Ерөнхийлөгч Владимир Зеленский Их Британийн Ерөнхий сайд Риши Сунакт Украины харьяат бус хүмүүст олгож болох төрийн дээд шагнал болох Эрх чөлөөний одонг гардууллаа.
Зеленский хоёр талын аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурсны дараа Их Британийн Ерөнхий сайдад шагнал гардуулж, түүнд талархал илэрхийлэв.
Эрх чөлөөний одон нь Украины төрийн дээд шагнал бөгөөд гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүст олгодог. Украины бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах, Украины нийгмийг нэгтгэх, ардчиллыг хөгжүүлэх, нийгэм-эдийн засаг, улс төрийн шинэчлэлийг хөгжүүлэх, үндсэн хуулиар олгогдсон хүний болон иргэний эрх, эрх чөлөөг хамгаалах үйлсэд онцгой гавьяа байгуулсанд нь зориулж шагнадаг.
Риши Сунакийн нэгдүгээр сарын 12-нд Киевт хийсэн айлчлалын үеэр Их Британи, Украины хооронд аюулгүй байдлын хоёр талын гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд энэ гэрээ Украиныг НАТО-д элсэх хүртэл хүчинтэй байх болно.
Энэ нь Вильнюс хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украин, Их-7-ийн орнууд болон түүнд нэгдсэн бусад улсуудын хооронд тохиролцсон амлалтуудыг хэрэгжүүлэх анхны аюулгүй байдлын гэрээ юм.
Сунак мөн Украинд 2,5 тэрбум фунт стерлинг буюу 3,1 тэрбум ам.долларын үнэтэй цэргийн тусламж үзүүлэх томоохон багцыг зарлаж, Лондон Украинд нисгэгчгүй онгоц үйлдвэрлэхэд зориулж 200 сая фунт стерлинг (255 сая ам. доллар) олгоно гэж мэдэгджээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAINSKA PRAVDA