"Сонгуулийн бүсчилсэн тойргоор сурталчилгаа хийх гэж байна"

Live"Сонгуулийн бүсчилсэн тойргоор сурталчилгаа хийх гэж байна"

"Сонгуулийн бүсчилсэн тойргоор сурталчилгаа хийх гэж байна"
16 : 48
2024-1-12

Гишүүд гарын авлага аваад, бүсчилсэн тойрогт Засгийн газрын санхүүжилтээр очно

Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

-Энэ тогтоолд чуулган завсарласан хугацаанд бүсчилсэн хөгжлийг сурталчлах маягаар гишүүд очиж, сурталчилгаа хийх юм харагдаад байна. Ажлын хэсгээс хариулт авмаар байна. Танилцуулах тайландаа АН-ын бүлгээс санаа оноо аваарай. Дараагийн асуудал Дархан, Сэлэнгэ, Төв аймгийг Төвийн бүс гэж байгаа. Төвийн бүсэд байгаа цаасан материалыг батлахаас нь харчихмаар байна. АН бүсчилсэн хөгжлийг дэмжиж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

-Монгол Улсыг бүсчилсэн хөгжүүлэх бодлогыг дэмжиж байгаа. Гэхдээ 24 жилийн хугацаанд хийсэн зүйл байхгүйд харамсаад байгаа юм. Тогтоолын үзэл баримтлалд Лондон, Сөүл хотууд ингэж нүүлгэсэн гэдэг хоёр жишээ л байна. Энэ төсөл дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд гээд гурван том тамга зүгээр л хоёр жишээн дээр тавигдаад ороод иржээ. Хөдөө явах ажлын удирдамж шиг юман дээр тамга орж ирж байна. Бүсчилсэн хөгжлийн талаар УИХ-ын тогтоолыг үзье гэхээр үзэх юм нэг үг, үсэг ч байхгүй. Ийм юм хийж байна. Өмнө нь Г.Занданшатар даргыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхад хэлэлцүүлэг хийсэн гэж байгаа. Хэрэв хийсэн бол үр дүн, дүгнэлт одоо орж ирэх ёстой. Гэтэл одоо дахиад хэлэлцүүлэг хийнэ гэж байгаа. Энэ дотор нь ямар санаа оноо байхгүй. Чуулган завсарласан хугацаанд гишүүд гарын авлага аваад, бүсчилсэн тойрогт Засгийн газрын санхүүжилтээр очно гэдгээ биччихсэн байна. 20 жил хийгээгүй юм гэнэт яагаад яаралтай горимоор орж ирж байгаа юм.   

Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх бодлогыг тодорхойлох тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав. 

15 : 57
2024-1-12

"Сонгуулийн бүсчилсэн тойргоор сурталчилгаа хийх гэж байна"

Чуулганы хуралдаанаар үргэлжлүүлэн Төрийн байгууллагуудыг бүсчлэн байрлуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас уг тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 

-УИХ тогтоол батлагдаж байдаг. Гэхдээ энэ бол арай гурилдсан, ядсан тогтоол байна. Арай ингэж болохгүй. 2001 оны 57 дугаар тогтоол 20 гаруй жил хэрэгжээгүй зүйлийг чуулган завсарлах гэж байхад нэн яаралтайгаар оруулж ирж байна. Үзэл баримтлалын бодлогын шинжтэй юм байхгүй. Хар үгээр хэлэхэд чуулганы завсарлагаанаар сонгуулийн бүсчилсэн тойргуудад УИХ-ын гишүүдийг явуулах, зардлыг нь Засгийн газраас гаргуулах гэсэн удирдамж маягийн л юм байна. Жишээ нь, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар  оруулж байж Зам, тээврийн хөгжлийн сайд нь уншиж байдаг. Засгийн газрын гишүүд нь байхгүй байдаг. Ийм том бүсчилсэн хөгжлийн асуудлыг ингэж явуулж болохгүй. Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулна гэж байгаа юм. Ямар сургуулиудыг аль аймар руу явуулах юм. Ямар ч төлөвлөсөн зүйл байхгүй. Би хариулт авахгүй. Үг хэлж байна. Энэ тогтоолын төсөлд тогтоолын төсөлд бүсчилсэн байдлаар форум зохион байгуулах гээд биччихсэн байна. Сонгуулийн бүсчилсэн тойргууддаа сурталчилгаа хийх удирдамжаа УИХ-аар батлуулж, Засгийн газраас мөнгийг нь гаргах юм байна.  

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 

-Бүсчилсэн хөгжлийн тодорхойлох гэдэг нэрээ л бодлого гаргах юм шиг том гарчиг байна. Бүсчилсэн хөгжлийн бодлого гээд л олон юм гарч байна. Хэзээ түүнийг баримталдаг байсан юм. Ийм зүйл байхгүй шүү дээ. Одоо бүсчилсэн хөгжлийн бодлого гэдэг дээр эрх баригчид сонгууль бодож баталсан. Форум хийнэ гэж дотор нь байна. Бид анх удаа үүнийг үзэж байгаа юм биш. АН-ын хувьд бүсчилсэн хөгжлийн бодлоготой. Монгол Улсыг босоо дөрвөн том аймагтай болгох бодлого бий. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

-Энэ тогтоолоор өмнө нь баталж гаргасан үзэл баримтлалуудын хэрэгжилтэд үнэлэлт дүгнэлт өгч, цаг үе шаардаж буй шаардлагадаа нийцүүлэх хэрэгтэй. Суурь судалгаагаа нарийвчлан хийж, боловсруулах зүйлээ боловсруулаад, оруулж ирэх ёстой зүйлээр нь чиглэл өгөх хэрэгтэй. 

Ийнхүү хэлэлцсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанаас Төрийн байгууллагуудыг бүсчлэн байрлуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжлээ 

14 : 47
2024-1-12

Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Шинээр нээх Элчин сайдын гурван орон тоотоо ажиллах аж. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: 

-Узбекистан бол Төв Азийн хөгжиж буй улс. Монголоос Европ хүрэх дөт зам. Мөн Арабын улсууд руу гарах маш том гарц болж байгаа. Тун удахгүй тус улстай агаарын болон авто тээврийн хэлэлцээ байгуулна. Хятадаар дамжаад Узбекистан руу авто тээвэр хийдэг болно. Монголын мах, махан бүтээгдэхүүнийг Төв Ази болон Ойрхи Дорнодын орнууд хүргэнэ. Буцаад жимс, жимсгэнэ тээвэрлэнэ. Хоёр талдаа тээвэртэй. Ийм учраас Узбекистан улстай эдийн засаг хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чухал юм. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Элчин сайдын яамдын гол асуудал иргэдийг харилцан зорчуулах байдаг. Тухайлбал, Солонгос улс манайд иргэдэд виз өгчихөөд буцаадаг асуудал хэрээс хэтэрсэн. Өндөр төлбөр төлчихөөд, очоод хохирдог тохиолдол байна. 

УИХ-ын гишүүн Ц.Туваан:  

-Монгол Улсаас хэдэн Элчин сайдын яам, консулын газар ажиллаж байгаа. Үүнд улсын төсвөөс хэдэн төгрөг зарцуулдаг вэ. Ташкент хотод Элчин нээснээр хэдэн төгрөгийн зардал нэмэгдэх вэ. Шаардлагагүй газарт Элчин сайдын яамаа татах асуудал яригддаг уу. 

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: 

-Монгол Улсаас гадаад улсад нийт 47 дипломат төлөөлөгчийн газар үйл ажиллагаа явуулж байгаа. Түүний 32 нь Элчин сайдын яам, 2 байнгын төлөөлөгчийн газар, 9 ерөний консулын газар, 3 консулын газар байна. Жилийн нийт төсөв нь 42.4 сая ам.доллар байдаг. Узбекистаны хувьд жилийн 355,809 ам.доллар байгаа. 

Ийнхүү хэлэлцсэнээр Узбекистан Улсын нийслэл хотод Монгол Улсын Элчин сайдын яам байгуулахаар боллоо. 

14 : 38
2024-1-12

Солонгос, Польш, Шведэд суух Элчин сайд нарыг шинээр томилохыг дэмжив

Чуулганы нэгдсэн хуралдааны үргэлжилж байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар Польш, Швед улсуудад суух Элчин сайд нар болон НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг эгүүлэн татах талаар УИХ-ын гишүүдийн дунд нууц санал хураалт явууллаа. Нууц санал хураалтаар Элчин сайд нарыг эгүүлэн татах асуудал дэмжигдэв. 

Улмаар Монгол Улсаас БНСУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг, 

Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг, 

Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг, 

НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаярыг томилох асуудлаар нууц санал хураалт явуулав. 

Гишүүд томилгоог дэмжив. 

 

11 : 26
2024-1-12

Солонгостой хамтарсан ховор металлын судалгааны төв байгуулна

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж эхэллээ. Ерөнхийлөгчийн саналыг Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсаас БНСУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг, 

Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайд Бархасын Доржийг эгүүлэн татаж, түүний оронд Гунаажавын Байгалмааг, 

Шведийн Хаант Улсад суугаа Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, түүний оронд Цэрэндоржийн Мөнх-Өлзийг, 

НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболдыг эгүүлэн татаж, түүний оронд Нямдоржийн Анхбаярыг томилох санал илэрхийлжээ.  

Элчин сайд нарын томилгооны танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: 

-Монгол-Солонгосын харилцаа ажил хэргийн түвшинд сайжрахгүй байна. Хоёр орны хамтын ажиллагааг эдийн засагжуулах талд Элчин сайд яг юу хийхийг зорьж байгаа вэ. Солонгосын талаас Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах квот олгоход манай талаас хангаж чаддаггүй. Хүрэхгүй болохоор Вьетнам, Филиппин зэрэг өөр улс руу ковт шилжүүлэх асуудал гардаг. Энийг судлаад үзэхээр эрүүл мэнд, хэл усны асуудал байдаг юм билээ. Энэ талаар яаж ажиллаж вэ. 

Элчин сайдад нэр дэвшигч С.Сүхболд: 

-Солонгос Улстай чөлөөт худалдаа хэлэлцээр байгуулах хэлэлцээ явагдаж байна. Монгол-Солонгосын Засгийн газар хооронд ховор металлын судалгааны төв байгуулах хэлцэл хийгдсэн. Хамтарсан комисс өнгөрсөн онд хуралдсан. Судалгааны төв байгуулах ажил үндсэндээ явж байгаа. Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсын 54,394 иргэн Солонгост байна. Миний бие Элчин сайдаар томилогдох авахаас иргэн бүрд хүрч ажиллах, төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах,  хүүхдүүд сурч буй монгол сургуулиудыг дэмжиж ажиллана гэсэн бодолтой байна. Хөдөлмөрийн гэрээний квотын хувьд 3000-аас 5000 руу хүргэж байгаа юм байна. Тэгэхээр үүн дээр мэргэжлийн бус боловсон хүчнийг ажиллуулах тал дээр анхаарч ажиллана. 

11 : 23
2024-1-12

Зам тээврийн яамыг Ховд руу нүүлгэх юм уу?

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:  

-Сая Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар бүсчилсэн хөгжил, түүний дотор төрийн байгууллагуудыг орон нутаг руу шилжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн. Сонгууль дөхөж байхад энэ цаг үеэ олсон асуудал мөн үү. Ямар зүйлд зориулж ийм бодлогогүй, судалгаагүй асуудал оруулж ирж, УИХ ажил хийсэн дүр эсгэж, Засгийн газар бодлого боловсруулж байгаа маягаар цаг өнгөрөөхийг ард түмэн зөвшөөрөхгүй. Зам тээврийн яамыг Ховд руу, Хууль зүйн яамыг Дорнод руу нүүлгэх юм уу. Түүний оронд Хархорум хотоо нийслэл болгох асуудлаа бодлогын хэмжээнд оруулж ир. Өнөөдөр яам, тамгын газраа орон нутаг руу нүүлгэх байтугай Яармагт очсон Байгаль орчны яаманд очих гэж ямар хүнд суртал гарч байна. Засгийн газар энэ асуудлаа татаж ав. Цаг үеийн зуд, хууль шүүхийн асуудлаа оруулж ирмээр байна. Дуулиан шуугиан болсон нүүрсний сонсгол чинь хаачсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:  

-Иргэдийн амьдрал хүнд байна. Өдрөөс өдөрт ядуурч нэмэгдэж байна. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкнаас 2020 онд 1 сая хүн нэн ядуу байна гэж дүгнэсэн. Гэтэл 2023 он дуусаад, 3 жил өнгөрч байхад ядуурлын статистикаа дахиж гаргасангүй. Энэ бол ядуурал улам их нэмэгдсэн гэсэн үг. Үнийн өсөлт иргэдийн халаасан дахь мөнгийг тэр чигт нь хоосолж байна. 2022 оны хоёрдугаар сарын 1-нд 50 мянган төгрөг байсан гурил өнөөдөр 140 мянга болж өссөн. Засгийн газар энэ чиглэлээ ерөөсөө ажил хийсэнгүй. Тиймээс миний санаачилсан Эрдэнэс Тавантолгой компанийн ашгаас иргэн бүрд 580 мянган төгрөгийн ногдол ашиг олгох асуудлыг дэмжихгүй бол болохгүй байна. Үүнийг шаардаж байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-УИХ дээр тоо баримт, мэдээллийг гуйвуулдаг асуудал архагшсан шинжтэй байгаа. Тиймээс би хоёр асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга тавьсан юм. УИХ-ын дарга асуулгыг минь хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж өгөөч гэж хүсэж байна. Нэгдүгээрт, Ирээдүй өв сан болон Төсвийн тогтвортой байдлын хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ. Үүнийг асуухаар УИХ дээр худлаа юм яриад өнгөрдөг. Хариугаа цаасаар авсан. Ирээдүй өв санг яаж алж идсэн нь байна лээ. Түүнийг олон нийтэд сонсгомоор байх юм. Ард иргэд үнэнийг мэдэх эрхтэй. Хоёр дахь нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар асуулга тавьсан. Баримт материалууд ирсэн. Байгаль орчны яамныхан хулхидсан байна билээ. Ард иргэдийг мэдээлэлжүүлмээр байна. 

10 : 27
2024-1-12

Чуулган: Өнөөдрийн хуралдаанаар 115 хууль, тогтоолын төсөл батална

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.12/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар 115 хууль, тогтоолын төсөл эцэслэн батална. Энэ нь Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотой хууль хоорондын давхардал хийдлийг арилгах замаар цахим гарын үсгийг зөвшөөрөхийн тулд 115 хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэв. Мөн  Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг зөвшилцөх тухай Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэнэ. Үүнээс гадна Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлах юм. Төрийн байгууллагуудыг бүсчлэн байрлуулах тухай, Монгол Улсыг бүсчлэн хөгжүүлэх арга хэмжээг тодорхойлох тухай тогтоолын хэлэлцэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-01-12 66.181.160.63

Мөнгний гарлага бишүү !!!..

Avatar

Нэргүй 2024-01-12 59.153.112.28

Ташкентэд элчин хэрэггүй. Казахстанаас хавсрахад болно. бидний мөнгийг цуслах юмаа МАНгасууд чинь.

Avatar

Нэргүй 2024-01-12 213.87.153.124

>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-12 202.9.46.68

Эсэргүүцээд суухын оронд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцоод өөрсдийн санаа оноогоо нэмэрлэ. Бүсчилсэн хөгжлийн бодлого зөв өө.Манай улс цаашид энэ маягаар яваад байж болохгүй боллоо. МАН хийсэн нэр зүүчихнэ гэж өчүүхэн атгаг санаа өвөрлөж суухын оронд олигтойхон бэлдээд мэтгэлцээдэх. Харин энүүгээр далимдуулж сонгуулийн сурталчилгаа хийх бүх боломжийг хаа. Та нар чинь УИХ гишүүн юм байгаа биз дээ. Бүх эрх мэдэл, боломжоо ашигла. Арчаагүй х ү ү р н ү ү д шүү

Avatar

Зочин 2024-01-12 103.215.14.4

Хөөе, энд бүсчилсэн сурталчилгаа хийнэ хийхгүй гэж худлаа маргалдах хооронд УИХ-ын гишүүн билүү Сод Монголын Ананбазар чинь, Булган, Хөвсгөл аймгийн сумдуудад нарны дэлгэц, духны гэрэл тарааж, 100К-ийн бензиний мөнгө өгч явааг за авч байгаа нутгийнхан "юмы нь дуугүй аваад саналаа өгөх хүндээ л өгнө" гэцгээж байна. Энэ шударга, ариун явдал уу гэж асуух нь хоцрогдсон үзэл буй за. Харин энийг өрсөлдөгчид ядахнаа АН, ХҮН энэ тэр нь хэлгүй, дүлий, сохор царайлаад байна уу?

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Польштой, Солонгостой газрын ховор элементээр хамтран ажиллах гэж байгаа юм биз дээ ??? 2024-01-12 66.181.176.130

Солонгосуудтай болгоомжтой харьцах хэрэгтэй. .Ногоон автобусны хэргийг хар. Монголчууд итгэмтгий, бас авилга авчихдаг гэмтэй. Солонгосууд газрын ховор элементийн үйлдвэрлэл хөгжсөн улс юм билээ.АНУ газрын ховор элементийн талаар Солонгостой хамтарч ажилладаг байснаа бие даая гэж байгаа юм билээ. Бид ч хүний идэш болж ямар ханах бишдээ.Хуучин автобус будаад өгчихөд монголчууд ямар мэдэх биш гэж байгаа улс газрын ховор элементээр бол биднийгээ зажлахгүй залгина гэж л тооцохоос аргагүй.

Avatar

Ховдын хүн 2024-01-12 202.21.104.2

Улстөржихгүйгэр асуудалд ханддаг болмоор бн. Бүсийн нэмэгдэл, бүсчилсэн хөгжил, алслагдсан хязгаар нутгийн дэд бүтэц, үйлдвэрлэл, ажиллах хүчний асуудлаар Адьшаагаас Бямбацогт гишүүн илүү дуугарч, илүү ихийг хийсэн байгаа. Тэнд хүмүүс амьдардаг. Тэнд Монголын газар нутаг эзэнгүйдэж, ард түмний амьжиргаа хэцүүдэж байна гэдгийг тойргоос гь сонгогдсон гишүүд нь түлхүү ярих ёстоймалдаа.ккк

Avatar

ххх 2024-01-12 103.212.116.244

Хаха Адьшаа гишүүний зөв шүү ЗТХЯ-ыг Бямбацогттой нь Ховд руу нийлгээ. Ховдод тал засахын тулд хэрэггүй хөрөнгө оруулалт яамнаас хийдгээ болиорой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж