АНУ, Хятадын аль алинд тал алдахгүйг хичээх Мексик

АНУ, Хятадын аль алинд тал алдахгүйг хичээх Мексик

АНУ, Хятадын аль алинд тал алдахгүйг хичээх Мексик

Мексик улс өнгөрсөн онд АНУ-ын хамгийн том худалдааны түнш болсон. Гэвч Мексик-АНУ, Мексик-Хятад аль алиных нь эдийн засгийн харилцаа муугүй байгаа нь АНУ-ын санааг зовоож эхэлжээ. Яагаад гэвэл Хятадын хөрөнгө оруулалтыг Хойд Америкийн худалдааны хэлэлцээрийн давуу талыг ашиглах оролдлого гэж АНУ харж байна.

Үүнийг ажиглагчид янз бүрээр тайлбарлаж буй. Зарим нь Мексик улс АНУ-ын худалдааны гол түнш болсныг Хятадаас ангижирсантай холбон ойлгож байна. Харин зарим нь хориг арга хэмжээ, татвар зэргээс зайлсхийхийн тулд Хятад улс АНУ-ын хөрштэй харилцаагаа сайжруулахыг оролдож байна гэж үзэв.

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампийн үеийн худалдааны дайн болон Covid-19 цар тахлын дараа буюу 2019-2021 онд Мексик дэх Хятадын шууд хөрөнгө оруулалт гурав дахин өсчээ. Мексикийн Нуэво Леон мужид л гэхэд Хятадын корпорациуд нийт гадаадын хөрөнгө оруулалтын 30 хувийг эзэлсэн байна. Нуэво Леон нь үйлдвэрлэлийн хэмжээгээрээ Мексиктээ тэргүүлдэг муж юм.

Америкчууд ямар ч байр суурьтай байсан мексикчүүдэд баярлах шалтгаан бий. Бээжингээс олон тэрбум ам.доллар урсан орж ирснээр хэдэн мянган ажлын байр бий болж, Мексик улсын геополитикийн ач холбогдол нэмэгдсэн юм. Ийнхүү Мексик, Хятадын худалдааны харилцаа улам гүнзгийрчээ.

2023 оны эхний зургаан сарын байдлаар АНУ-ын Хятадаас импортлох бараа бүтээгдэхүүний хэмжээ 25 хувиар буурсан. Тиймээс Бээжин Мексикт анхаарал хандуулахаар шийджээ.

Гэтэл хөрөнгө оруулалт эрчимжиж эхлэхтэй зэрэгцээд Мексик улс чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй улс орнуудын худалдааны татварыг нэмэгдүүлэхээр шийдэв. Үүнд Хятад улс багтана. Тодруулбал, 392 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний татварыг 5-25 хувиар түр хугацаанд нэмэгдүүлэх шийдвэрийг Мексик гаргасан. Наймдугаар сарын 16-наас мөрдөгдөж эхэлсэн эл журам Хятадаас Мексик рүү экспортолдог бараа бүтээгдэхүүний 90 орчим хувьд нөлөөлж байна. Гэтэл энэ шийдвэр 2025 оны долдугаар сар хүртэл хүчинтэй байх юм.

Хятад улс үүнд сөрөг хариу үйлдэл үзүүлсэн нь ойлгомжтой. Татварын нэмэгдлийг зарласны дараа Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядун "Мексик чөлөөт худалдааны зарчмыг баримталж, ийм арга хэмжээ хэрэгжүүлэхдээ болгоомжтой хандана гэдэгт найдаж байна. Мексикийн татвар өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшилд нөлөөлнө" гэж мэдэгджээ.

Өнгөцхөн харахад энэ алхам ойлгомжгүй. Мексик яагаад хамгийн хурдацтай хөгжиж буй хөрөнгө оруулагчтайгаа худалдааг хязгаарлах болов? Үүнийг дараах хэдэн хүчин зүйлээр тайлбарлажээ.

Нэгдүгээрт, АНУ-ын дарамтыг нэмэгдүүлэх зорилготой. Мексикийн эдийн засаг дахь Хятадын нөлөө нэмэгдсээр байгаад АНУ таатай хандаагүй. Тиймээс Мексик улс АНУ-ын зарим хүслийг биелүүлэхийн зэрэгцээ хоёр том гүрний хэн хэнтэй нь харилцаагаа хадгалж үлдэхийг хүсч байна. Тус улс гадаад худалдаанаас ихээхэн хамааралтай хэвээр байна. Хятадтай хийх худалдаагаа мэдэгдэхүйц бууруулах нь тэдний хувьд байнгын бөгөөд зөв хувилбар биш.

Гэвч аюулгүй байдлын хамгийн том түнш, валютын зээлдүүлэгч, гадаадын хамгийн том шууд хөрөнгө оруулагч АНУ-тай ойр дотно харилцаагаа хадгалахын тулд Мексик сайн санааны илэрхийлэл болгон ийм алхам хийхээс өөр аргагүйд хүрсэн байж мэднэ.

Хоёр улс худалдаа, аюулгүй байдлын түншлэлийн асуудлаар хэлэлцээ хийж буй. Үүнтэй зэрэгцээд ойрын хугацаанд хоёр талын томоохон айлчлалууд, цагаачлал, ардчиллын тогтвортой байдал, гэмт бүлэглэлийн хүчирхийллийн улмаас хурцадмал байдал үүсээд амжлаа.

Үндсэндээ Хятад, АНУ-ын хэн хэнтэй нь нааштай харилцаагаа хадгалж, эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй байхыг хичээж буй Мексикийн хувьд татварын нэмэгдэл нь хамгийн тааруухан шийдвэр байж магадгүй. Зөвхөн Мексикээр тогтохгүй Латин Америкийн өөр хэд хэдэн орон Хятад, АНУ-ын хооронд хаданд хавчуулагдсан халиуны зулзага адил байгааг "The diplomat" онцолж байна. Тэд хоёр том гүрний геополитикийн асуудлыг өөрсдийн эдийн засгийн ашиг сонирхолтой тэнцвэржүүлэхийг хичээж байна.

Хоёрдугаарт, орлогоо нэмэгдүүлэхийг зорьж байна. Сонгуулийн жилийн өмнө Мексик улс эдийн засгийн хүндхэн асуудалтай нүүр тулаад буй. Тиймээс татвар нэмэх нь тус улсад орлогын шинэ эх үүсвэрийг бий болгоно.

Мексик экспортын гол бүтээгдэхүүн болох ган, хөнгөн цагаан, автомашины эд анги, химийн бүтээгдэхүүнд татвар ногдуулж байна. Зөвхөн аравдугаар сард л гэхэд 1.9 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн Мексикээс Хятад руу экспортолсныг харвал татварын нэмэгдэл нь эдийн засаг, санхүүгийн гацаанд орсон улсад олон тэрбумыг авчирсан нь дамжиггүй.

Гэхдээ татварын нэмэгдлийг зарлахаасаа өмнө Мексикийн зүгээс Хятадад анхааруулга хүргүүлж байжээ. Энэ нь шаардлагатай зохицуулалт хийх боломж олгосон юм.

Гуравдугаарт, Хятадыг чөлөөт худалдааны хэлэлцээрт түлхэхийг зорьж байна. Дээр дурдсанчлан, Мексиктэй чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй улс орнууд л татварын нэмэгдэлд багтана.

Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор, Хятадын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд Сан Францискод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсон. Энэ үеэр тэд уулзаж, хоёр талын худалдаа, хамтын ажиллагааг улам бүр нэмэгдүүлэхээр тохирсон аж. Чөлөөт худалдааны хэлэлцээр нь энэхүү амлалтын биелэлтийг улам хөнгөвчлөх давуу талтай.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-12 213.87.153.124

===== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж