УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж чадах уу гэдэг хүлээлт олон нийтийн дунд байна. Уг төсөлтэй холбоотойгоор олон маргаан нийгэмд үүсч, УИХ дахь АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаас гурав хоногийн завсарлага авсан. Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болоод хөрөнгө оруулалтыг татах асуудалд салбарын төлөөллүүд ямар байр суурьтай байгаа талаар байр суурийг хүргэе.
Хууль эрх зүйн орчноо тодорхой бий болгоогүй, төрийн хүнд суртал гаргасаар байна
Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимийн гүйцэтгэх захирал Б.Зандан:
-Монгол Улсын хувьд Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг баталж, бизнесийн орчноо сайжруулах хэрэгцээ байна. Гэхдээ ганцхан Хөрөнгө оруулалтын хууль батлагдчихвал бүх зүйл сайхан болчихно гэж ойлгох нь өрөөсгөл. Түүнийг дагасан олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж, үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлуудыг шийдвэрлэнэ. Нэн тэргүүний асуудал бол Монгол Улсад хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдаа сэтгэл ханамжтай байлгаж чадаж байгаа эсэх дээрээ дүгнэлт хийх цаг болсон. Монголд амжилттай хөрөнгө оруулалт хийсэн сайн жишээнүүд дараагийн хөрөнгө оруулалтуудаа дуудах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ нөхцөл байдал хангагдахгүй байгаа нь харамсалтай. Тухайлбал, Европын улс орнуудаас Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт оруулсан цаашид ч хөрөнгө оруулах боломж байгаа гэдгээ илэрхийлж байна. Одоогийн байдлаар 11 компани сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхээ авсан боловч эцсийн байдлаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч чадаагүй байна. Үүний шалтгаан нь Эрчим хүчний зохицуулах хорооноос өгдөг байсан зөвшөөрлийг одоо Диспечерийн үндэсний төв олгодог болсноор дараагийн шатны зөвшөөрөл авах хүсэлт өгөх үед гацаа үүсгэж, хүлээлтийн байдалд оруулсан. Нэгэнт ороод ирчихсэн хөрөнгө оруулагчдадаа хууль эрх зүйн орчноо тодорхой бий болгож чадаагүй, төрийн хүнд суртал гаргасаар байна.
Уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс олон байна. Монгол Улсад үр өгөөжөө өгөх дараагийн томоохон ордуудыг нээхэд хайгуулын салбар ихээхэн чухал нөлөөтэй. Гэтэл хайгуулын компаниуд дээр тавигдаж байгаа татварын хувь хэмжээ өндөр байхаас гадна олон ойлгомжгүй асуудлууд бий. Тиймээс хайгуулын компаниуд Монголд орж ирэхээс болгоомжилж байна.
Цаашид Оюутолгой шиг томоохон орд газраа нээж илрүүлж чадах эсэх дээр эрсдэл үүсч байна. Монголын татварын орчин бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдад үзүүлэх шийтгэл мэт байдаг нь нууц биш. Гэтэл бусад оронд хөрөнгө оруулалт татах, бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн тулд татварын хөнгөлөлт, урамшуулал олгодог. Гэтэл манайд Х тайлан өгөөгүй бол Зөрчлийн хуулиар торгох гэж оролддог. Түүнээс гадна тодорхойгүй зүйл олон байгаа учраас татварын байцаагчийн үзэмжээс олон зүйл шалтгаалдаг. Түүнчлэн хөрөнгө оруулалттай холбоотой маргаан гарахад түүнийг шийдвэрлэх шүүх процесс удаан үргэлжилдэг. Тухайлбал, барилгын салбарт 4 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхэд монгол хамтрагч нар нь тухайн хөрөнгө оруулагчийг зальдаж, компанийнхаа эзэмшлийг зөвхөн өөрсдийнхөө нэр дээр болгож, хохироосон асуудал гарсан. Тухайн хөрөнгө оруулагч хоёр жил хууль хяналтын байгууллагаар явсан ч ямар нэгэн шийдэлд хүрээгүй. Аргаа бараад Арбитарын шүүхэд хандаж, тухайн шүүхээс хохирогчийн талд шийдвэр гаргасан боловч шүүхийн шийдвэр одоо болтол бүрэн хэрэгжээгүй байна. Тиймээс хөрөнгө оруулахтай холбоотой шүүхийн процессыг хурдасгах нь зөв. Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр арбитарын шүүхэд хандахаас өмнө гомдол хэлэлцэх зөвлөл байгуулж байгаа нь сайшаалтай.
"Поп асуудал ярьдагаа улстөрчид болих хэрэгтэй"
МҮХАТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн:
-Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлууд сүүлийн 3-4 жил хэлэлцэгдэж байна. МҮХАТ энэ хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн цагаас нь эхэлж бизнес эрхлэгчдийн санал, санаачилгыг авч хууль боловсруулагчидад хүргүүлж, байр сууриа илэрхийлсээр ирсэн. Бид хуулийн зүйл заалт, үг, үсэг, утга найруулгатай холбоотой өөрсдийн саналаа удаа дараа хүүргүүлж байсан. Сүүлд гарсан хуулийн төслийг аваад үзвэл бизнес эрхлэгчид болоод МҮХАҮТ-аас гаргасан саналууд тусгагдсан. Хөрөнгө оруулалтын тухай хууль бол олон асуудлын гогцоо зангилааг тайлах суурь хууль. Тиймээс яаралтай батлах хэрэгтэй, хойш тавих шаардлага байхгүй. Гэхдээ зөвхөн Хөрөнгө оруулалтын тухай хуулиар бүх асуудлыг шийдэх юм биш. Гадны хөрөнгө оруулалт дэд бүтэц, улс төр эдийн засгийн нөхцөл байдал, татварын хөнгөлөлт, татварын орчин зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Гэтэл энэ бүхнийг цааш нь үргэлжлүүлэн ярихын тулд суурь хууль болох Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүй. Тиймээс л энэ хуулийг хугацаа алдахгүй батлах нь чухал. Хууль батлагдаад маргааш нь хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирэх тухай асуудал биш. Нэмээд хууль эрхзүйн олон өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй.
Үүний дараа хууль хэрэгжиж эхэлснээс 2-3 жилийн дараа хөрөнгө оруулалтууд нэмэгдэнэ. Ялангуяа уул уурхайн бус салбаруудын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой олон асуудлууд гацаж ирсэн учраас эхний ээлжинд сууриа бат бөх болгох нь чухал. Тиймээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд батлах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Уул уурхайн бус экспорт буюу хөдөө аж ахуй, аялал жуулчлалтай холбоотой экспортыг нэмэгдүүлэх талаар Монгол Улс, улстөрчид 30 жил ярьж байна. Хийсэн ажил цөөхөн, хүрсэн үр дүн ховор. Тиймээс татварын олон зохицуулалт чухал байна. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт дээр ч анхаарах асуудал байна. Монгол Улс арабын улс орнууд шиг байгалийн баялагтай, тэднээс цөөн хүн амтай мөртлөө иргэдийнх нь дийлэнх хэсэг нь ядуу амьдарч байгаа нь бодлого нь болохгүй байгаагийн шинж.
Тиймээс яаралтай эдийн засгаа тэлэхийн тулд анхны алхамаа хийх хэрэгтэй. Анхны алхамаа хийж чадаагүй байж дараа дараагийн процессын талаар ярьж ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн элдэв поп санал, бүлтрэлтүүдээ улстөрчид болих хэрэгтэй. Яг энэ хөрөнгө оруулалттай холбоотой асуудал дээр бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолойг сонсох хэрэгтэй. Бусад асуудал дээр хэн юу гэж попрох нь хамаа алга. Өнөөдөр монголчууд өөрсдөө ч хууль эрх зүйн орчин, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын тогтвортой байдалд санаа зовж, эргэлзэж байна. Ийм байхад гадныхан бидэнд итгэх үү. Хуулиа ч шинэчилж батлаагүй байхад юугаа бодож хөрөнгөө манайд оруулах вэ. Олон олон хууль байгаа ч болит амьдарл дээр хэрэгждэггүй. Нугалаа их үүсгэдэг. Монгол Улсын авлигалын индекс маш өндөр байгаа. Даравч далдайна, булавч бултайна гэдэг шиг гадаадынхан энэ нөхцөл байдалд дүн шинжилгээ аль хэдийнэ хийчихсэн байгаа. Тэгэхээр энэ хуулийн төслийг ч бас гацааж нугалаа үүсгэж авлига авах сонирхолтой хүмүүс төрийн бүхий л шатанд байхыг үгүйсгэхгүй.
"Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр хоёр хөршийн хэт хамаарлыг бууруулна"
АНУ-ын Худалдааны танхимын Монголын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс:
-Өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулалтыг татах, хөрөнгө оруулагчид руу чиглэсэн хэд хэдэн бодлогын алдаа аргаж ирсэн. Тухайлбал, хууль эрх зүйн орчинг аваад үзвэл Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар, Стратегийн салбарт хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль, урт нэртэй хуулиуд гэх мэт олон хууль батлахдаа бид бодлогын алдаа гаргасан. Үүний уршгаар гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ огцом буурсан. Тухайлбал, 2012 оныг хүртэл гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эрчимтэй өсч байсан боловч түүнээс хойш хэрэгжсэн бодлогын алдаануудаас үүдэн огцом буурч, валютын нөөц хомсдох хүртэл асуудал үүссэн. Өнгөрсөн жил хэрэгжүүлсэн гадаад харилцааны бодлогуудын үр дүнд гуравдагч хөршийн орнуудтай харилцаагаа сайжруулах алхамууд хийсэн. Энэ харилцаагаа эдийн засаг, бизнесийн түвшинд өргөжүүлэх шаардлагатай байна.Тэр дундаа хөрөнгө оруулалт, бизнесийн төслүүд хэрэгжүүлэх гуравдагч хөршийн харилцааг бодитой болгох том хөшүүрэг нь Хөрөнгө оруулалтын тухай хууль юм.
Америкийн танхимийн зүгээс дэвшүүлдэг гол бодлого бол гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг илүү нэмэгдүүлэх байдаг. Үүний үр дүнд хоёр хөршөөсөө хэт их хамааралтай байдлыг бага боловч бууруулна. Тиймээс хөрөнгө оруулагчдын санаа бодлыг сонсдог, маргааныг заавал арбитарын шүүхээр шийдвэрлэдэг биш Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлөөр оруулж, маргаан даамжирахаас сэргийлэх механизм бүрдүүлэх талаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд тусгаж өгсөн нь сайн.
Мөн татварын бус урамшууллыг хөрөнгө оруулагчдад олгож байна. Тэр дундаа газрыг 60 жилээр ашиглуулах, 40 жилээр сунгах зүйл заалтыг оруулж ирсэн нь тогтвортой байдалд эерэгээр нөлөөлнө. Түүнчлэн төрийн албан хаагчийн зүгээс хөрөнгө оруулалтыг эсэргүүцсэн, бууруулах оролдлого хийсэн бол хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт оруулж ирлээ. Олон улсын жишгийг аваад үзвэл хөрөнгө оруулалтын хэмжээнд 100 мяган ам.доллар оруулсан байх ёстой гэсэн босго дүнг авч аль болох хөрөнгө оруулагчдаа дэмжсэн, уриалсан орчин бүрдүүлэхийг зорьж байна. Хууль эрх зүйн орчин сайн байгаад хөрөнгө оруулалт нэмэгдвэл эдийн засгийн орчин өөрөө өөрийгөө эмчилэх процесс явагдана.Хөрөнгө оруулалттай холбоотой асуудлыг цогцоор нь шийдэж байж хөрөнгө оруулалтын асуудал цогцоороо шийдэгдэнэ.
"Гадаад хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэл төгс хөрөнгө оруулалт хийж чаддаггүй"
БритЧан танхимийн маркетинг хариуцсан захирал Тоби Филпотт:
-Монгол Улсад ирж ажилласан 6-7 жилийн хугацаанд эдийн засгийн төрөлжилт бий болгох асуудлыг хажуугийн шугамаас харах биш өөрөө энэ ажилд гар бие оролцож, ажилласан. Гадаад харилцааны яам болон Европын холбооны санхүүжилтээр орж ирсэн худалдааг дэмжих төсөл дээр тодорхой хугацаанд ажиллаж туршлага хуримтлуулсан. Одоогийн байдлаар Монгол Улсад уул уурхайн салбар дээр тулгуурласан, түүнээс хамааралтай эдийн засаг хэвээр үргэлжилж байна. Үүнийг дагаад экспортын дүн, экспортын бараа бүтээгдэхүүний төрөл зүйл уул уурхайгаа дагасан шинж тэмдэгтэй байна. Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсаас, Монгол Улсын Засгийн газраас ямар хүлээлттэй байна гэхээр тухайн орны сонирхол хаашаа чиглэж байна, гадаадын хөрөнгө оруулалтыг татах сонирхол үнэхээр байна уу, хөрөнгө оруулалт татахын тулд ямар хууль эрх зүйн орчин бүрдүүлж байна, татварын болоод бизнес хийх орчин ямар байна, хууль эрх зүйн оряин нь хэр үр өгөөжтэй вэ гэдгийг л ажигладаг.
Хууль эрх зүйн орчныг аваад үзвэл тогтворгүй, хуульд дур зоргоороо өөрчлөлт оруулдаг, тогтворгүй, таамаглахад бэрхшээлтэй зэрэг асуудлуудаас үүдэн гадны хөрөнгө оруулагчидын санааг хамгийн их зовоодог. Хууль эрх зүйн орчныг хөл бөмбөгийн талбай дээр бөмбөг өшиглөж байгаа мэт нааш, цааш болгож тоглож болохгүй. Ийм учраас хөрөнгө оруулагчид итгэл дүүрэн Монгол Улс руу орж ирж хөрөнгө оруулалт хийж чаддаггүй.
Түүнчлэн хүний нөөцийн асуудал Монголд хурцаар тавигдаж байна.Тиймээс Монгол Улсад хөрөнгө оруулаад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудад ажиллах залуусын чадамжийг сайжруулах ёстой. Одоо хөдөлмөр эрхэлж байгаа залуусаа дэмжих ёстой. Үүний үр дүнд хөрөнгө оруулахаар орж ирж байгаа компаниуд ажиллах хүч, хүний нөөцийн хувьд санаа зовох зүйлгүй болж суурь чанарууд дээшилнэ. Мөн татвартай холбоотой хууль эрх зүйн орчноо хөрөнгө оруулагчдад өгөөш төдий өгч болохгүй. Хөрөнгө оруулагчдад нээлттэй, ил тод, тогтвортой орчин хэрэгтэй. Нэг хуульд оруулаагүй заалтыг дараагийн хуульд оруулна гэдэг улс төрийн амлалт, хүлээлт байдлаар ярихаар хөрөнгө оруулагчдад хоёрдмол ойлголт төрүүлж байна. Тэд таатай, тогтвортой, таамаглахад амархан нөхцөлтэй улс орнуудыг хамгийн их сонирхдог. Ийм бодит жишээнээс Монгол Улс суралцах, судлах, дараа нь хэрэгжүүлэх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд нэг хууль батлагдснаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн үг биш. Харин цогц байдлаар өөрчлөлт оруулж иргэд, олон нийт, төр засаг, хувийн сектор бүгд хамтдаа гар нийлж ажиллаж байж хөгжүүлэх хамтын зүтгэлийн үр дүнд бий болох ажил юм.
Эдийн засагч 2024-01-12 202.55.188.86
Гадаадын хөрөнгө оруулагч гэж хэн бэ? Эхлээд энэ асуултад зөв өнцгөөс зөв хариулт өгөх хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагч бол ашиг олж мөнгөө арвижуулах зорилготой гадаад хүн, эсвэл гадаадын компани. Юуны түрүүнд тэдэнд өөрийнхөө мөнгийг зарлагадаж монголыг хөгжүүлэх туйлын зорилго байх боломжгүй гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Тэд юу ч гэж сайхан ярьж болно. Бид юу ч гэж сайхан мөрөөдөж олно. Харин тэдэнд зөвхөн хувийн ашиг сонирхлыг жолооддог эдийн засгийн хууль л үйлчилнэ. Үүнийг л ойлго.
Нэргүй 2024-01-12 213.87.153.124
Харуулах боломжгүй.
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Ертөнцийн аливаа юмс ХЭМЖЭЭТЭЙ гэдэг ч үнэн дэг шүү янз нь.... 2024-01-12 66.181.176.130
Орос биднийг сонирхохоо болиод 33 жил боллоо. Бид танайхаас нефтийн бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүч авахаа болилоо гэвэл тэд за л гэнэ.Одоо монгол, оросын харилцаа доод түвшинд байгаа учраас манай хэн гэдэг элчин Москвад, оросын хэн гэдэг элчин УБ-т байгааг мэдэх хүн цөөн, сонирхохгүй Хятадын ӨМӨЗО-ны ганц хоёр аймагтай харьцаж байна.Өргөн хүрээний хамтын ажиллагааны платформ байхгүй, хилийн худалдааны түвшинд. Чингисийн Монгол гэж бид дэвээд нэмэргүй, хөршүүд тоодоггүй, яаядаа байз …
Зочин 2024-01-12 202.9.47.16
Мөнгөө дээрэмдүүлэх гээдл Монголруу мөнгөө чирээд явж байх тийм тэнэг одоо байхуу ? ..Ёстой горьдвоо …
Зочин 2024-01-12 202.126.89.3
Татварын хөнгөлөлт үзүүлэх, хууль эрх зүйн орчноо сайжруулах гэх мэтээр гадаадын ХО-г татна. Тэрнээс биш босгоо авч хаях, газраа өгөх гээд зүтгээд байх юм. Газраа ямар ч тохиолдолд бүү өг.
Тодорхой хэмжээний босго байх ёстой. Мөнгөгүй гадаадын хүнээс хөрөнгө татах юм уу
Эцэст нь : хуулиа батлуулах гээд чичрээд улайраад байх юм. Захиалгатай юм биш биз. Ард түмнээрээ хэлэлцүүл. Бүү яар. Дараагийн УИХ-ын гишүүд хэлэлцээд баталж болно шүү дээ
Зочин 2024-01-12 202.9.47.16
Хөгжлийг хүлээсээр байтал нас явлаа ….малаа
Нэргүй 2024-01-12 66.181.182.83
Хувиа хичээхээ больж үр ххүүхдийнхээ ирээдүйг бод.
БОХИР 2024-01-12 203.98.76.4
БОХИР БИЗНИС БОХИР ТӨР….АЛИНД НЬ Ч ИТГЭХ АРГАГҮЙ ….
иргэн 2024-01-12 66.181.187.236
Оюутолгой , Петрочайна Монголд орж ирээд ямар Ашиг өгөв , Гадныхан орж ирээд Африк шиг л цөлмөөд л гарна, Тэгээд ч манайхан Гадны хөрөнгө оруулагчидын Хөрөнгийг дээрэмдээд л гаргаад Шившиг болно,
сонгогч 2024-01-12 202.9.46.175
1 хуулийг 4 жил яриад батлаж чаддаггүй махан толгойтнууд УИХ-д сууж байгаа юмаа даа
Нэргүй 2024-01-12 66.181.176.91
Гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэгчид нь дэлхийд ганцаар хаана ч байхгүй нэг их чухал баялаг бөгсөн дороо сандайлаад суучихсан дэбиль хүн шиг аашлах юмаа?!! ДЭЛХИЙ Монголгүйгээр амьдарч чадна! Харин МОНГОЛ дэлхийгнүйгээр амьдарч чадахгүй!! АНУ, БНХАУ гэсэн дэлхийн №1-№2 их гүрнүүд гадаадын хөрөнгө оруулагчийн өмнө бөхөлзөж байна шүү дээ!!! Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхийг эсэргүүцэгчид нь: 1-рт, учир мэдэхгүй мунхагууд; 2-рт, Оросын заавраар гацаагчид!
Нэргүй 2024-01-12 66.181.176.91
Казахстан гадаадын хөрөнгө оруулалтаар огцом цойлж хөгжсөн. Тэнд ганц хүн бүхнийг шийддэг байсан учраас элдэв эсэргүүцэл гараагүй, маш хурдтай шийдээд явсан!! Харин манай төр засаг хөгжилд саад бологчдыг хуулийн дагуу няц гишгэж хаях хэрэгтэй!!! Тийм боломж бий, даанч төр засаг нялцганаад байх юм!!
Зочин 2024-01-12 66.181.167.74
Казахстан ч өөр улс, Казахстан хэдэн сая, Монгол хэдэн сая хүнтэйг наад зах нь мэдэх үү.
Зочин 2024-01-12 66.181.178.128
100 мянган ам дол босго байх естой Уг нь байсан заалтыг Ганхуяг Булган туяа нар туруучийн тосолдоо хассаныг Хурэлбаатар нар тэр чигээр нь зутгуулсэн нь буруу Хоеррт газраа барьцаалж байхаар татварын хонгололт узуулэх хэоэгтэй Хууль батлагдаж хэрэгжих явцад судалгаа хиймээр Малчдын бэлчээрт яаж нолоолж байгаа гэх мэт
Зочин 2024-01-12 66.181.178.128
Хууль тэгэж байгаад батлагдах нь мэдээж Шуумжлэлиийг попролтт гэх нь буруу яхарин ч хуулийг сайжруулах боломж. Юм АН завсарлага авсанаар зарим заалтад оорслолт оруулах боломж гарч байна