"Шимэгч" киноны жүжигчин Ли Сун Кюн арванхоёрдугаар сарын 27-ны өдөр нас барсан. Түүнийг сураггүй алга боллоо гэж менежер нь мэдэгдсэний дараахан Сөүлийн төвд машин дотроо нас барсан байхыг нь олжээ. Жүжигчин гэрээслэл маягийн зүйл үлдээсэн байсан учир түүнийг амиа хорлосон байж магадгүй гэж Сонбук хотын цагдаагийн газрын ахлах мөрдөгч хэлсэн байна.
Тэгвэл Өмнөд Солонгосын Соёлын уран бүтээлчдийн эв санааны нэгдлийн холбоо жүжигчний үхлийг шалгахыг уриалж байна. Тус холбоонд "Шимэгч" киноны найруулагч Бон Жун Хо зэрэг Өмнөд Солонгосын энтертайнмент салбарын уран бүтээлчид, кино найруулагчид багтдаг. Байгуулагдаад удаагүй тус холбооныхон цаашид ийм хэрэг дахин гарахаас урьдчилан сэргийлэх ёстой гэж үзэж байна. Тэд өнөөдөр энэ асуудлаар хэвлэлийн хурал хийх ажээ. Хуралд Солонгосын продюсеруудын эвлэлийн тэргүүн Чой Жон Хва мөн оролцоно.
Холбоо Ли Сун Кюны үхэлтэй холбоотой үнэн мөнийг олж тогтоохыг шаардахаас гадна хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч буй зохисгүй, худал мэдээллүүдийг устгахыг шаардах аж. Мөн уран бүтээлчийн эрхийг хамгаалах хуулиа шинэчлэхийг эрх баригчдаас шаардана.
Нэрт жүжигчин Ли Сун Кюныг хар тамхины хэргээр шалгаж байсан. Тэрээр өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Инчон хотын цагдаагийн газарт гурван удаа байцаагджээ. Нас барахынхаа өмнөх долоо хоногт тэр 19 цагийн байцаалт өгсөн. Мэдүүлэг өгөх үеэрээ тэр өөрийн гэм буруутайг үгүйсгэж, баарны эзэгтэйн шантаажийн хохирогч болсон гэж байв. Мөн мэдүүлэгээ бататгахын тулд худал хуурмагийг илрүүлэгчийн шинжилгээ өгөх хүсэлт тавьжээ.
Эх сурвалж: NEXT SHARK
Нэргүй 2024-01-12 213.87.153.124
Харуулах боломжгүй.