Тайванийн дараагийн удирдагчийг сонгох сонгууль өнөөдөр /2024.01.13/ болж байна. Санал хураалт өглөө 08:00 цагт эхэлсэн бөгөөд 16:00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал хураалт дуусмагц саналын хуудсыг шууд тоолж эхлэх аж.
Хамгийн магадлал өндөртэй гурван нэр дэвшигч байна. Эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас Лаи Чин-тэ, хамгийн том сөрөг хүчин Гоминданы намаас Хоу Ю-Их, сөрөг хүчний хоёр дахь том бүлэг Тайванийн Ардын намаас Ко Вен Же нар өрсөлдөж байна.
Санал хураалтын өмнөх сүүлийн өдөр буюу Баасан гаригт нэр дэвшигчид сонгогчдод хандаж эцсийн удаа үгээ хэллээ. Лаи Чин-тэ, Хоу Ю-Их нар хамгийн сүүлийн уулзалтаа хамгийн олон сонгогчтой Шинэ Тайпэй хотод хийсэн. Харин Ко Вен Же Тайпэй дахь Ерөнхийлөгчийн тамгын газрын гадаа болсон арга хэмжээнд оролцсон байна.
Мэдээж энэ удаагийн сонгуулийн хамгийн гол сэдэв Хятад болж буй. Лаи Чин-тэ Хятадын дарамт шахалтыг эсэргүүцнэ гэдгээ илэрхийлсэн бол Хоу, Ко нар тус улстай яриа хэлэлцээ, солилцоогоо өргөжүүлэхийг дэмжиж ажиллана гэжээ.
Эх сурвалж: NHK