Үндэсний бичгийн мэдлэгээр Говь-Алтай тэргүүлж, Баян-Өлгий сүүл мушгижээ

Хуучирсан мэдээ: 2024.01.15-нд нийтлэгдсэн

Үндэсний бичгийн мэдлэгээр Говь-Алтай тэргүүлж, Баян-Өлгий сүүл мушгижээ

Үндэсний бичгийн мэдлэгээр Говь-Алтай тэргүүлж, Баян-Өлгий сүүл мушгижээ

Төрийн байгууллагууд 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс албан хэргээ хос бичгээр хөтлөхөөр хуульчилсан. Тодруулбал, Монгол хэлний тухай хуульд “Үндэсний бичгийн хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж, зохих бэлтгэл хангасны үндсэн дээр төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага албан хэргээ кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулна” гэж заасан. Энэ асуудлаар Соёлын төв өргөөнд өнөөдөр /2024.01.15/ зохион байгуулж буй "Монгол хэл, бичгийн асуудал шийдэл" үндэсний чуулганы үеэр мэргэжилтнүүд хөндлөө. Албаныхан аль 2020 онд хийсэн судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 53.7 хувь нь албан хэргээ үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн гэсэн тоогоор ам таглаж байна.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн захиалгаар Үндэсний статистикийн хороотой хамтран 2021 онд 141 мянган төрийн албан хаагчаас монгол бичгийн мэдлэг тодорхойлох судалгааг авсан байдаг. Орон нутгаас Говь-Алтай аймаг тэргүүлж, Баян-Өлгий сүүл мушгижээ.

Судалгаанд хамрагдсан төрийн албан хаагчдын 53.6 хувь нь албан хэргээ үндэсний бичгээр хослуулан хэрэглэхэд бэлэн гэсэн бол 46.3 хувь нь бэлэн биш гэж хариулсан байна. Албан хаагчдын үндэсний бичгийн мэдлэгийг асуултад хариулсан байдлаар харвал 5.2 хувь нь маш сайн, 28.7 хувь нь дунд зэрэг, 27.2 хувь нь мэдэхгүй, 25.5 хувь нь бага зэрэг 13.5 хувь нь сайн гэж хариулсан судалгаа бий.

"МОНГОЛ ХҮҮХЭД БАГААСАА ХЭДЭН МОНГОЛ ҮГ МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ ВЭ ГЭДГИЙГ СИСТЕМТЭЙГЭЭР ХӨГЖҮҮЛНЭ"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Үндэсний чуулганы гол зорилго нь Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилт буюу 2025 оны нэгдүгээр сараас эхлэн төрийн байгууллагууд албан хэргээ хос бичгээр хөтлөхөөр хуульчилсан. Бид үүнд бэлэн үү. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газраас монгол хэлний үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг ЦХХХЯ, БШУЯ, Соёлын сайд гэсэн гурван сайдаар батлуулсан. Нийт төрийн албан хаагчдын 53 хувь нь 2025 оноос хос бичигтэн болоход бэлэн гэж үзсэн. Төрийн байгууллагууд цахим хуудас, вэб сайт болон УИХ-аас батлагдаж буй хууль тогтоомжууд монгол бичиг, крилл үсгээр хэвлэгддэг болоод удаж байна.

Тийм учраас монгол бичгийн хэрэглээг бий болгох зохистой бодлого хэрэгтэй. Хоёрт, эх хэлний боловсролын асуудал.

Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа сурагчид өнөөдөр эх хэлээрээ уншиж, тэр агуулгаа ойлгож чадаж байна уу. Эргүүлээд агуулгаа бусдад ойлгуулж, эссэ өгүүлэл бичиж чадаж байна уу. Олон улсын боловсролын үнэлгээгээр монгол хүүхдүүдийн үнэлгээ тааруу гарсан. Тийм учраас хүүхэд багаасаа хэдэн монгол үг мэдэж байх ёстой вэ, хэдэн монгол үгээр өөрийгөө илэрхийлэх вэ гэдгийг системтэйгээр хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүсч байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд боловсролын хөтөлбөр, агуулга маш тогтворгүй байж, 5-6 жилийн удаа шинэчлэл хийх гэж оролдсон. Үүний золиос нь монгол хүүхдүүд болж байна. Бид цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол 15 настай монгол хүүхэд эх хэлээрээ уншаад, ойлгуулах чадвар 4-5 жилийн хоцрогдолтой гэсэн үр дүн гарсан гэдгийг онцлов.

"МОНГОЛ ХЭЛ ҮЙЛ ҮГ ТӨВТЭЙ, ГЭТЭЛ НЭР ҮГ ИХ ХЭРЭГЛЭДЭГ БОЛСОН БАЙНА"

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, доктор, профессор Ц.Өнөрбаян:

-Монгол хэл өнөөдөр яг мөхөх аюул тулгарсан хэл биш. Монголын утга зохиолын хэлний суурь болсон, монголчуудын оюун сэтгэлгээг тээж яваа гайхамшигтай хэл. Ер нь аливаа улс орны хэлийг мөхөл рүү түлхдэг цөөн тоот үндэстний хэлийг эртнээс хамгаалах ёстой. Монгол хэлний дархлааг суларч байгаа гэдэгт бус дархлаанд сөрөг нөлөө үзүүлж буй олон хүчин зүйлийг онцоллоо. Монгол Улсын хүн ам гурван сая. Харьцангуй цөөн тоотой хэрэглэгчтэй хэл.

Нэгдүгээрт хэрэглэгчийн тоо цөөрөх аюул тулгарч байна. Орчин цагийн хойч үеийнхэн гадаадын боловсролыг шүтэж, монгол хэл соёлоо дээдлэхгүй байна.

Залуус хэл яриандаа харь үг их хэрэглэж, харь сэтгэлгээг шингээж байна. Монгол хэл үйл үг төвтэй хэл. Гэтэл нэр үг их хэрэглэдэг болсон байна. Жишээлбэл, өвдөж байна гэдгийг өвдөлт өгч байна, төрж байна гэдгийг төрөлт гэж байна. Хоёрт, даяаршлын давалгаанд том том хэлийг шүтэж, өөрийнхөө үндэсний хэлийг доошоо хийх тохиолдол гарч байна. Ингэхгүй бол яваандаа харь хэлэнд автах эрсдэлтэй.

"2016 ОНООС ХОЙШ 200 МЯНГАН АЛБАН ХААГЧААС 98 МЯНГАД МОНГОЛ БИЧГИЙН СУРГАЛТ ЯВУУЛСАН"

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Н.Нарангэрэл:

-Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ хүрээнд ЦХХХЯ, БШУЯ, Соёлын яаманд дэд ажлын хэсэг гарч, ажиллаж байна. Монгол Улсын нийт 200 мянган төрийн албан хаагчийн 141 мянгаас нь 2020 онд үндэсний бичгийн мэдлэгийн түвшинг тогтоох судалгааг авсан. Уг судалгаагаар улсын дундаж 53.6 хувьтай гарсан. Зарим судлаачид энэ судалгаа яагаад ийм өндөр дүнтэй гарч байгаа юм бэ гэж эргэлздэг. Тэгвэл Монгол Улс 1986 оноос хойш өнөөдрийг хүртэл монгол бичгийн талаарх бодлогыг орхигдуулаагүй ирсэн.

Өөрөөр хэлбэл, "Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-1, 2" хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Үүнийг дагаад маш олон сурах бичиг, толь бичиг хэвлүүлсэн.

Мөн 1992 оноос ерөнхий боловсролын сургуулийн 1-4 дүгээр ангид монгол бичгийг зааж, сургасан. Тэр үед суралцаж байсан хүүхдүүд өнөөдөр төрийн албаны 33 хувийг буюу 69.100 албан хаагч төрийн албанд ажиллаж байна. Тийм учраас энэ судалгаа өндөр дүнтэй гарсан байгаа. Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Насан туршийн боловсролын төв, аймаг, нийслэлийн архивын газрууд, төв архивын газар, Удирдлагын академитай хамтран үндэсний бичгийн сургалтуудыг шат дараатай явуулж байна.  Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2016 оноос хойш хуулиар үүрэг хүлээсэн байгууллагуудтай хамтран 98 мянган албан хаагчид сургалт явуулсан. Үлдсэн албан хаагчид нь цахимаар болон архив бичиг хэргийн 4500 ажилтан монгол бичгийн хэвлэмэл хуудсыг хэрхэн турших сургалтыг хийж байгаа" гэсэн юм.

"ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН МОНГОЛ БИЧГИЙН МЭДЛЭГ ХАНГАЛТТАЙ САЙН БИШ БАЙНА"

Архивын ерөнхий газрын Мэргэжил аргазүйн удирдлагын газрын дарга Д.Цэндсүрэн:

-"Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-3" хэрэгжилтийг хангах хүрээнд Архивын ерөнхий газрын тодорхой ажлуудыг хариуцан ажиллаж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын ахалсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллаж байна. Манай байгууллага монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, бүрдлүүдэд тавигдах шаардлага, стандартыг боловсруулж, Стандарт хэмжил зүйн газраар батлуулсан. Энэ хүрээнд 21 аймгийн төрийн архивтай хамтран ажиллаж, хос бичгээр албан бичгээ хөтлөх ажлыг 2023 оны гуравдугаар сараас туршиж эхэлсэн. Туршилтаар, аймаг, нийслэл, сум, дүүргийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэг хангалттай сайн биш байна.

Хоёрт, ажлын ачааллаас хамаарч зөвхөн крилл бичгээр албан бичгээ боловсруулах тохиолдол их байна. Монгол бичгээр албан бичгийн эх зохиож, бэлдэх асуудал албан хаагчдад тодорхой хэмжээний ачаалал нэмж байна.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран 21 аймгийн ЗДТГ болон сум, төрийн байгууллагын нийт албан хаагчдад сургалт зохион байгуулж ажилласан. Мөн байгууллагынхаа дэргэдэх хэвлэх үйлдвэрт төрийн байгууллагуудыг монгол бичгийн хэвлэмэл хуудсын эхийг бэлтгэх, хэвлүүлэх ажлыг хариуцан ажиллаж байна.

ХЭЛНИЙ БОДЛОГЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ХУГАЦАА 2024 ОНД ДУУСНА  

Хэлний бодлогын үндэсний зөвлөл есөн гишүүнтэй. Зөвлөлийг зургаан жилийн хугацаатай сонгодог бөгөөд 2018 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Есөн гишүүн дотроос ерөнхийлөгчөөр нэг хүнийг сонгож, нэг гишүүн хоёр удаа дахин сонгогдох эрхтэй аж. Хуулиараа 2024 онд сонгуульт ажил нь дуусах юм.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн гишүүн, доктор, профессор Ц.Өнөрбаян "Хэлний бодлогын үндэсний зөвлөлийг зургаан жилийн хугацаа сонгодог. Бид жилд 2-3 удаа хуралдаж, тайлангаа тавьдаг газар нь танилцуулдаг" гэсэн юм.

Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн анхны даргаар Ардын багш, доктор, профессор С.Дулам сонгогдон ажиллаж байсан бол 2023 оноос Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын багш Л.Дашням сонгогдон ажиллаж байна. Зөвлөлийн гишүүнээр, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн М.Базаррагчаа, Хэл бичгийн шинжлэх ухааны доктор Ц.Өнөрбаян, МУИС-ийн Монгол хэл шинжлэлийн танхимын багш Ч.Баттулга, Баян-Өлгий аймгийн төлөөлөгч гавьяат багш В.Суранхүү, МУБИС-ийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны захирал Ж.Батбаатар, зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд, цахим хэл шинжлэл, хиймэл оюун ухаан, мэдээллийн технологи хариуцсан инжинер Д.Моондой, ажлын албаны дарга, судлаач Н.Нарангэрэл нар багтдаг.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж