НЭМЭЛТ:
Монголын үндэсний бөхийн холбооноос Б.Серик зааны барилдах эрх сэргэсэн эсэх талаар тодруулахад "Ёс зүйн болон допингийн зөрчил гаргаж барилдах эрх нь түдгэлзээд байгаа бөхчүүдээс нэг ч бөхийн барилдах эрх сэргээгүй. Дүрэм, журмын хүрээнд ажиллаж байгаа" гэлээ. Мөн улсын харцага Ц.Мөнхбаярын барилдах эрхийг сэргээгээгүй байгаа аж.
Монголын үндэсний бөхийн холбоо зохисгүй үйлдэл гаргасан Б.Серик зааны барилдах эрхийг нэг жилээр, допингийн шинжилгээнд бүдэрсэн Ц.Мөнхбаярын эрхийг дөрвөн жилээр тус тус хасах шийдвэр гаргасан билээ. Гэтэл Б.Серик заан зургаан удаа хөлийн цэцийн туслахаар ажиллаж, улмаар барилдах эрх нь сэргэжээ. Тэрбээр энэ талаараа "Алдар хүндийг хорин жил хичээн байж босгодог ч унахдаа тулбал таван минут л хангалттай. Зургаан барилдаан хөлийн цэц хийж үзлээ. Туслахаар ажиллах бас чанга ажил байна. Тэр тусмаа 600 гаруй сумын заан энд тэнд тачигнаад уран, хурдан шуурхай барилдааныг нүд салгахгүй харах бас чанга шүү" гэв.
Харин Ц.Мөнхбаярын тухайд барилдах эрх нь сэргэсэн гэх албан ёсны мэдээлэл гараагүй ч саяхан Өвөрмонголд болсон бөхийн барилдаанд барилджээ. Тодруулбал, Шилийн гол аймгийн Авга хошуунд болсон шилдэг 64 бөхийн барилдаанд улсын арслан Д.Ганхуягийн удирдлага дор улсын гарьд Ц.Бямба-Отгон, улсын харцага Г.Бадрах, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Т.Бэгзсүрэн, улсын харцага Ц.Мөнхбаяр, Б.Цэдэнсодном тэргүүтэй бөхчүүд барилдаж, амжилт муутайхан оролцсон.
Холбоотой мэдээ