Унтлагын хувцас энгийн охид бүсгүйчүүдээр тогтохгүй А зэрэглэлийн оддын үдшийн гоёл болохыг үзэх цаг ирдэг байжээ. Мэргот Робби, Анжелина Жоли, Викториа Бекхэм, Кети Перри, Белла Хадид, Хейли Бибер, Кейт Мосс, Крисс Женнер нар үдшийн гоёлоороо загварлаг унтлагын хувцас сонгов. Сүүлийн үед нэр алдар нь түгээд буй ихэнх эмэгтэйн нэр энд дурдагдлаа.
Их Британид ажиллаж, амьдардаг загвар зохион бүтээгч Оливиа фон Халле анх унтлагын хувцсыг гоёлын хувцас болгожээ. Унтлагын хувцас буюу орчин үеийн залуусын нэрлэж заншсан пажама загвар анх тодорхой хүрээлэл дунд л эргэлдэж байгаад цар тахлын эрин үед чиг хандлага нь бүрэн тогтсон гэхэд болно. Тэр анх Шанхайд чиг хандлага урьдчилан таамаглагчаар ажилладаг байжээ. Энэ үед унтлагын хослол өмссөн өндөр настнууд нохойгоо дагуулан гудмаар зугаалахыг хараад түүнд шинэ санаа төрсөн байна. Анхандаа тэр өөртөө тусгайлан торон унтлагын хувцас захиалж хийлгэжээ. Дараа нь найзууддаа энэ санаагаа хуваалцсан.
Ингээд 2011 онд Оливиа фон Халле тансаг зэрэглэлийн торгон пажаманыхаа цувралыг гаргажээ. Мэдээж энэ нь бусад унтлагын хувцасны брэндүүдтэй харьцуулашгүй их амжилт олоод байна.
“Манай брэндийн пажамаг өмсөөд орон дээрээ суугаад аяга цай ууна гэж байхгүй. Оронд нь шөнийн цагаар тамхи татаж, жин, тоник уух ёстой брэнд” гэж Оливиа фон Халле хэлэв.
Цар тахлын үеэр хувцас загварын олон брэнд хийцгүйрч, борлуулалт нь зогссон гэхэд болно. Энэ үед Оливиа фон Халлегийн баг Анжелина Жоли гэх мэт алдартнуудтай хамтран ажиллаж, виртуал үзүүлбэр зэргийг зохион байгуулжээ. Улмаар 2022 онд Гвинет Пэлтроу арьс, үс арчилгааны шинэ брэндийн нээлтээ хийхдээ пажаматай үдэшлэг зохиосон байна.
Үндсэндээ унтлагын хувцас болон энгийн бэлэн хувцас хоорондын ялгаа бүдгэрсээр байгаа аж. Сүүлийн үед Белла Хадид зэрэг нөлөөлөгчид торгон материалтай пажамаг улам дэлгэрүүлэв.
Үдэшлэгийн тансаг даашинз өмсөх мэдээж сэтгэл догдлом сайхан. Гэхдээ жилд ганц л удаа өмсөнө. Харин тансаг зэрэглэлийн унтлагын хувцастай бол үнэт эдлэл, өсгийтэй гутал, нүүр будалтаар өөрийгөө гоёод сонирхолтой дүр төрх бүрдүүлнэ. Хэрэв хүсвэл үдэшлэгийн дараа дахин дахин, өдөр бүр өмсөх боломжтой.
Хуримын дараах үдэшлэгт бүсгүйчүүд пажамагаар жигдэрдэг болсон. Энэ мэтчилэн эмэгтэйчүүд чухал үйл явдалд зориулан унтлагын хувцас худалдаж авах боллоо.
Оливиа фон Халлед янз бүрийн талархлын захидал ирдэг аж. Тухайлбал, “Би шаргуу хөдөлмөрлөсний дүнд анхны моргейжийн зээлээ авч, шинэ байранд орлоо. Шинэ байрандаа өмсөх хос пажама худалдаж авсан. Энэ нь үнэхээр тухтай байдаг” гэсэн захидал түүнд ирж байв.
Эх сурвалж: SCMP
0 сэтгэгдэл