УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр явуулж, байнгын хорооны гишүүд дэмжсэн юм. Тиймээс цагаан сарын өмнө "Эрдэнэс Тавантолгой” компани иргэдэд 450-500 мянган төгрөгийн ногдол ашгийг цагаан сарын өмнө олгох талаар зарим гишүүд мэдээлэх болсон.
Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" компанийн БЭТ Ж.Ганбат хэлэхдээ, "Хоёрдугаар сарын 10-нд тайлан гарна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Удахгүй жилийн эцсийн тайлан болон аудитын дүгнэлт гарахаар цэвэр ашиг, ногдол ашиг тодорхой болно. Дараа нь ТУЗ-дөө танилцуулж, иргэдэд ногдол ашиг тараах эсэхээ шийднэ. Төрийн ч бай хувийн ч бай хувьцаат компаниуд ашигтай ажилласан бол ногдол ашиг тараадаг. Ямар нэгэн улс төрийн зорилгоор тараах гэж байгаа юм биш. Цаашдаа ногдол ашиг өгдөг байдал руу шилжье гэж зорьж байгаа юм.
УИХ-ын гишүүдийн хувьд ямар тоон дээр үндэслэж иргэдэд 500 орчим мянган төгрөг тараана гэснийг мэдэхгүй. "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2022 оны тооцооллоор 120 орчим мянган төгрөг хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилах боломж бий. Эцийн тооцлол удахгүй тодорхой болно. "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компани дээр онцгой дэглэм тогтоох үед 4.6 их наяд төгрөгийн өртэй байсан. Энэ өрийн хэмжээг одоо аль болох бууруулаад явж байна.
Одоогоор 2 их наяд гаруй төгрөгийн өр бий. Дээрээс нь нэн яаралтай төслүүд болох "Тавантолгой-Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын хилийн холболтыг шийдэрлэхэд дөрөв гаруй их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна.
Санхүүгийн тайлангаа харвал 2022 онд 1.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. Тиймээс ТУЗ-ийн хурлаараа нийт ашгийнхаа хэдээр нь өр төлбөрөө барагдуулж, хэдээр нь төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлж, хэдийг нь ногдол ашиг байдлаар хувьцаа эзэмшигчиддээ олгох асуудлыг ярилцана. Тиймээс 2023 оны тайлан тооцоо гараагүй байгаа учраас 2022 оны ашгаас ногдол ашиг олгох асуудлыг ойрын үед шийдвэрлэхээр ажиллаж байна. Харин 2023 оны цэвэр ашиг болоод ногдол ашиг тараах асуудал хавраас яригдана" гэв.
Холбоотой мэдээ