Японд нэгдүгээр сарын 1-ний өдөр болсон газар хөдлөлтийн улмаас Ното хойгийн эргийн гадаргууд гайхалтай өөрчлөлтүүд гарсныг хиймэл дагуулын зургаар тодорхой болгожээ. Газар хөдлөлтийн өмнөх болон дараах зургийг харьцуулан харахад эргийн шугам 250 метр хүртэл сунан тогтсон байна. Энэ нь америк хөлбөмбөгийн хоёр талбайг нийлүүлснээс ч том хэмжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, далайн усан доор нуугдсан байсан хавтгай гадаргуу дээш өргөгдөн гарч ирсэн гэсэн үг.
"NHK" агентлагийн хамгийн сүүлийн үеийн мэдээнээс харахад газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо 215 хүрчээ.
Аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн 14 хүн нас барсан. Хоргодох байрууд ариун цэврийн шаардлага хангаагүйгээс энэ тоо нэмэгдэж болзошгүйг эмнэлгийн мэргэжилтнүүд анхааруулж байна. Одоогоор сургуулийн биеийн тамирын заал зэрэг 380 орчим хоргодох байранд 22 мянга гаруй иргэн амьдарч байна. Зарим хоргодох байранд Covid-19 болон томуу дэгджээ. Тиймээс цаашдын халдварын тохиолдлоос сэргийлэн өвчтөнүүдийг нэг дор цуглуулахаар шийдсэн.
Замын эвдрэл, гэмтлээс болоод 1900 орчим хүн гэртээ харьж чадахгүй хэвээр байна. Цас, бороо, афтершокийн улмаас сэргээн босгох ажил хүндрэлтэй байгаа тул 80 гаруй байршилд зам хаалттай хэвээр байгаа ажээ.
Орон гэргүй болсон хүмүүсийг хоёрдугаар сарын эхэн үеэс түр орон сууцуудад нүүлгэн шилжүүлнэ. Түр орон сууцны барилгын ажил эхлээд явж байна. Иргэд тэнд хоёр жил хүртэл хугацаанд түрээсийн төлбөр төлөхгүйгээр амьдрах юм.
Эх сурвалж: SPACE, NHK
Нэргүй 2024-01-13 213.87.132.60
Харуулах боломжгүй.
Зочин 2024-01-13 139.5.216.186
2 жил харж үзнэ сайхан юмаа Монголд бол шууд хөсөр хаяна