Мьянмарын босогчид болон цэргийн хунтагийнхан хоорондоо мөргөлдөөд багагүй хугацаа өнгөрч байна. Энэ сарын 7-ны өдөр Хятадтай хиллэдэг Лауккай хотыг босогчид хяналтдаа авсан тухай бид мэдээлсэн билээ.
Тэгвэл босогчид энэ удаад Энэтхэг, Бангладештай хиллэдэг Чин мужийн Палетва хотыг хяналтдаа авснаа мэдэгдлээ. "Палетвагийн бүх хэсэгт цэргийн зөвлөлийн ганц ч хуаран үлдсэнгүй" гэж босогчдын бүлэг телеграмдаа мэдэгдэв. Тус хот нь Энэтхэг хүрэх гол замуудын нэг юм. Энд Энэтхэгийн дэмжлэгтэйгээр олон сая ам.долларын бүтээн байгуулалтын ажил явагдаж буй.
Палетва боомт босогчдын хяналтад орсон тул тэд цаашдаа Энэтхэгийн хил хүртэлх зам, усан тээврийг хянана. Мөн Ракхайн мужид өөрсдийн гэсэн логистикийн баазтай болж байна. Ракхайн мужийн гол хотыг босогчдод алдсан нь цэргийнхэнд маш хүнд цохилт болно гэж үзэв.
Мьянмарын босогчдын холбоо нь 2021 онд төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авсан цэргийн засгийн газарт хамгийн том аюул заналхийлэл болоод буй. Тус холбоонд Мьянмарын Үндэсний ардчилсан эвслийн арми, Таангийн үндэсний чөлөөлөх арми, Араканы арми гэсэн арвин байлдааны туршлагатай гурван бүлэг багтдаг. Босогчдын холбооны төлөвлөлт, зохицуулалт маш өндөр түвшинд байгаа аж.
Тус бүлэглэл нь Мьянмарын олон үндэстний зэвсэгт бүлгүүдийн дотроос хамгийн шинэ боловч хамгийн сайн зэвсэглэсэн бүлэглэлд тооцогддог.
Эх сурвалж: BBC
Зочин 2024-01-16 103.212.117.95
Хунтагийнхан муу байнаа