resort хол учраас тэр бүр очиж чаддаггүй. Хотын төвд ганц боловч аятайхан бүтээн байгуулалт, хүүхдүүд тоглох орчин бүрдүүлчихвэл зүгээр байна гэж иргэн н.Баасансүрэн хэлж байна. Н.Баасансүрэнгийн хувьд Сүхбаатарын талбай дээр хүүхдүүдээ тоглуулахаар ирсэн олон олон ээжүүдийн төлөөлөл. Тэд нүдэн дээр нь бохирдох хүүхдүүдийнхээ хувцасанд санаа зовохоос илүүтэй хүүхдүүдийнхээ хөөрцөглөн тоглох, хөгжилдөн инээлдэх инээднээс жаргал мэдэрдэг олон олон ээжүүдийн төлөөлөл байсан юм.
МӨСӨН ТАЛБАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД СЭТГЭЛ ДУНДУУР БАЙНА
“Биднийг жаахан байхад буюу 2000-аад оны эхэн үед шинэ жилээр Сүхбаатарын талбайд мөсөн хотхон байгуулчихдаг байсан гэдгийг мэдэх хүмүүс нь мэдэх байх. Тухайн үед мөсөн гулгуурын хэмжээ одоогийнхоос хамаагүй том бөгөөд гоё байсан санагдаж байна. Жилээс жилд улам сайжирах ёстой байтал одоогийн мөсөн талбайн бүтээн байгуулалтыг хараад сэтгэл гонсгор байна хэмээн хоёр охиноо мөсөн гулсуур дээр тоглуулах н.Цолмонбаяр толгой сэрсэрнэ. Түүнийг ярилцлага өгөхийг харсан охид “Ааваа ааваа” гэсээр гүйлдэн ирж хэсэг харж зогссоноо мөсөн гулгуурын зүг эргэн гүйлдэв. Гулгах үед малгайг нь нүд рүү нь унаад байгаа учраас бээлийтэй гараараа малгайгаа хойшлуулсаар малгайн урд хэсэг, бээлийний дотор тал ижилхэн “тас хар” болжээ. Хүүхдүүдээ дахин гулгахыг хүлээн зогсохдоо, “Хүүхдүүд энд тоглох маш дуртай байна. Хамгийн гол нь мөсөн гулгуур тортог ихтэй байна. Тиймээс хувцас нь “падан хар” болчихсон байгааг харж байгаа байх. Гулгуурын ойр орчим, гадаргууг нь нь цэвэрлэх боломжтой бол цэвэрлэмээр байна. Нийслэл Улаанбаатар хотын төв талбайн цэвэр цэмцгэр байдалд анхаардаг арчилж тордог хүмүүс байгаа байх. Тэр хүмүүс энэ асуудалд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. Ялангуяа өвлийн аялал жуулчлалаа хөгжүүлье гээд гадны жуулчдыг эх орондоо урьж, дуудаж байгаа энэ үед төв талбайнхаа цэвэр цэмцгэр байдалд анхаарах нь зүйтэй. Улсын хөгжил заавал том том эдийн засаг, бүтээн байгуулалтаас эхлэх албагүй. Харин жижиг мэт боловч улсынхаа нийслэлийн төв тайлбайг утаа тортоггүй, цэвэр цэмцгэр байхаас ч эхэлж болно шүү дээ. Энэ бүтээн байгуулалтыг цааш нь өргөжүүлж болмоор л санагдаж байна. Нүүрсний тортог нийслэл хотыг бүрхчихсэн байгааг эндээс харж болохоор байна. Бид ямар хэмжээний тоос шороо, тортогоор амьсгалж, уушгиа хордуулж байгааг мөсөн талбайн эргэн тойронд байгаа цасны өнгөнөөс харж болохоор байна гэв. Хүйтний эрч улам чангарч байна. н.Цолмонбаяр “Охидуудаа одоо гурван удаа гулгаад л явцгаана шүү” гэж сануулав. Гулсуур тойрон гүйх охид “За” гэж дуу нэгтэй хариулаад гулсуур өөд мацав.
ТОМ ХҮН ГУЛГАХЫГ ХОРИГЛООГҮЙ БИЗ ДЭЭ…
“Хоёулаа яг зэрэг гулгана шүү. Нэг, хоёрын гурав аа” гэснээ тас тас хөхрөх том хүний дуу чихэнд содон дуулдав. Айгаад байсан чинь харин ч гайгүй юм байна. Ахиад нэг гулгачих юм уу гэх 40 гаруй насны эмэгтэйн царайнаас аз жаргал гэрэлтэнэ. “За болих уу даа. Хүмүүсээс санаа зовчихлоо. Та охинтойгоо хамт гулга” гээд цааш эргэх залуу.
Тэгвэл хоёулаа л гулгачихъя хэмээн охиныхоо гараас хөтлөн цааш эргээд мөсөн гулгуурын оройгоос дахин нэг гулсахдаа ойр орчмыг инээдээрээ хөглөнө.
“Хүүхэд насаа дурсаад мөсөн гулгуур дээр тоглох сайхан байна. Мөсөн гулгуур барьсан сайхан болов ч бүтээн байгуулалтыг нь бага зэрэг өргөжүүлчихсэн бол… гэж бодогдлоо. Хүүхэд байхад чинь мөсөн гулгуур дээр их гулгадаг байлаа шүү дээ” гэж ярих бүсгүйг н.Байгалмаа гэнэ. “Намайг хүмүүс хараад шоолох вий дээ” гэснээ “За яадаг юм. Яадаг юм” гэж өөрийгөө зоригжуулан инээмсэглэнэ.
“Гулгаж байгаа хүүхдүүдийн хувцас хөө шиг хар л юм болчихсон байна. Тийм болохоор гадуур хувцасаа жаахан гамнасхийгэээд дээшлүүлж байгаад өмднийхөө бөгсөөр гулгахыг бодлоо. Том биеэрээ бид хувцасаа халтар болохыг мэдсээр байж гулсуураар гулгамаар санагдаж байгаа юм чинь хүүхдүүд хувцасаа хар болохыг ч тоохгүй юм байна. Гэхдээ том хүн гулгахыг хориглоогүй биз дээ гээд тас тас хөхөрч, сайхан байна аа гээд саваагүйтэв. Хүүхэд насанд хүргэдэг галт тэрэг байдаггүй ч хүүхэд насанд хүргэдэг дурсамж байдаг нь сайхан. Мөсөн гулгуур дээр хүүхдүүдээ тоглуулахаар ирсэн аав, ээжүүдийн зарим нь яг л н.Байгальмаа шиг хүүхдүүдтэйгээ ижил хөөрцөглөж, мөсөн гулсуураар гулгаж харагдана. Тэдний хувцас толботой бас тортогтой ч сэтгэл нь аз жаргалаар дүүрэн байнаАмьдралд асуудал олон тулгарсан ч аз жаргалыг тоосонд даруулж, тортогонд хөлбөрсөн мөсөн гулгуурын талбайгаас ч бас мэдэрч болно…Гадаа хүйтэн ч сэтгэл дулаахан өдрүүд амьдралд олон бий.
Иргэн 2024-01-17 66.181.187.230
МАН гэх мартаж Монголд бай