“Хүчит шонхор” зах цагаан сарын бэлтгэлээ базаах иргэдийн хөлд дарагджээ. Нэг хэсэг нь сар шинийнхээ буузны гурил, мах худалдан авч байхад зарим нь тавгийн ууцаа үүрч яваа харагдана. Харин ченжүүд цагаан сарын ууц, өвчүү борлуулахаар ачааны машинаа эгнүүлэн зогсчээ. "Ууц ямар үнэтэй байна", "Энэ ууц хэд вэ" гэж сонирхон асуух хүн цөөнгүй. Харин худалдан авч байгаа нь бага байлаа.
Иргэдийн зүгээс энэ жил ууц их үнэтэй байгааг хэлж байсан бол зарим нь "амьдралаас тасархай үнэтэй зарж буй"-г буруутгав. Гэхдээ зах зээлийн нийгэмд хэн юугаа хэдээр зарах нь түүний хэрэг хойно.
Сүүлийн жилүүдэд олон нийтийн сүлжээнд сар шинийг өргөн хүрээнд тэмдэглэхээс илүү утга учирт нь ач холбогдол өгөх тухай маргаан хэлэлцүүлэг өрнөдөг болсон. Тиймээс модон луу жилийнхээ сар шинэд монголчууд хэр бэлдэж байгааг сурвалжилсан юм.
"УУЦНЫ МАХ ҮНЭТЭЙ БАЙХААС ЯАХ ЮМ БЭ"
Ууц худалдан авч буй эмэгтэй “Миний хувьд дундаж үнэтэй 230 мянган төгрөгөөр ууц худалдан авлаа. Боломжийн ууц байна. Зарим нь хэт их үнэтэй 800-900 мянган төгрөгийн үнэтэй ууцыг хэн хэрэглэх юм бэ” гэв.
“Би Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас ирсэн. Манай нутагт өвөлжилт хүндэрч, мал хэцүүдэж байна. Тиймээс арай тарган махаа ууц болгон зарж байгаа. Худалдан авалт тааруухан байна. Ууцаа 200-500 мянган төгрөгөөр худалдаж байгаа. Зарим иргэд ууц үнэтэй байна гэж хэлдэг.
Иргэд ихэвчлэн 250-350 мянган төгрөгийн ууц худалдан авч байна.
Хэт том ууц авч дийлэхгүй байх шиг байна. Малчдын гол цалин чинь махаа зарах юм. Иргэдийн гарт очтол махаа бэлдэхээс авхуулаад тээвэрлэлт, цас зуд гээд амаргүй. Ууцны мах үнэтэй байхаас яах юм бэ" гэж малчин Б.Хашбат ярилаа.
Ууц сонирхож яваа эмэгтэй “Энэ жилийн ууц их үнэтэй байна. Энэ орчмоор үнэ асуугаад явж байхад 200-650 мянган төгрөгийн үнэтэй байна. Би 350 мянган төгрөгөөр ууц худалдаж авлаа. Харин буузны мах нэг килограмм нь 10500 төгрөг гээд харьцангуй хямд байна. Ер нь цагаан сарын бэлтгэлээ базаагаад эхэлж байна” гэсэн юм.
"ӨГЛӨӨНӨӨС ХОЙШ 20 УУЦАА ЗАРЧИХЛАА"
Малчин Ж.Даваапунцаг "Би Өвөрхангай аймгаас ууцны 50 гаруй мах бэлдээд, өнөөдөр л хотод орж ирлээ. Өглөөнөөс хойш 20 ууц зарчихлаа. Ууцны том жижгээсээ хамаараад 200-550 мянган төгрөгийн үнэтэй зарж байна. Иргэд ихэвчлэн 250-350 мянган төгрөгийн ууц худалдан авч байна” гэлээ.
Түүний хажууд зогсоод мөн ууц зарж буй малчин “Би Сүхбаатар аймгаас ирсэн. Өвөлжилт хүнд байна. Ууцны үнэ 250 мянган төгрөгөөс эхэлж байна. Иргэд ууц худалдан авахдаа сүүл, тарга тэвээргийг нь харж байна" гэв.
Ууц авахаар сонирхон яваа нэг настай эмэгтэй “Манайх 300 мянган төгрөгт багтааж ууц худалдаж авахаар төлөвлөсөн. Тэгсэн яг сонирхсон ууц 400-500 мянга гээд их үнэтэй байна” гэлээ.
Ууц зарж буй нэгэн малчин “Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас ирсэн. Хотод ирээд тав хонож байна. Одоо 20 гаруй ууцтай байна. Иргэд ихэвчлэн 250-350 мянган төгрөгийн ууц худалдан авч байна. Харин 500-600 мянган төгрөгийн ууцыг ганц нэг хүн худалдан авч байна. Хамгийн том 45 кг татаж байгаа. Иргэд ууц худалдан авахдаа сүүл, тарга хүч, хэлбэр хийцийг нь харж авдаг" гэдгийг хэлж байв.
ҮХРИЙН ӨВЧҮҮ КИЛОГРАММ НЬ 11-14 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
Зарим иргэдийн хувьд ууцны үнийн судалгаа хийж, цагаан сар дөхүүлээд авбал үнэ нь буурах байх гэж найдаж байгаагаа хэлж байлаа. Өнгөрсөн жил дундаж ууцыг 250 мянган төгрөгөөр худалдан авч байсан бол энэ жил жижигхэн ууц 250 мянган төгрөгт хүрчээ.
Тэгвэл өнгөрсөн жил нэг кг нь 10-13 мянган төгрөг байсан үхрийн өвчүү өөхтэй эсэхээс шалтгаалж 11-14 мянган төгрөгийн үнэтэй байна.
Худалдагчдын хэлж байгаагаар цагаан сар болохоос сарын өмнө махаа бэлддэг. Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Өвөрхангай аймгаас гол төлөв ууц, өвчүүний мах иржээ. Орон нутгаас ирсэн малчид захын түрээсийн төлбөр гэж өдөрт 80 мянган төгрөг төлдөг байна.
“УУЦ, ӨВЧҮҮГЭЭ ИДЭХДЭЭ ЗААВАЛ ДАХИН ЧАНАЖ БАКТЕРИУДЫГ УСТГАХ ХЭРЭГТЭЙ”
Уламжлалт анагаах ухааны эмч, магистр, хоол засалч Ц. Ариунболд:
Сар шинийн баяраар ууц, өвчүүг ширээн дээр, тасалгааны температурт дөрөв хоног байлгадаг. Махан хүнсийг дулаан газар удаан байлгавал өвчин үүсгэгч бактериуд ихээр үржих таатай орчин бүрддэг. Өвчин үүсгэгч бактериуд нь өөрөөсөө маш хүчтэй хор ялгаруулдаг. Бактер их үржсэн хүнсийг идвэл бактерын хороос болж ходоод, гэдэсний салст бүрхүүл үрэвсэж хоолыг задлах, шингээх чадвар алдагдан хоолны хордлогот халдвар үүсэх эрсдэлтэй.
Мөн гэдэсний ашигтай бактерийн тэнцвэр алдагдаж хоол боловсруулах эрхтэн хямарч болно.
Тиймээс зочид гийчид явсны дараа ууц, өвчүүгээ хөлдөөгч, тагт, үүдний амбаартаа хөлдөөж хонуулаад, өглөө ширээн дээрээ тавьж бактери үржих нөхцөлийг багасгах хэрэгтэй. Мөн шинийн гурванд тавгаа хураасны дараа ууц, өвчүүгээ идэхдээ заавал ахин чанах эсвэл жигнэж бактериудыг устгаж байж идэх хэрэгтэй гэдгийг зөвлөсөн юм.
Гэрэл зургийг Ч.Дарханбаяр
Холбоотой мэдээ