Чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган үргэлжлүүлж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг цаг сунган үргэлжлүүлж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Энэхүү төслийг хэлэлцэхийн өмнө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.
1,2 сая иргэнд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх асуудлыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төслийн хүрээнд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн болон тухайн хугацаанаас хойш Монгол Улсын харьяатад орсон иргэн бүрд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлэх асуудлыг тусгасан юм.
Учир нь, өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн гаргасан нийт хувьцааны 81.5 хувийг “Эрдэнэс Монгол” компани, 18.5 хувийг нь 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн 2.5 сая иргэн, 0.06 хувийг үндэсний 486 аж ахуйн нэгж тус тус эзэмшдэг байна.
Улмаар энэхүү тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Т.Доржханд: Улаанбаатар хотын бонд гэдэг бол өр шүү !
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэх үеэр дараах асуултыг тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
Улаанбаатар хотын бонд гэдэг бол өр шүү. 2012 онд гаргасан 1,5 тэрбум ам.долларын өр төлөгдөөгүй байгаа. Өр төлөгдөхгүй бол дефольт зарладаг. Маш сайн ярилцсан юм уу, Сангийн яам дэмжиж байгаа юм уу. Хүүгээ тооцсон юм уу. Одоо бол маш тохиромжгүй гадаад орчин хүлээж байгаа. Энэ бүс нутагт хөрөнгө оруулалт байхгүй, хойд хөрш дайн өдөөсөн. Бондын хөрөнгө оруулагч нар энэ бүс нутагт хөрөнгө оруулахгүй байгаа шүү. Ийм үед та нар хэдэн хувийн хүүтэй бонд гаргана гэж төлөвлөж байна вэ.
Хөгжиж байгаа орнуудад дэд бүтцийн санхүүжилт хэрэгтэй байдаг. Гэхдээ хүнд нөхцөлтэй үед хамгийн өндөр хүүтэй зээл авах нөхцөл үүсч байна. Энийг Сангийн яам нээж өгч байгаа гэхээр гайхаад байна?
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Өнгөрсөн оны арваннэг, арванхоёрдугаар сард ажлын хэсэг гаргаад гадаад, дотоодын зөвлөхтэй ажилласан. Дотоодын бонд гаргахаар үр өгөөж муу, хүнд байгаа. Та мэдэж байгаа байх.Дотоодод бонд гаргахад 17.5 хувийн хүүтэй босохоор байсан. Тийм учраас үр өгөөж муутай гэж үзээд дотоод бонд гаргах шийдвэрээ нийслэл дээр цуцалсан. Сангийн яаман дээр сая тайлбарлалаа. Сэнчири бонд дээр ажилласан шигээ явъя гээд, санхүүгийн сахилга батаа сайжруулах шаардлага байгаа. Тийм учраас үнэлгээнүүдээ хийгээд орон сууцны Сэлбэ дэд төв дээр санхүүжилт хийсэн нөхцөлд 36 сарын хугацаанд төслөө дуусгаад газраа худалдан борлуулах замаар эргэн төлөлтийг хийнэ. Эцсийн арга зам бол дэд бүтэц нь шийдэгдсэн 6 дэд төвийг амилуулах замаар агаарын бохирдлыг шийднэ. Хотын зовлонг ойлгох байх аа гэж бодож байна. Санхүүгийн эх үүсвэргүйгээр агаар орчны бохирдлыг шийдэх ямар ч боломжгүй.
Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:
-2024 оны төсвийн тухай хуульд өрийн дээд хязгаарыг 3,5 их наяд төгрөг байна гэж баталсан. Энэ хүрээндээ Засгийн газар дээр авч үзсэн. Засгийн газар дээр өрийн баталгаа гаргуулах шаардлага гэж байдаг. Шаардлагыг хангуулж ажиллана. Бонд амжилттай гарах ёстой. Хүү бол дунджаар 7-8 хувьтай гарах болов уу гэдэг төсөөллийг хийж байна. Эрсдэлүүдийг гаргахгүй байх, эргэн төлөлтийг хийдэг байх, санхүүгийн сахилга батыг хангуулахаар ажиллаж байна.
Улмаар Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжих нь зүйтэй гэсэн саналын томъёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжсэнээр анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Х.Нямбаатар: Гадаад зах зээлээс 1,4 их наядын бонд босгох хэрэгцээ бий
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна.
Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд зориулж нийслэл гадаад зах зээлд үнэт цаас гаргах зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулж, УИХ-ын гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Гадаад зах зээлээс бонд босгох нь. Төрийн өрийг нэмэхээр ДНБ -ийн хэдэн хувь болж өсөх вэ. Хэчнээн долларын бонд гаргах вэ. Авсан зээлийн ашиглалт, хүүгийн тооцоолыг тооцоолсон уу. Бондын үр ашгийг яаж тооцсон бэ. Иргэд газраа чөлөөлж өгөх үү?
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар:
-Орлого нэмэгдүүлэх чиглэлээр нийслэл дараах ажил хийж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн тооллогыг шинэчилж явуулахаар Нийслэлийн Засаг даргын захирамж батлагдаад гарч байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулсан. 2000-аад оны өмч хувьчлалын үеийн өртгөөр үнэ бичигддэг, тэндээс татвар авч ирсэн байдаг. Үл хөдлөх эд хөрөнгийн татварыг бүсчлэл дээр эргэн харах шаардлагатай. Зайсан, Богд уулын ам болгонд хаус хороолол боссон. Газрын зориулалт нь аялал жуулчлалыг хөгжүүлэх нэртэй отог байгуулна гэж авдаг. Тэгэхээр эдгээр газруудад баригдсан хаус хорооллыг Үл хөдлөх эд хөрөнгийн тоолого бүртгэлд хамруулж, татвар авахаар төлөвлөж байна.
Барууны орнуудад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг нотариатын хийсэн тухайн жилийн хэлцлийн үнэлгээгээр район болгоноор тогтоодог юм билээ. Манайд ийм жишиг тогтоогүй. Жил бүр 1000 гаруй үл хөдлөх хөрөнгө ашиглалтад ордог. ДНБ -ийн 65 орчим хувийн үйлдэврлэж байгаа Улаанбаатар хот үл хөдлөх хөрөнгийн татвараа бүрэн хураавал татварын орлого нэмэгдэх боломжтой. Ойрын 4 жилд татварын тооцоолол хийж байна. Яагаад гэвэл метроны том төсөл хэрэгжүүлэхээр олон улсын тендер зарлах учраас.
Мөн татвар хураагаад авах гэхээс илүү татврын бааз суурийг нэмэгдүүлэхэд хувийн сектортой хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд өнөөдөр өглөө аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд яаж хамтрах вэ гэдэг дээр рестораны төлөөлөлтэй уулзлаа.
УИХ-аас Монгол Улсын 2024 оны төсвийг батлахдаа энэ жилийн өрийн дээд хязгаарыг 3,5 их наяд төгрөгөөр баталсан.
Сэлбэ дэд төв дээр 160 га газарт инженерийн шугам сүлжээ, цэвэр дулаан, бохирын асуудал шийдэгдсэн. Хороолол дундах зам нь ч баригдсан. Бид нар айлуудтай хээллцээр хийнэ. Цагаан сарын дараагаас иргэдтэй хэлэлцээр хийгээд гуравдугаар сард дуусна. Энд баригдах орон сууцны хорооллын төлөвлөлтийн ажлын зургийн тендер зарлагдсан, сонгон шалгаруулалт хийгдэнэ.
Гадаад зах зээл дээр ногоон бонд гаргахаар төлөвлөж байна. Товчхондоо бол гадны болон дотоодын зөвлөхүүд Засгийн газрын саяхан гаргасан Сэнчири бондын араас явах нь зөв. Тэр дундаа ногоон бондын эрэлт их байгаа гэж зөвлөж байгаа. Олон улсын зөвлөхөө албан ёсоор авсны дараа бондоо аль маркт дээр гаргах вэ гэдгээ ярина.
Энэ жил 700 орчим тэрбумын эрэлт үүснэ, барилгын сезонд ашиглагдах. Дараа жил тэр дайны эрэлт үүснэ.
12 мянган айлын орон сууцаа барьчихвал 701 га газрыг чөлөөлнө. Их тойруугийн дайны газар чөлөөлнө. Үүнийг эргүүлж, газрын дуудлага худалдаагаар барилгын компанид борлуулж, бондын эргэн төлөлтөө хийнэ. Эхний 160 га газар дээр төлөвлөлт хийнэ,
Нам орон сууцны хорооллын төлөвлөлт хийгдэж байна. 12 мянган айлын орно сууц барина. Бага тойруу дотор байгаа их сургууль, соёл урлагийн байгууллагуудыг дэд төв рүүгээ дагуулж гаргана. 12 мянган айлын орон сууцаа барьж чадвал дахиад 50 мянган айлын орон сууц барих 700 га газрыг чөлөөлөх төлөвлөлттэй явж байна.
Барилгын компанид гэр хороллыг орон сууцжуул гэж өгөхөөр 2 айлын газар чөлөөлөөд тэндээ орон сууц барихаар төлөвлөлтгүй болчихоод байгаа.
Тийм учраас бид 15 минут дотор сургууль, цэцэрлэг, үзвэр, ажлын байр гээд бүх хэрэгцээгээ хангахаар Сэлбэ дэд төв дээр жишиглэж хийхээр төлөвлөлт хийж байна.
Улаанбаатар хотод тулгамдсан асуудал маш их байна. Газар доогуурх шугам сүлжээ 40 жил солигдоогүй, дулааны 10 орчим жижиг станц барих шаардлага бий. Хүннү хороолол, Ривер гардены зүүн талд дулааныг дэмжих газан станц барих, Яармаг, Зайсанд дулааны станц барих шаардлага байна.
Эхний удаад бид Сэлбэ дэд төвөөр дамжуулж, 12 мянган айлын орон сууцны хороолол барихаар фокусалж байна.
Сангийн яамны хэлтсийн дарга н.Тулга:
-Улсын секторын өрийн хувьд 34.6 их наядын өртэй байгаа. Энэ нь ДНБ -ийн 55.5 хувьтай тэнцэж байна. Засгийн газрын 27 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр тооцоход 43,3 хувьтай тэнцүү байгаа.
Нийслэлийн үнэт цаасан дээр Засгийн газар баталгаа гаргаж байгаагийн нэг шалтгаан нь сүүлийн гурван жилийн хугацаанд Засгийн газар өрийн дахин санхүүжилтийг олон улсад амжилттай хийсэн. Сэнчири бондыг 7,85 хувийн хүүтэй гаргасан, хүүгийн бодит зардал 2,3 хувьтай гарсан. Амжилттай төсөл болсон. Энэний дараа нийслэлийн бонд гарах юм бол Засгийн газрын баталгаатай учраас зардал нь буурна.
Марк нтр нь хэд байна, түүнээс шалтгаалж бондын хүү нь тогтоно.
“Цахим дэлгүүрээс худалдан авалт хийх нь төсвийг хэмнэх бус үрж байна”
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Энэ хуулиар төрийн албаныхны утасны зардлыг төрөөс даана гэдэг нь үнэн үү?
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Баасандорж:
-Төрийн албаныхныг хавтгайд нь утас хэрэглэх эрхийг нээж өгөөгүй. Шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах үүрэгтэй Онцгой байдал, цагдаа, эрүүл мэнд зэрэг төрийн тусгай албан хаагчдын утасны хэрэглээг нээж өгөхөөр зааж өгсөн.
Орон нутагт Засаг даргын дэргэдэх агентлагийнхны унаа хэрэглэх хүртээмжийг нэмэгдүүлж өгч байгаа.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-Сайд, дарга нар, төсвийн ерөнхийлөн захирагч нарын утсаар ярих эрхийг нээж өгч байна. Цагдаа, онцгой, эрүүл мэнд, түргэний машин гэдгээр халхавч хийж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Орон нутгийнхан утсаар л дамжуулж хоттой ажлаа ярина. Унаатай байж баг руугаа явна. Оруулж ирсэн төслийг дэмжиж байна.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:
-Цахим дэлгүүрээс төр худалдан авалт хийх ёстой гэдэг. Гэтэл цахим дэлгүүр дэх ухаалаг самбар нь 13 сая төгрөг байхад гадуур 8 сая төгрөгөөр зарагдаж байгаа. Энэ нь төсвийн хөрөнгийг хэмнэх бус бүр үрэлгэн худалдан авалт болж хувирч байна. Дээр нь цахим дэлгүүрээс л бараа ав гэдэг хэрнээ тэр нь сонголт муутай, бараа нь байдаггүй.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Баасандорж:
-Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьдаг, Аудитын газар, Сангийн яам, Засгийн газрын хэрэг эрхлэх газар хяналт тавьдаг.
Цахим дэлгүүр дэх бараатай холбоотойгоор орон нутгуудаас санал ирсэн. Сайн тал ч байгаа, хөгжүүлэх асуудал ч бий. Зарим бараа хомс байдаг, зарим бараа үнэтэй байдаг. Төрийн худалдан авалтын ажиллагааны газартай яриад цахим дэлгүүрийн барааг хэрхэн сайжруулах талаар ярилцаж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдаад 2 жил боллоо. Үр дүн байна уу.
Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:
-Энэ хууль хэрэгжсэнээр 2,7 их наядын хэмнэлт бий болсон гэж Аудитын байгууллага дүгнэсэн. 2022 оны төсвийн жилд 270 орчим тэрбум төгрөг, 2023 онд 1 их наяд орчим төгрөгийн хэмнэлт гарсан. Дээр нь төрийн өмчит компаниуд болон төсвөөс гадуурх зарцуулалт дээр том тоо гарч байгаа гэлээ.
Улмаар уг хуулийн төслөөр санал хураахад гишүүдийн олонх нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
УИХ Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын намрын чуулганыг Баасан гаригт завсарлуулах тул өнөөдөр 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлээд байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай,
“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл,
Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх зэрэг 10 гаруй төсөл хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудалтай холбогдуулж, гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
-Жил гаруйн өмнө Уул уурхайн биржийн тухай хуулийг баталсан. Монгол Улсын төсөвт сүүлийн үед 2 их наяд орчим төгрөгийн орлого оруулсан хууль. Энэ төслийг дагуулж тогтоол баталсан. Эрдэнэс Тавантолгой ХК ийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруул. 2012 оноос хойш төрсөн хүүхдэд хувьцаа олгох, мөн хувьцаанд ногдох нодол ашгийг тараа гэсэн. Энэнээс хойш жил гаруй боллоо. Цагаан сар болсон. Ногдол ашиг олгогдох нь гэсэн горьдлого тээсэн. Дахиад удахгүй цагаан сар болох гэж байна. Засгийн газраас тогтоолын төсөл мэдүүлсэн ч дахиад л ногдол ашиг олгох асуудал алга. Ард иргэд нүүрсний асуудлаар тодорхой мэдээлэл авсан. Засгийн газраас ногдол ашиг олгох асуудлаар УИХ тодорхой шийдвэр гаргаад завсарлах хэрэгтэй.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр газартай холбоотой асуудал дээр ард иргэд маш эмзэг хандаж байна. Тариаланчдад 15 жилээр газрыг эзэмшүүлдэг. бид өөрсдийн ААН-д газрыг 15 жилээр сунгадаг. Гадаадад ажилладаг том тоног төхөөрөмжүүд Монгол Улсад ажиллаж байгаа. Дотооддоо асар том хөрөнгө оруулалт оруулж байна гэсэн үг. газрыг 60 жилээр олгох, 40 жилээр сунгах асуудал дээр анхаарал хандуулах ёстой. Цаад утгаараа гадаадынхныг түлхүү оруулж ирэх, өөрсдөө чадан ядан ашиглаж байгаа газраа гадаадынханд өгөх л асуудал болж хувирч байна. Газар дээр тодорхой арга хэмжээ авах ёстой гэдгийг уламжилж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын бүлэг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл дээр завсарлага аваад байр сууриа нэгтгэсэн. Дэлхий нийтийн хөгжил дэвшлийн түүх нь хөрөнгө оруулалтыг татаж чадсантай холбоотой байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг татсанаар өр нэмэгдүүлэхгүйгээр валют оруулж ирэх, экспортыг нэмэгдүүлэх маш чухал ач холбогдолтой хууль. Цаг хугацааны хувьд 8 жилийн өмнө энэ хууль орж ирэх ёстой байсан. Одоо юу болж байна вэ гэвэл хуулийн төсөлд хариуцлагагүй зүйл заалт орж ирсэн. Гадаадын төрийн өмчит оролцоо хэмжээ хязгааргүй болж, хоёр хүний хэрүүл болж хувирч байгаад харамсч байна.
УИХ зөвшилцлийн журмаар асуудлыг шийдэх ёстой. Засгийн газар төслийг татаж аваад яаралтайгаар дахин өргөн барих ёстой гэж үзэж байгаа гэлээ.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна.
Төрийн хэмнэлтийн тухай хуульд “хэмнэлтийн горим баримталж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дагавар нь төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байхаар, төрийн үйл ажиллагаа, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй" байхаар тус тус заасан хэдий ч орон нутаг дахь төсвийн байгууллагууд нутаг дэвсгэрийн хэмжээ, алслагдсан байдал, газар нутгийн онцлог, хүн амын тархмал суурьшил зэргээс шалтгаалан хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд харилцан адилгүй хүндрэл үүсч төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх боломж хязгаарлагдаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж буурах, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл үүсээд байгаа талаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас удаа дараа санал, хүсэлт ирүүлээд байгааг Шадар сайд танилцуулгадаа онцлоод иймд орон нутгийн төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг явуулах боломжийг бүрдүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөлд дараах өөрчлөлтийг тусгажээ. Тухайлбал, төрийн чиг үүргийг орон нутагт хэрэгжүүлж, эрхлэх асуудлын хүрээний агентлаг, аймаг, сумын Засаг даргын Тамгын газар болон төрийн аудитын байгууллага хяналт шалгалт хийх чиг үүргээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх хүрээнд эдгээр байгууллага автомашин ашиглах, худалдан авах, албан ажлын онцлогийг харгалзан шуурхай албаны болон бэлэн байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн албан хаагчийн албаны гар утасны зардлыг санхүүжүүлэх, сургалт, семинар, хурал, зөвлөгөөний үр ашгийг нэмэгдүүлэх, оновчтой болгох зорилгоор Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 15.2.3-т “сургалт, семинар, хурал зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулж, бичиг хэрэг, тээвэр, шатахуун, дотоод албан томилолтын зардал”-ыг хориглосон зохицуулалтыг хуулиас хасахаар төсөлд тусгасан байна.
Г.ХОРОЛ
esrt 2024-01-16 66.181.189.12
хулгайгаа илрүүлж мөнгөө олж ав, наад бондын өрнөөс чинь дээр
Нэргүй 2024-01-16 59.153.87.59
Аймгийн төвүүдэдээ байшин барилгаа бариач ээ. Хотод байшин одоо болсон.
Зочин 2024-01-16 139.5.216.186
Доржханд гишүүн бонд гаргахгүйгээр өөр ямар арга зам байгааг хэлж байгаач эсэргүүн ч юм шиг биш ч юм шиг бөөрөнхий их мэдэгч бна шүү
Нэргүй 2024-01-16 122.201.25.251
Т.Доржханд гэж нөхөр үнэн бүтэхгүй гар юмаа
Нэргүй 2024-01-16 66.181.189.155
байшин барьж буцааж бондоо төлөх юм гэнэ үү…Яахлаараа төрийн толгойд дандаа тэнэгүүд цуглачихсан юм бэ
Нэргүй 2024-01-16 212.102.51.242
Төсвөө тултал нь тэлж баталчихаад одоо хэмнэлт ярьж жүжээд яахав дээ