Хуучирсан мэдээ: 2024.01.16-нд нийтлэгдсэн

76:1
“Ширэнгийн босс”

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт нэр дэвшин ялалт байгуулсан Баттогтохын Чойжилсүрэнг танилцуулж байна.


Улаанбаатар хотыг цементэн "ширэнгэ" болтол барилга барьж, хөлжсөн улстөрч бол УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн юм. “Авлигыг нь өгье” гээд ч олддоггүй газарт  “Хурд групп” л тансаг зэрэглэлийн орон сууц барьж, ашиглалтад оруулж чаддагийн цаад шалтгааныг “Ширэнгийн босс” гэж нэрлэгдэх болтлоо томорсон сайд Б.Чойжилсүрэнтэй холбодог.

Харин тэрбээр бизнест ч, улс төрд ч одтой яваагаа “Би төрөөс төрсөн тэрбумтан биш хөдөлмөрөөрөө өдий зэрэгт хүрсэн” гэж аархдаг.

ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургуулийн гуравдугаар курсын оюутан байхдаа ганзагын наймаа эхлүүлж, бизнесийн гараагаа эхлүүлж явсан тэрбээр эдүгээ 40 гаруй компанийн хувьцаа эзэмшигч болжээ. Одоо тэр МАН-ын гишүүд дотроо ч Засгийн газрын танхимдаа ч толгой цохих баячуудын тоонд орно.

Увсын хязгаараас дөрөв дэх удаагаа УИХ-д сонгогдон ажиллаж байгаагийн бас нэг нууц нь мөнгөний хүч гэцгээдэг. МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг ч бас мөнгөөр зодож авсаар ирсэн.

Тэрбээр УИХ-д увсчуудыг төлөөлөн ажиллах хугацаандаа УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга, Үйлдвэржилтийн байнгын хорооны даргаар сонгогдсоны зэрэгцээ Сангийн сайд, Эрчим хүчний сайдаар томилогдон, ажилласан юм.

Сангийн сайдаар томилогдоход нь УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас эхлээд олон хүн гайхсан. Учир нь, 2016 оны УИХ-ын сонгуульд 65 суудал авсан МАН “Эдийн засаг хямралтай амаргүй, хүнд байна. Мэргэжлийн хүмүүсийг сайдаар томилно” гэх зүйл ярьсан атлаа автын механикчийг Сангийн сайдад нэр дэвшүүлсэн нь “Мөнгөний өмнө Ардын нам сөхөрлөө” гэх шүүмжлэлийг олон нийтээс сонсоход хүргэсэн юм.

Гэхдээ Ардын намын гишүүд дуугүй суусангүй “Манай Чойжоо амьдралын хар ухаантай, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад түүний хар ухаан хэрэг болно” гэж зүтгүүлэн, Сангийн сайдаар томилсон.

Харин Сангийн сайдын алба хашсан нэг жил гаруйн хугацаанд тэрбээр "Монгол Улсыг эдийн засгийн хямралаас гаргах ганц гарц нь Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах явдал" гэж үзэн, энэ хөтөлбөрт орсон. Мөн "Намаа бодох уу, улсаа бодох уу гэдэг сонголтоос бид улсаа бодох шийдвэрийг гаргаж, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсан" гэж тайлбарлаж байв.

Дээрх хөтөлбөрт Монгол Улс хамрагдсанаар Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэж, мөн хүүхдийн 100 мянган төгрөгийг зорилтот бүлгийнхэнд олгох зэрэг цензур тавигдсан нь “Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын сул тал нь өөрсдийн олж байгаа орлогоо бусдаас хамааралгүйгээр зарцуулах ч эрхгүй боллоо” гэх шүүмжлэл сонсоход хүргэсэн юм.

Нэг жил гаруйн дараа концессын гэрээнээс болж, Ж.Эрдэнэбатын Засгийн газар унахад Б.Чойжилсүрэн гишүүн Сангийн сайдаасаа огцорсон. Гэхдээ төд удалгүй  УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга болж, Засгийн газрын төсвийг хянах эрхтэй болсон юм.

Одоо Түлш эрчим хүчний сайдын алба хашиж буй. Монгол Улс эрчим хүчний дутагдлаа ОХУ-аас импортолж, хангадаг.  Жил бүрийн өвөл эрчим хүчний асуудал хурцаар тавигдаж, эл салбарынхан Монгол Улс хэдийд ч харанхуй болж болзошгүй аюултай нөхцөлд ажиллаж байгаагаа сануулсаар ирсэн бол сайд Б.Чойжилсүрэн “Аргална даа” гэх тайлбараараа шүүмжлэлийн бай болж байв.

Тэрбээр өнгөрсөн оны сүүлээр Улаанбаатар хот болон зургаан аймгийн эрчим хүчийг хязгаарлахаас аргагүй болсноо мэдэгдсэн нь монголчуудыг айдаст автуулсан гэж хэлж болно.

Учир нь, ОХУ-ын хоёр цахилгаан станцад гэмтэл гарсны улмаас Монгол Улсад нийлүүлдэг  эрчим хүчнийхээ чадлыг бууруулахаас аргагүй болсон нь өвлийн ид ачааллыг хэрхэн давах вэ гэдэг асуудлыг хөндөхөд хүргэсний зэрэгцээ эрчим хүчний том төслүүдээ хэрэгжүүлэхгүй бол улсаараа харанхуй болж, хөлдөхөд ойрхон байгаагийн бас нэг анхааруулга болсон юм.

Засгийн газраас Тавантолгой дулааны цахилгаан станц, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барьж байгуулах шийдвэр гарсан ч ажил хэрэг болж, ашиглалтад ороход наад зах нь гурваас дөрвөн жил шаардах болж буй. Харин дээрх станцуудаас нэг нь ч болов ашиглалтад орох хүртэл Монгол Улс эрчим хүчний хэрэглээгээ хэмнэлтийн горимоор зохицуулахаас өөр сонголтгүй болоод байна. Нөгөө талдаа Б.Чойжилсүрэн сайдын хувьд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг урагшлуулахын тулд газар чөлөөлөлт хийснээр л ажил нь хязгаарлагдах болж буй юм.

Түлш эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд шүдний өвчин болж буй нэг проблем  нь Улаанбаатар хотын агаарын бохирдол. Эл асуудлыг шийдвэрлэхийн тулд нийслэлийн төсвөөс 177.5 тэрбум төгрөг гаргуулан, Хятад улсаас хагас коксжсон түлш оруулж ирж, Улаанбаатар хотын тодорхой бүсэд туршилт хийнэ гэсэн нь олны шүүмжлэл хүлээж,  энэ асуудлыг зогсоосон.

Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагчаар томилогдонгуутаа “Агаарын бохирдлыг бууруулах алхам нь түлш биш. Гэр хорооллыг барилгажуулах гэдэг нь нэгэнтээ батлагдсан тул хагас коксжсон түлш турших шаардлагагүй” гэдгээ ч мэдэгдсэн.

Одоо Түлш эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хувьд өдөр бүр алдагдал үйлдвэрлэж буй "Тавантолгой түлш" компанийг нийслэлд өгч, нэг проблемоосоо салах шаардлага байгаа ч нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар “Ажиллах хүч ихтэй, алдагдал ихтэй компанийг нийслэл өөр дээрээ ачаа болгон авахгүй” гэж гэдийгээд буй.

Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн орлого өөрийнх нь 1,5 тэрбум бол гэр бүлийнх нь орлого 680684,61 төгрөг гэжээ.

Хамгийн хачирхалтай нь, барилгын том акул “Хурд групп”-ийн босс нийтийн орон сууцгүй, амины орон сууц, зуслангийн байшин, үйлчилгээний зориулалттай обьект ч байхгүй. Автомашин ч байхгүй. Харин зургаан адуутай гэж мэдүүлжээ. Нийт 40 гаруй компанид хувьцаа эзэмшиж байна.

Улс төрд хөл тавихаас өмнө тэр ердөө гурван компанитай, хүнсний импорт эрхэлж байсан бол өдгөө барилга, уул уурхай зэрэг мөнгө хамгийн их эргэлддэг, ашиг хамгийн их хийдэг компанийн хувьцаа эзэмшигч болж, томроод буй.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ: 

  • 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
  • 1993 онд ОХУ-ын Екатеринбург хотын Уралын политехникийн дээд сургууль Автоматикч телемеханикч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1993-1995 онд ОХУ-ын Екатеринбург хотын "СП-Каман" компаний захирал
  • 1995-1999 онд "Хурд Ч" ХЭАА-ийн захирал
  • 1999-2006 онд "Хурд Хүнс" ХХК-ийн захирал
  • 2006-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
  • 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга
  • 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайд

ШАГНАЛ:

  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
  • 2009 онд Алтангадас одон
  • 2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж