Өнгөрсөн зун Сэлбэ голын дагуу үер болж олон зуун иргэд, аж ахуйн нэгж өмч, хөрөнгөөрөө хохирсон. Буруу төлөвлөлт авилгаар өгсөн газар олголтын гайгаар ийнхүү иргэд хохирсон юм. Энэ талаар нүдээ аньж чихээ таглах юм бол амийг нь авч амьдралаар нь мэдрүүлье гэх шиг үйл явдал өдөр бүр шахам болдогийн нэгэн жишээ өнгөрөгч зуны үер байсан ч хотын удирдлагууд энэ асуудлыг үндсээр нь шийдээгүйгээр өвлийн хүйтэнд Сэлбэ голын дагуух халиа нэмэгдэж бас л аюул дагуулж эхлэв. Мартах юм бол маргааш бүр илүүг үзүүлэхээр авилгалд шахагдсан байгаль хүчээ хуримтлуулж байна гэлтэй нөхцөл байдал Сэлбэ гол дагуу үүсчээ.
Үүнийг хариуцсан байгууллагууд нь шийдэх нь байтугай улам дордуулж буйн жишээ энэхүү зураг юм. Нийслэлийн хот тохижилтын газрынхан 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн замын цас, шуудуу, талбайг цэвэрлэсэн бохироо шууд л Сүхбаатар дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр буюу 17-р сургуулийн харалдаа Сэлбэ голын үерийн далан руу хаях болжээ.
Энэ талаар оршин суугчид мэдэгдэж, холбогдох байгууллагуудад нь гомдол гаргасан ч төрийн байгууллагууд өөрсдийн харъяалах асуудал биш гэж бие бие рүүгээ чихсээр өнөөдөртэй золгосон байна. Иргэд зураг хөргийг нь дараад, баримтжуулаад Хороо руугаа гомдол гаргасан байна. СБД-ийн 13-р хорооныхон асуудлыг шийдүүлэхийн тулд Геодези, Усны барилга байгууламжийн газар, мөн цагдаад хандсан ч тусыг ололгүй байсаар хогон овоо босчээ.
Цагдаагаас шалгаад нийслэлийн Байгаль орчны газар хариуцах ёстой гээд гомдлыг шилжүүлж, гэтэл нийслэлийн Байгаль орчны газраас буцаад Хорооны Засаг даргыг шийдвэрлэ гэсэн албан тоот ирүүлсэн аж. Энэ хооронд нийслэлийн Хот тохижилтын газар бохироо асгасаар байгаа аж. Өөрөөр хэлбэл хотыг цэвэрлэх ёстой газар нь үеийн далан шуудуу руу хог зөөж, урин дулааны улиралд тэр нь хайлж, иргэд эрсдэлд орох аюул нүүрлэжээ. Сэлбийн ай савыг нийслэлийн байгууллагууд өөрсдөө бохирдуулж, аюултай байдалд оруулж байна.
Холбоотой мэдээ