Улстөрчид бодохдоо төсвийн мөнгө “уйлдаггүй”, төрийн сан “хоосордоггүй” гэж хулгайлдаг байх. Гэхдээ төсөв улайж, төрийн сан дампуурдаг гэхээр энэ үг мэдээж худлаа болж таарах нь.
Монголд тусгай сан нэртэй төсвөөс санхүүждэг 24 сан байдаг агаад өнгөрсөн 30 жилд улстөрч-бизнесийн бүлэглэлийн цөөн хэдэн хүмүүсийн угжны сав байж ирснийг ЖДҮСХ, ХААДС болон БЗС-г тоносон, тойрсон дуулиан, шуугианаас тодорхой болсон.
2018 онд ЖДҮХС-гийн мөнгийг тэгш хүртээмжтэйгээр хувааж авсан гэх хэрэгт 49 хүн /улстөрч, төрийн өндөр албан тушаалтан/ холбогдож, тэднээс дөрөв нь шүүхээс ял шийтгэл хүлээсэн юм. Энэ явдал төрийн санг тоносон эхний бөгөөд сүүлчийн хэрэг байгаагүй. Өнгөрсөн хавар БЗС-гийн луйвар дэлгэгдэж, нийгмээрээ баян, ядуугаараа талцахад хүргэсэн. Аргагүй байх л даа, жирийн иргэд хүүхдээ гадаадад битгий хэл дотооддоо сургахын тулд зээл хуй авахаас эхлээд гэр орноо зарах дээрээ тулдаг бол жилдээ хэдэн зуун тэрбумын орлоготой бизнесменүүд болон улстөрчдийн үр хүүхдүүд улсын зуун хувийн тэтгэмж, зээлээр гадаадад сурдаг байсан нь боловсролын жинхэнэ ялгаварлал. Угаасаа өөрийн өмч гэх юмгүй өссөн манай улстөрчдийн “өсөхийн өлөн” одоо ч арилаагүй. Хулгай хийх боломж гарч ирэх юм бол “чи хөрөнгөө нуухгүй бол би нүдээ нуухгүй” л гэх байх.
Албан тушаал, эрх мэдлээ ашиглаад аав нь охиндоо, ах нь дүүдээ, ээж нь хүүдээ, эхнэр, нөхөртөө БЗС-гаас зээл авч өгсөн нь, түүний өнгөрсөн хугацаанд төлөлгүй ирсэн нь баримт, нотолгоотойгоо олон нийтэд цацагдсаны цаана Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцэх ажиллагаа байсан. Анх энэ талаар шүгэл үлээсэн хүн нь Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал. Харвардад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт суралцаж байсан тэрбээр БЗС-гийн хулгайг “дэлбэлсэн” нь зорилготой ч, зохион байгуулалттай ч байв. Гэхдээ гол зүйл нь энэхүү дуулианы дараа улстөрчид, баячуудын хулгай, луйврын үүр байсан БЗС иргэд, олон нийтэд ил тод болсон.
Тэгээд бүр бакалаврын түвшинд суралцахаар зээл авсан суралцагчдын 37 хувь нь дэлхийн ТОП-100 сургуульд багтаагүй, 56 хувь нь тэргүүлэх чиглэлээр сураагүй байсан гэхээр ерөөсөө өнгөрсөн 30 жил чадвал хуваагаад хулгайлъя гэсэн “бичигдээгүй хууль” Монголд, монголчуудад үйлчилсээр иржээ. Хулгайлсан нь хождог, хууль дүрмээ биелүүлсэн нь монждог байж болох уу?
1993 онд байгуулсан БЗС-гийн анхны зорилго нь санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай залуусыг дэмжих байв. Атал “санхүү авах” нь бүү хэл санхүүжүүлэх мөнгөтэй гарууд хүртэл БЗС-гаас зээл авчихсан, тэр мөртөө авсан зээлээ төлсөн нь бараг байхгүй. Бакалаврын түвшинд суралцагчдын зээл 100 хувь эргэн төлөгдөөгүй бол магистр, докторт суралцагчдын 99 хувь нь “замхарсан” байна. Боловсролын сайд нь хүртэл цөөнгүй зээл хууль бусаар чөлөөлчихсөн ч байх. Л.Гантөмөр сайд байхдаа 435 суралцагчийн 40.6 тэрбумын зээлийг чөлөөлсөн бол Л.Энх-Амгалан 9.05 тэрбумын 89 зээлдэгчийн зээлийг чөлөөлжээ.
Монголд үнэхээр хэрэгтэй мэргэжлээр, хичээл зүтгэлээрээ сурахыг хүссэн хэчнээн хүүхэд боловсролын хулгайн золиос болсныг хэлж мэдэхгүй.
Тиймээс Л.Оюун-Эрдэнийн засгийн нэг шинэчлэлт нь БЗС-аас зээл авч буй хүмүүсийн мэдээллийг шилэн болгосон. Ямар сургуульд суралцахаар явж байгаа хэдэн ам.долларын зээл олгосон нь мөн суралцагчдыг сургуулийн эрэмбэ, тэргүүлэх мэргэжил, хэлний оноо, голч дүн, суралцах чадварын ерөнхий үнэлгээ гэсэн таван шалгуур үзүүлэлтээр эрэмбэлснийг ил тол болсон.
Засгийн газраас зарласан таван "Ш”-ийн нэг “Шилэн” ажиллагааг ажиллагааны хүрээнд нийт 24 сан, тэдгээрийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг ил тод байршуулсан. Боловсролын зээлийн сангийн 2007-2023 оны хооронд нийт 1605 суралцагчид гадаадын зээл тэтгэлгийн чиглэлээр олгосон 269.9 тэрбум төгрөгийн санхүүжилт, түүнээс 259.7 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг хэн ч хаанаас ч ороод авахад асуудалгүй.
Тэгэхгүй бол “өсөхийн өлөн” нь арилаагүй өнөө хэд маань сардаа хэдэн зуун тэрбумын орлого олдог хэрнээ сарын сая төгрөгийн цалинтай бусдын болон үр хүүхдийнх нь боломжийг, боловсролыг хулгайсаар байх биз.
Ж.ЭРХЭС
Зочин 2024-01-11 139.5.216.186
яг газар дээрээ худлаа байдаг борчуудын хүүхдүүдэд олон шалгуур тавьдаг юм бна
Зочин 2024-01-11 202.126.94.99
Дээд боловсролыг самарч дууслаа, энэ ЯАМ !!!
Нэргүй 2024-01-11 213.87.161.201
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-11 188.162.254.80
Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!!!!
ЗОЧИН 2024-01-11 122.201.23.84
Батнайрамдалд Сүхбаатрын одон өг, Мөн энэ онд гишүүн болго, Олон ч будилаан гаргаж ирнэ байх
Зочин 2024-01-11 139.5.216.186
шүгэл үлээсэн ба Найрамдал сийлэн багш хоёртоо баярлалаа борчуудын мундаг хүүхдүүдэд бага ч гэсэн боломт олдлоо харин хулгайч Гантөмөр Энх-Амгалан 2хулгайч сайд сонгуульд ямар нүүрээрээ нэр дэвших гээд бнаа