Өмнөговь аймгийн Ханбогд суманд тээврийн жолооч осолд орсны улмаас биеийн байдал нь хүнд байгаа тухай мэдээллийн дагуу Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ар гэрийнхэнтэй нь холбогдож, улмаар ОБЕГ-т үүрэг өгчээ.
Ар гэрийнхнээс тавьсан хүсэлтийн дагуу Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангиас маргааш /2024.01.16/ 08:30 цагт нисдэг тэрэг нисгэхээр болсон байна.
Хоёр талын нислэгийн нийт хугацаа долоон цаг гаруй үргэлжлэх тул өнөөдөр нислэг үйлдэх боломжгүй гэж мэргэжлийн баг үзсэн аж.
Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улс, Монголын төр нэг ч гэсэн иргэнийхээ амь насыг авран хамгаалахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно. Тийм учраас яаралтай үед шуурхай тусламж үзүүлэх зорилгоор ОБЕГ-ын дэргэд Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийг 2022 онд байгуулсан. Өнгөрсөн хугацаанд тус анги нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгөөд байна гэсэн юм.
Осолд орсон иргэн нь тээврийн жолооч хийдэг бөгөөд өнөөдөр ар гэрийнхэн нь асуудлаа сошиалд нээлттэй мэдээлснээр нийтэд хүрсэн.
Тодруулбал, осолд орсон иргэний эхнэрийн өгсөн мэдээллээр, нөхөр нь тээврийн жолооч хийдэг. Том машиныхаа дугуйг янзлах үеэр дугуй нь буудаж, хүнд гэмтэлтэй Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлэгт хүргэгдсэн. Биеийн байдал нь маш хүнд байгаа. Онцгой байдлын ерөнхий газар болон бусад холбогдох газарт хандсан ч 40 гаруй сая төгрөгөөр тээвэрлэж, Улаанбаатарт ирэх боломжтой гэсэн хариу өгсөн. Нөхрийн минь амь насыг яаралтай аврахад туслахыг хүсч байна гэсэн юм.
Ямартай ч түүний хүсэлтийг хүлээж авч ОБЕГ нисдэг тэргээр нөхрийг нь ГССҮТ-д авч ирэхээр болжээ.
0 сэтгэгдэл