Тайванийн удирдагчийг сонгох ээлжит сонгууль энэ сарын 13-ны өдөр болж, Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшсэн Лаи Чин-тэ ялалт байгуулсан билээ. Лаи Чин-тэ 40 хувийн саналаар тэргүүлсэн бол өрсөлдөгчид болох Гоминданы намын Хоу Ю-Их 33 хувь, Тайванийн Ардын намын Ко Вен Же 26 хувийн санал тус тус авчээ. Цай Ин Вений арга барилыг үргэлжлүүлэн ажиллана гэдэгээ мэдэгдсэн Лаи Чин-тэ тавдугаар сард албан ёсоор ажлаа хүлээж авснаар эрх баригч Ардчилсан дэвшилтэт намын найман жилийн засаглал гурав дахь удаагаа сунгагдах юм.
Шинэхэн удирдагчид Японы Гадаад хэргийн сайд Ёко Камикава баяр хүргэж, яамны албан ёсны цахим хуудсанд мэдэгдэл гаргажээ. Энэ мэдэгдэлдээ Тайванийг Японы маш чухал түнш, чухал найз гэж нэрлэсэн байв.
Тэгвэл Япон дахь Хятадын Элчин сайдын яам Ням гаригт энэ мэдэгдлийг эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ Лаи Чин-тэгийн талаар огт дурдаагүй боловч Японыг "Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байна. Япон улс Тайваньд буруу дохио өгөхөөс зайлсхийх хэрэгтэй" гэжээ.
Сонгуулийн дүн гарсны дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мөн Лаи Чин-тэд баяр хүргэв. "Тайванийн сонгуульд ялалт байгуулсанд нь Лаи Чин-тэд баяр хүргэж байна. Мөн ардчилсан тогтолцоо, сонгуулийн үйл явцынхаа хүчирхэг байдлыг дахин харуулсан Тайванийн ард түмэнд баяр хүргэе. Бид Лаи Чин-тэ болон Тайванийн бусад удирдагчтай хамтран ашиг сонирхол, үнэт зүйлсээ ахиулж, АНУ-ын Нэг Хятад бодлогод нийцсэн олон жилийн албан бус харилцаагаа хөгжүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.
Энэ удаагийн сонгуулийг дайн эсвэл энх тайвны аль нэгийг сонгох сонгууль гэж Хятад нэрлэсэн. Хятад улс Тайванийн эрх баригч Ардчилсан дэвшилтэт намыг олон жил ил тодоор эсэргүүцэж байна.
Эх сурвалж: THE HILL, REUTERS
Холбоотой мэдээ