Израилийн хугацаат цэргийн албаны эмэгтэй алба хаагчид олон жилийн турш хил дээр онц чухал даалгавар гүйцэтгэжээ. Тэднийг Газын хил дээрх Израилийн “нүд” гэж нэрлэдэг. Хилийн зурвас дахь ажиглалтын баазад тэд хэдэн цагаар сууж, ямар нэгэн сэжигтэй зүйл илрүүлэхийг хичээдэг.
Аравдугаар сарын 7-нд Хамасынхан Газын зурваст довтлохоос өмнөх хэдэн сарын хугацаанд тэд болзошгүй халдлагын шинж тэмдгүүдийг анзаарчээ. Тэд харсан зүйлээ тагнуулын болон дээд албан тушаалтнуудад цаг тухайд нь дамжуулдаг байсан. Гэвч илүү ихийг хийх эрх мэдэл байхгүй, зөвхөн “нүд”-ний л үүрэгтэй байжээ. Хамас ямар нэг зүйл төлөвлөж байгаа нь тэдэнд тодорхой байсан аж.
Тэгвэл тэдний өгсөн мэдээллийг Израилийн Батлан хамгаалах хүчин дутуу үнэлсэн гэж өдгөө дүгнэж байна.
Эмэгтэй цэргүүд тухайн үед хоорондоо “Үнэхээр дайралт ирвэл хэн тэдний өмнөөс үүрэг гүйцэтгэх вэ?” гэж ярилцаж байжээ.
19 настай Шай Ашрам бол Израилийн “нүд” эмэгтэйчүүдийн нэг. Тэрбээр гэр бүлийнхэнтэйгээ утсаар ярихдаа үнэхээр том үйл явдал болох гээд байгааг хэлж байжээ. Гэвч аравдугаар сарын 7-ны халдлагаар Шай Ашрам амиа алдсан байна. Эмэгтэйчүүдийн удаан хугацаанд таамаглаж байсан халдлага үнэхээр болсон тул тэд дотоод чатаараа хоорондоо салах ёс хүртэл гүйцэтгэжээ.
Эмэгтэйчүүд ажиглалтын өрөөнд өдөр бүр хилийн дагуух хяналтын камерын бичлэгийг олон цагаар үздэг. Зөвхөн Газын зурвас гэлтгүй Израилийн хил дагуу бусад хэсэгт ч Израилийн “нүд” байрладаг аж. Бие бүрэлдэхүүнд өсвөр наснаас эхлээд 20 гаруй насны эмэгтэйчүүд багтана. Тэд буу барьдаггүй.
Ээлж ээлжээрээ манаанд суух эмэгтэйчүүдэд нүдээ цавчих ч эрх байдаггүй гэхэд болно.
Хамасын халдлагаас хэдэн сарын өмнө Израилийн өндөр албан тушаалтнууд дайсны заналхийллийг дарж чадлаа гэж олон нийтэд мэдэгдэж байв. Гэвч хилийн дагуу сэжигтэй зүйл олон байжээ. Эмэгтэй алба хаагчдын хэлснээр энэ хугацаанд Хамасын дайчид өдөр бүр бэлтгэл сургуулилалт хийж байсан.
Зарим хэсэгт Хамасын дайчид фитнесээр хичээллэж байгаад сүүлдээ бодит цэргийн бэлтгэл рүү шилжсэнийг баазын ажиглагч Эден Хадар гэх эмэгтэй хэлэв.
Халдлагын өмнөх долоо хоногт болсон анхаарал татсан нэг үйл явдал нь Хамасын дайчдаар дүүрсэн тээврийн хэрэгсэл хилийн бүсэд тогтмол эргүүл хийж байжээ. Эргүүлийн цэргүүд хоорондоо ярилцаж, камер, хашаа руу чиглүүлэн зураг дарж байжээ. Хувцаслалтаар нь тэднийг Хамас бүлэглэлийн элит Нухба хүчнийхэн болохыг олж тогтоосон байна. Нухба нь аравдугаар сарын 7-ны халдлагын ард байсан тэргүүлэх хүчний нэг юм.
Зөвхөн цэргүүдээр тогтохгүй энгийн иргэд, тэр дундаа тариаланчид, шувууны аж ахуй эрхлэгчид, хоньчид хүртэл хил рүү ойртож үзэгдэх болжээ. Эдгээр хүмүүс халдлагын өмнө тагнуулын мэдээлэл цуглуулсан гэж үзэж байна.
Израилийн “нүд” цэргүүд байнга ажиглалт хийдэг учир хилийн бүсийн иргэдийн царайг бараг цээжилсэн аж. Тэр бүү хэл ямар аж ахуй эрхэлдэг, хэдэн цагт юу хийдэг гэдгийг нь мэддэг. Гэтэл сүүлийн үед таниж мэдэхгүй иргэд харагдах болжээ. Нүүж суух нь олширч, амьдралын хэвшил нь өөрчлөгдөж эхэлсэн байна. Тухайлбал, тариаланчид л гэхэд ямар ч тариалангийн бүс бус газарт нүүж очсон. Үүний цаана тагнуулын мэдээлэл цуглуулахаас өөр шалтгаан байхгүй аж.
Хил дээрх сэжигтэй үйлдлүүдийг зохих журмын дагуу цааш дамжуулсан ч тэдгээр мэдээлэл хаана очоод гацсаныг мэдэхгүй гэж эмэгтэйчүүд хэлэв. “Тагнуулынханд энэ мэдээлэл очдог байх. Гэхдээ үүнтэй холбоотойгоор ямар нэг зүйл хийдэг эсэхийг нь мэдэхгүй юм. Бидний мэдээлсэн, дамжуулсан зүйлийн талаар хэн ч бидэнд хариу өгөөгүй” гэж нэгэн эмэгтэй цэрэг ярьжээ.
Ахлах албан тушаалтнууд нь баазад ирдэг ч ажиглалтын цэргүүдтэй огт ярьдаггүй, санал бодлыг нь асуудаггүй аж. “Хальтхан ирээд л даалгавар өгчихөөд яваад өгдөг. Хэн ч сонсохгүй бол бид энд яах гэж байгаа юм бүү мэд” гэв.
Тиймээс эмэгтэй цэргүүд бухимдал, санаа зовнилоо ар гэрийнхэнтэйгээ л хуваалцдаг байв. Гэсэн ч цэргүүд болон тэдний гэр бүл Израилийн төр, армид бүрэн итгэлтэй байжээ.
Нэгэн цэргийн ээж хэлэхдээ “Сүүлийн үед тэр дайн болно гэдэг үгийг олон удаа хэлсэн. Бид түүнийг хэтрүүлж байна гэж шоолж инээж байв” гэжээ.
Нью-Йорк Таймс сонинд мэдээлснээр, ХАМАС-ын төлөвлөгөөг нарийвчлан харуулсан зураг төсөл аравдугаар сарын 7-ноос өмнө бүтэн жилийн турш Израилийн албаныхны гарт байсан гэх. Израилийн тагнуулын "Unit 8200" агентлагийн ахмад шинжээчийн хэлснээр халдлага болохоос гурван сарын өмнө Хамасынхан уг төлөвлөгөөнд дурдсантай төстэй эрчимтэй бэлтгэл сургуулилалт хийж эхэлсэн байна.
Ямартай ч дээд албан тушаалтнууд Израилийн “нүд” эмэгтэйчүүдийн мэдэгдлийг тоогоогүй нь тодорхой байна. Энэ нь тэдний өөртөө хэт барддаг байдалтай холбоотой. “Би чамайг сонслоо. Гэхдээ би чамаас илүү сайн мэдэж байна. Надад туршлага байна. Би чамаас ахмад. Стратегийн талаас нь харвал тийм зүйл болохгүй” гэх мэтээр тэд эмэгтэй цэргүүдийн анхааруулгыг үл тоосон гэж үзэж байна.
Хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл ч тодорхой хэмжээнд байсан гэж Газын дивизийн дэд командлагч асан, бригадын генерал Амир Авиви хэлжээ.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-01-16 202.21.107.63
tagnuuliinhan dairalt hiihiig l huleej baisan. dain hiih shaltag huleej baisan gej bodogdoj bna.
Нэргүй 2024-01-16 139.5.216.253
Эмэгтэйчүүд нь хөөрхөн юм бэ?
Нэргүй 2024-01-16 202.9.46.223
Ali ch tsag ue, haa ch alban tushaaltnuud l (yalanguya darga nar) yamagt gai boldog ni uugeer batlagdaj baina.
Уншигч 2024-01-16 66.181.185.118
шалтгаан хэрэгтэй байж л дээ, яаж хохирохоо, бас яаж хохироохоо ч тооцоолсон бололтой. гэнэдсэн гэж үзэх ямар ч боломжгүй юм байна. хэрхэхийг харах л үлдэж.
Нэргүй 2024-01-16 202.126.89.148
жүүдүүд тооцоолсон л байж таараа.
Нэргүй 2024-01-16 139.5.218.60
жүүд ч бас хүн юм бн /
Л.Л 2024-01-16 66.181.166.134
таньж
з 2024-01-16 202.126.89.132
хаа газрын эрх мэдэлтнүүд адилхан сэтгэхүйтэй байдаг. Ямар ч задлан шинжлэх , нэгтгэн дүгнэх чадвар сул байдаг. ялангуяа цэргийн байгууллагынхан зөвхөн дүрмэнд захирагдаж цаг нөхцөөж байдаг юм. Монголд бол энэ тун их хамааралтай.
Zochin 2024-01-16 202.126.94.69
Нөгөө шүтээд байдаг жүүдүүд яасан бэ!!!!!!!!!!!
Түүхээ мартаж дээ