УИХ-ын чуулганаар нууц асуудал хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг хаалттай горимд шилжүүлээд байна. Учир нь, тус хуралдаанаар Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төсөлтэй холбоотойгоор улсын нууцад хамаарах асуудал яригдах учраас хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн нь энэ юм.
УИХ: Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн 7 гишүүнийг томиллоо
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нарыг томилж, Д.Даваасамбуу, Э.Бямбажав, Б.Баярдаваа, А.Энхжин, Л.Отгонтуяа, Д.Сувдаа, Г.Алтанзаяа нарыг чөлөөллөө. Санал хураалтыг нууцаар явуулж, тогтоолыг баталсан юм. Хуульд зааснаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар томилдог бол тогтоол батлагдсан өдрөөс хэрэгжиж эхэлнэ.
УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр дээрх нэр дэвшигчдээр томилгооны сонсгол зохион байгуулсан юм.
Д.Баярсайхан: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 11,6 их наяд төгрөгт хүрсэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж байгаатай холбоотойгоор гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:
-Хөрөнгийн зах зээл, үнэт цаасны зах зээл богино хугацаанд өөрчлөгдөж байна, анхаарах ёстой. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос хийсэн судалгаагаар Хөрөнгийн биржийн шимтгэл өндөр байна гэсэн байсан. Шимтгэл дээр ямар бодлого барьж байна. Судалгаанууд нь 2019 он гэж гараад байдаг. Энэ хууль 2019 онд өргөн баригдсан юм уу, хаашаа юм. Хөрөнгийн бирж дээр 196 компани байгаагаас 30 хувь нь шаардлага хангадаг бол 70 хувь хангадаггүй гэж. Энэ тоо өөрчлөгдсөн үү. Биржийн бус арилжаагаар 1,7 их наядын гүйлгээ хийгдсэн байна. Биржийн болон биржийн бус арилжааг ялгаатай тогтоох чиглэлээр төсөлд хэрхэн тусгав.
Жижиг хувьцаа эзэмшигдийн эрх ашийг яаж хамгаалах вэ, ямар зохицуулалт хийж байна вэ. Даатгалын шинэчлэлийг хэзээ хийх вэ. Хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийг татах чиглэлээр юу хийж байна вэ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан:
-Алсын хараа-2050, дунд хугацааны стратеги зэрэг бодлогуудад ухаалаг санхүүгийн зах зээлийг хөгжүүлнэ гэж заасан байдаг. Олон тулгуурт санхүүгийн салбарыг хөгжүүлэх тэр дундаа банкнаас бусад санхүүгийн салбарыг дэмжих чиглэлээр маш олон бодлогын баримт бичгүүд гарсан. Энэ хүрээнд зээлийн хүүг буруулах стратеги дотор зардлыг бууруулах замаар өрсөлдөөн бий болгож, хөрөнгийн зах зээл дэх бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэхээр тусгасан байсан. Дээр нь Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Мөн Монгол Улсын 2022, 2023 оны төсвийн тухай хуулиудад татварын хөнгөлөлтүүд суусан. Энэ хүрээнд хөрөнгийн зах зээлд богино хугацаанд өсөлт үзүүлсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд 337,8 хувь өссөн. 2020 оны эцэстэй харьцуулахад 3,7 хувийн өсөлт үзүүлсэн. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнөөдөр 11,6 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон. УИХ-аас гаргаж байгаа бодлогын шийдвэрүүд, Санхүүгийн зохицуулах хорооноос гарч байгаа шийдвэр салбарынхны хамтын ажиллагааны үр дүн.
Онцолж хэлэх нэг зүйл нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хөрөнгийн зах зээл зөвхөн Монголын хөрөнгийн биржээс санхүүжилт татдаг байсан бол биржийн бус зах зээлийн зохицуулалтын журмыг 2021 оны есдүгээр сараас хэрэгжүүлснээр багагүй санхүүжилтийг татаж, өндөр өсөлт үзүүлсэн.
Том дүнгээрээ харах юм бол 2,4 их наядын өрийн хэрэгсэл бүртгэгдсэн. Олон нийтээс 1,74 их наядын санхүүжилтийг татан төвлөрүүлсэн.
Хөрөнгийн зах зээлийн суурийн суурь гэдэг бол өрийн хэрэгсэл бондын зах зээлийг хөгжүүлэх бодлогын зорилт тавьсан. Энэ хүрээндээ бүртгэлийн журмыг анх удаа олон улсын стандартад нийцүүлээд хувьцааны бүртгэл, өрийн хэрэгслийн бүртгэл гэж хоёр ангилсан. Ахиц дэвшил гарсан. Дээрээс нь олон улсын төлбөр тооцооны горимтой нийцүүлсэн,
Монгол Улсыг олон улсын ажиглагчийн жагсаалтад оруулсан байсан бол хөгжиж буй орнуудын жагсаалтад оруулсан. Олон улсын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн бирж дээр оролцох үүд хаалгыг нээсэн.
Манай хөрөнгийн зах зээлд дунд, урт хугацааны хөрөнгө оруулагч хэрэгтэй байгаа. Холбогдох газруудтай хамтраад Даатгалын багц төслийг болвсруулсан, Засгийн газраас өргөн мэдүүлнэ. Ингээд явах юм бол даатгалын сангууд, даатгалын нөөц сангууд урт хугацааны хөрөнгө оруулагч нар байдаг, энэ хүрээндээ оролцох байх.
Хэдийгээр хууль батлагдаагүй байгаа ч даатгалын компаниудад тавих зохистой харьцааны шалгуур нөхцөлд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээндээ 183 тэрбум төгрөг хөрөнгийн зах зээлд даатгалын компаниуд оруулах үүд хаалга нээсэн.
Жижиг хувьцаа эзэмшигчидийн эрх ашгийг хамгаалах тухайд, жижиг хувьцаа эзэмшигчид нэгдээд ТУЗ-д төлөөллөө оруулах, мэдээлэл авах, олон нийтэд мэдээллээ хүргэх эрх нээгдсэн. Компанийн засаглал маш чухал байдаг, дахин шинэчлээд компанийн засаглал дахь үнэлгээг хийсэн. ААН-үүдийг олон нийтийн компани болгох чиглэлээр ажиллаж байна. Энэ хүрээнд жендэрийн мэдрэмжтэй, ногоон, байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөр орж ирвэл Санхүүгийн зохицуулах хороо ажлын 10 хоногт шийдэх зохицуулалт хийсэн. Үндэсний том аж ахуйн нэгжийг олон нийтийн компани болгох хүрээнд МҮХАҮТ-тай санамж бичиг байгуулсан. ТОП-100 аж ахуй нэгжээс барьцаа шаардахгүйгээр өрийн хэрэгсэл бонд гаргахыг зөвшөөрнө. Дээрээс нь хөнгөвчилсөн нөхцөлөөр бүртгэх үйл ажиллагаа хийгдсэн. Энэ хүрээнд Монгол Улс оон улсын зах зээлд анх удаа 60 сая ам.доллартай тэнцэх ногоон бонд гаргасан. Дотооддоо мөн бонд гаргаад явж байна. Үндэсний мөнгөн тэмдэгтээс гадна гадаад валют гаргах зохицуулалт хийгээд ажиллаж байна.
Шимтгэл хураамжийн хувьд нэлээд ажил хийж байна. Салбар маань харьцангуй олон оролцогч, тоглогчтой. Дээрээс нь Монголын хөрөнгийн бирж дээр 70 гаруй шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ 2020 оноос хойш гарсан. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснууд гарсан, хаалттай нээлттэй хөрөнгө оруулалтын арилжаа явдаг болсон, доллар, төгрөгийн хосолмол бонд гарсан.
Монголын хөрөнгийн биржийн шимтгэлийг 0,3 хувь болгож бууруулсан. Дараагийн хурлаар дахин буулгах санал хүргүүлсэн.
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн шимтгэлийг бууруулсан. 0,12 хувийн шимтгэл авч байна. Цаашдаа хүү шимтгэлийг бууруулах бодлого барьж, ажиллаж байна.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулна
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхэллээ. Уг хуулийн төслийг Засгийн газар боловсруулсан бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.
Үнэт цаасны тухай анхны хууль нь иргэдэд өмчийн хуваарилалтыг оновчтой хийх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор 1994 онд батлагдаж, үүнээс хойш компаниуд хувьцаагаа олон нийтэд санал болгох үйл ажиллагаа амжилттай хийгдэж, зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд үүсэж эхэлсэнтэй холбоотойгоор Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд 2002 онд, үүний дараа дэлхийн санхүүгийн хямралтай холбоотойгоор Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага (IOSCO)-аас гаргасан зарчим, зөвлөмжид тулгуурлан 2013 онд тус тус шинэчлэн баталсан нь мөрдөгдөж байгаа аж.
Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид төслийг хамтран боловсруулсан байна.
Хуулийн төсөлд хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх, мэргэжлийн, урт хугацаат хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн оролцогчдын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, компанийн засаглалыг сайжруулахаар гол өөрчлөлтүүдийг тусгажээ.
Хуулийн төслийг боловсруулах явцад ажлын хэсгийн хэлэлцүүлгийг 3 удаа, олон нийтийн хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгуулж, нийтдээ 300 гаруй санал холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд, зах зээлийн мэргэжлийн оролцогчид, хөрөнгө оруулагчдаас бичгээр болон хэлэлцүүлгийн явцад ирсэн ба эдгээр саналын 90 орчим хувийг хүлээн авч хуулийн төсөлд тусгаснаар одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 30 хувьд өөрчлөлт орохоор байгаа аж.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд төсөл дэх нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар олон улсын хөрөнгийн зах зээл дээрх шинэ бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх эрх зүйн орчин бүрдэх, урт хугацаат хөрөнгө оруулалт нэмэгдэх, улмаар хувийн хэвшлийн компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулан урт хугацаат санхүүжилт татах үйл явц хялбаршиж, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдын хөрөнгө оруулах сонирхол, санхүүгийн зах зээл дээрх мөнгөн урсгал нэмэгдэн улмаар татварын орлого нэмэгдэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих ач холбогдолтой гэлээ.
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан болж байна
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэлж, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцэст нь уг төслийг эцсийн хэлэлцүүлэгт гүйцээн боловсруулахыг чиглэл болгон, УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэгдсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ.
Чуулганы хуралдааныг завсарлуулав
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдааныг завсарлуулаад байна. Чуулганы хуралдааныг завсарлуулахын өмнө УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүн өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай болон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн мэдүүлсэн Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай УИХ-ын тогтоолуудыг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас үргэлжлэх бөгөөд дээрх төслөөр гишүүдээс санал хураана.
Нисгэгч, инженерүүдийг чадавхижуулах зорилгоор 24.7 сая еврогийн зээл авна
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц улсын Засгийн газар хооронд 2019 онд байгуулсан Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын байгууллагад Агаараас эрэн хайх, аврах анги байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төслийг хэрэгжүүлжээ. Төслийн хүрээнд дөрвөн нисдэг тэрэг нийлүүлсэн бөгөөд евро стандартын симулятор, засвар үйлчилгээний төв, оффис бүхий ангартай Агаараас эрэн хайх, аврах анги байгуулагдаж нисэгч, инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж буй аж.
Тус анги 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар нийт 94 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 133 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад хүргэжээ.
Монгол Улсын Засгийн газраас энэ төслийн хэрэгцээ шаардлага, ач холбогдлыг харгалзан дараагийн шатны төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсний дагуу гэрээ байгуулах санал, гэрээний төслийг урьдчилан УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж, зөвшилцсөн.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийг хэрэгжүүлэх Санхүүгийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Франц улсын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар нар 2023 оны аравдугаар сарын 13-нд Парис хотноо гарын үсэг зурсан байна.
Энэ хэлэлцээрийн дагуу жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 24.7 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авах аж.
Төслийн хоёрдугаар шатыг хэрэгжүүлснээр Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын нисгэгчид онцгой үүргийн нислэгийг өдөр, шөнийн цагт, хүндрүүлсэн нөхцөлд бие даан гүйцэтгэх бүрэн чадвартай болж, инженер, техникийн ажилтнуудыг үргэлжлүүлэн сургаж, нисдэг тэрэгний сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, засвар үйлчилгээг хийх арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн үзэж буй аж.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь зээлийн хэлэлцээрийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжсэнээр батлагдлаа.
Гал унтраах автомашин авахад зориулж 13,3 сая евротой тэнцэх зээл авна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийг хэрэгжүүлэх санхүүгийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Бүгд Найрамдах Франц улсын Жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар нар 2023 оны аравдугаар сарын 13-нд Парис хотноо гарын үсэг зуржээ.
Энэ хэлэлцээрийн дагуу жилийн 0.282 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, 13.3 сая евротой тэнцэх хэмжээний нэн хөнгөлөлттэй зээл авах юм байна.
Энэхүү зээлээр хэт хүйтний болон давчуу орчин нөхцөлд ажиллах чадвартай хөөсөөр гал түймэр унтраах болон 32, 42 метр хүртэлх өндөрт ажиллах 18 нэгж гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх юм байна. Эдгээр автомашинуудыг авснаар Онцгой байдлын байгууллагад ашиглаж байгаа гал түймэр унтраах автомашин, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал нэмэгдэж, ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулах, шатахуун түгээх станц, томоохон хэмжээний худалдааны төвд гарсан гал түймрийг түргэн шуурхай унтраах чадавх сайжирна хэмээн үзэж байгаа аж.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:
-Хэдэн жилийн өмнө манай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд гал гарахад онцгойгийн машин очиж чадаагүй. Тал талаас нь баахан хашаа татчихсан. Хэчнээн гоё машинтай байгаад энэ олон хашааг буулгаж, түргэний тэрэг, гал командын машин очдог болгохгүй бол жинхэнэ гамшиг энэ болж байна шүү.
2004 онд Японоос нэлээн олон машин оруулж ирсэн. Солонгосоос оруулж ирнэ, Оросоос оруулж ирнэ. Сэлбэгийнх нь үнэ дийлддэггүй, завсарчин нь олддоггүй. Нэгдсэн бодлоготой болмоор байна. Төрөөс бодлого гаргаад төрийн өмчийн байгууллагад нэг газраас нэг чанартай техник хэрэгсэл нийлүүлээд байх юм бол үнэ нь буурна. Лаосууд цагдаа, эмнэлэг, түргэн, хилийн цэрэг, онцгойдоо “Тоёото”-той гэрээ байгуулаад тусгай зориулалтын машин аваад, манайхаар бол аймгийн төвүүд дээрээ засварын төвтэй. Сэлбэгийн зардал, завсарын зардал багатай, олноор нь олон жилийн хугацаатай Засгийн газар гэрээ байгуулчихвал нөгөө компаниуд ч дуртай, зардал нь 20-30 хувиар буурдаг. Нэгдсэн хангамжийн бодлого руу шилжүүлэхгүй бол утгаа алдлаа.
Францаас 40 машин орж ирсэн, ахиад нэмээд машин орж ирнэ. Хуучин Японы машин явж байгаа, Солонгосын машин орж ирнэ, Оросын машин орж ирнэ. Техникийн сэлбэг хэрэгслийн л асуудал. Энэ дээр бодлого гаргамаар юм, Шадар сайд аа. Шаардлагатай бол хууль батлуулмаар байна.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян:
-Энэ бол зөв зүйтэй асуудал ярьж байгаа. Түгжрэл, төвлөрөл, газар зохион байгуулалтаас болж, манай яаралтай журмаар ажиллах аврах ажиллагааны машинууд галын голомтод очиход хүндрэл бэрхшээлтэй тулж байна. Орон сууцны гадаа машинууд бөөгнөрчихсөн зогсоол байыдаггүй. Гэр хорооллын газрыг нарийсгаад хашаа барьчихсан байдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Газрын албатай хамтраад газар чөлөөлөх арга хэмжээ авч байна. Үр дүнд хүрч байгаа ч зүйл бий, хүрэхгүй ч зүйл байна. Орон нутгийн захиргааны байгууллагатай үргэлжлүүлээд ажиллана.
Онцгой байдлын байгууллагад 2013 онд Японоос буцалтгүй тусламжаар 22 тусгай зориулалтын машин ирүүлсэн. Одоо ашиглагдаж байна. Евро стандартыг хангасан, байгаль цаг уурын нөхцөлд тохирсон, техникийн шаардлагад нийцсэн автомашин авах хүрээнд Франц улстай энэхүү төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Зээлийн хэлэлцээрийг хуралдаанд оролцсон гишүүдийн 40 нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдлаа.
С.Бямбацогт: Төмөр замчдын цалинг 20 хувиар, 13 дахь сарын цалинг 200 хувиар нэмсэн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга"-ийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ.
УИХ 2023 оны долдугаар сарын 7-нд Төмөр замын тээврийн тухай хуульд /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай болон Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг баталсан. Төмөр замын тээврийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төмөр замын тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байна” гэж заасан. Уг агентлаг нь төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаанд суурь бүтэц эзэмшигчийн хооронд, суурь бүтэц эзэмшигч болон тээвэрлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, галт тэрэгний хөдөлгөөнийг захирамжлан зохион байгуулах чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага гэдгийг тэрбээр тодотгов. Гэвч Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд Монгол Улсын төсөвт 2024 оны төвлөрүүлэх орлого, зарлагын бүрэлдэхүүнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Төмөр замын газар” байгуулах асуудал тусгагдаагүй аж.
Иймд дээрх агентлаг нь 2024 онд байгуулагдахгүй болсон тул Төмөр замын тээврийн тухай хуулийн хүчин төгөлдөр болох хугацааг “2024 оны нэгдүгээр сарын 1-н” гэснийг “2025 оны нэгдүгээр сарын 1-н” гэж, Төмөр замын тээврийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн "2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний" гэснийг "2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний" гэж, 5 дугаар зүйлийн "2024 оны" гэснийг "2025 оны" гэж тус тус өөрчлөхөөр төслийг боловсруулсан байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан, гишүүд асуулт тавьж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Төмөр замын тээврийн тухай хуульд өөрчлөлт ороод агентлаг нь хойшилж байгаа юм байна. Агентлаг байгуулаад явах юм бол эдийн засагт хэр их өсөлт өгөх юм.
Ковидын үеийн тээвэрлэлттэй холбоотой их дуулиан сонсогддог. Удахгүй УИХ-аар ярих байлгүй. Бөмбөлөг гэж сонсогддог. Төмөр замд ажиллаж байсан залуугийн гэрээс 9 тэрбум төгрөг бэлнээр гарч ирж байдаг. Энэ завхарсан авлигын сүлжээтэй холбоотой асуудал хууль хэрэгжсэн бол арилах байсан уу. Төсөв дээрээ орж ирээгүй гээд хойшилсноор хэр боломж алдав.
Дарханы төмөр замчид асуугаад байгаа юм. Машинч, туслах машинчдын хөдөлмөрлөх нөхцөлд хөдөлмөр аюулгүй байдлын үнэлгээ хийлгээд хортой нөхцөл болгох асуудал хаана явна вэ. Шөнө оройгүй ажилладаг хэрнээ хортой нөхцөлд хөдөлмөр нь ордоггүй. Хортой нөхцөлд ордоггүй учраас эрт тэтгэвэрт гарч чаддаггүй. Дундаж наслалт нь маш тааруу юм билээ?
УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Тээврийн салбарт өнгөрсөн 2023 онд маш өндөр буюу 73 хувийн өсөлт гарсан. 2022 онд 60 сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2023 онд 106 сая тонн ачаа тээвэрлэсэн.
Авто замаар 2022 онд 30 гаруй сая тонн ачаа тээвэрлэж байсан бол 2023 онд 65 сая тонн, төмөр замаар 2021 онд 31 сая тонн, 2022 онд 32 сая тонн, 2023 онд 35 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ хэмжээгээр энэ салбарт ажиллагсдын орлого нэмэгдсэн. Их өрнөөсөө салсан, дүрмийн сангаа нэмэгдүүлсэн. Төмөр замчдын цалинг 20 хувиар нэмэгдүүлсэн, 13 дахь сарын цалинг 200 хувиар нэмэгдүүлсэн. 2023 онд 70 тэрбумын ашигтай ажилласан.
С.Батдөл нар шиг авлига авдаг асуудал гараагүй, цаашдаа ч гарахгүй. Манай салбар бүрэн цахимжсан, 2023 онд бүтээмжийг дээшлүүлэх жил болгон ажилласан. Үр дүн гарсан.
Дарханы төмөр замчдын асуудлыг ярилаа. Хөдөлмөрлөх нөхцлийн асуудал бол нийт төмөр замчдын асуудал юм. Хүнд хортой, нөхцөлд ажилладаг. Төмөр замчдын хөдөлмөрийг хүнд хортой нөхцөлд хамруулахаар ажиллаж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр асуудал явж байна гэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
АН-ын бүлэг Хөрөнгө оруулалтын тухай хуулиар завсарлага авлаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн /шинэчилсэн найруулга/ хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ёстой байсан ч УИХ дахь Ардчилсан намын бүлэг гурав хоногийн засварлага хүссэнийг УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч, ёсоор болголоо.
Завсарлага авах болсон үндэслэлийн талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “Хөрөнгө оруулалтын тухай хууль маш чухал. Монгол Улсад өнгөрсөн хугацаанд орж ирсэн хөрөнгө оруулалтын дийлэнх нь Ардчилсан нам засаг барьж байх үед орж ирсэн. Өнөөдөр Монгол Улсын эрх ашгийг ярьж байгаа үед сүржин мэдэгдлээр хандах нь буруу. Ардчилсан намын бүлгийн гишүүд үг хэлэхэд Ардын намын гишүүд хашигчиж гуугчих хэрэггүй.
Хөрөнгө оруулалтын тухай хуульд шинэчилсэн заалтуудыг яагаад оруулж ирэх болов. Энийгээ судалгаа тооцоотой хэл.
Би эх орондоо хайртай, чи эх орондоо хайргүй гэдэг хандлагаар төслийг хэлэлцэх юм бол зөв хууль гарахгүй.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Баялгийн сангийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байгаа. Энэхүү хуультай нийцүүлээд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг батлах шаардлагатай гэж үзэж байгаа тул завсарлага хүсч байна” гэсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Гадаадын шууд хөрөнгө оруулалтын тухай хууль чухал төсөл. Өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ, ажилгүйдэл бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой. Хуулийн төсөлтэй холбоотойгоор маргаан мэтгэлцээн өрнөж байгаа тул ажлын гурав хоногийн засварлага өглөө” гэсэн юм.
Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний нисэхийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхлээд байна. Улмаар хуулийн төслийг дэмжиж, хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.01.11/ нэгдсэн хуралдаан эхлээд байна.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт:
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл монголчуудыг эх оронч, эх оронч бишээр нь талцуулсан асуудал болж хувирлаа. Өмнө нь хөрөнгө оруулалтыг гадаадынх, дотоодынх гэж ялгаварладаг. Уул уурхайд хөрөнгө оруулах юм бол дэмждэг, үндэсний үйлдвэрт хөрөнгө оруулсан бол дэмждэггүй, зарим тохиолдолд үзэмжээр хандаж ирсэн. Энэ алдааг засч Засгийн газар хуулийн төсөл оруулж ирсэн. 100 жилээр газрыг гадаадын иргэнд өгөх гэж байна гэж бухимдаж байна. Одоо зөвхөн ашиглуулахаар оруулж ирсэн. Хөрөнгө оруулалтын босго зэрэг асуудлыг тайлах шаардлага байгаа учраас, ард түмнээр хэлэлцүүлэх шаардлага байна" гэлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Ногоон автобусны талаар сонсгол явуулах Түр хороог байгуулах асуудлыг УИХ-ын дарга шийдэж өгсөнгүй. Ирэх долоо хоногт чуулган завсарлана. Түүнээс урьтаж энэ асуудлыг шийдэх шаардлагатай. Нүүрсний сонсгол хийхдээ нүүрсний хулгайд Ардчилсан намынхныг яаж наах уу, Ардын намынхныг яаж аврах вэ гэдэг байдлаар л хандсан.
Ногоон автобусаар сонсгол байгуулах асуудлыг УИХ-ын 25 гишүүн дэмжсэн. Ард түмний мэдэх эрхийн төлөө газрын үсэг зурсан Ардын намын 12 гишүүнд талархалаа илэрхийлье.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Хяналт шалгалтын түр хороо ажиллуулж байсан туршлагатай гишүүд оролцоод нийслэлийн нийтийн тээвэр, газрын асуудлыг хэлэлцэх шаардлагатай. Чиглэл өгсөн, ажиллацгаа. Б.Энхбаяр гишүүнээс туршлага судал. Хэн нь ахлах юм , байнгын хороогоороо хэлэлцээд яв.
УИХ-ын гишүүн, Эдийн засаг хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дагасан нэлээн их улстөржилт явагдаж байна. Монгол Улс хөгжмөөр байна, монголчуудынхаа орлогыг нэмэгдүүлмээр байна. Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлийн бүхий л арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой, иргэд үүнийг л хүсч байгаа. Засгийн газар авлигатай тэмцэх, луйвар булхайг илчлэх, өнгөрсөн 30 гаруй жилийн алдааг засах гээд шийдээд явж байна. Ганцхан үг нийгэмд ямар их өөрчлөлт авчирдагийг хэлье. Биржийн тухай хууль батлагдсанаар газрын доорх баялаг үнэд хүрч, валютын нөөц нэмэгдсэн. Эдийн засгийн өсөлт 7 хувиар нэмэгдэх болж байна. Ганцхан бирж гэдэг үг ямар их өөрчлөлт авч ирэв. Англи хэлийг үндсэн гадаад хэл болгоно гэхэд монголчууд ямар их баярлаж хүлээж авсан билээ.
Гадаад паспорт гэх хоёрхон үг монголчуудыг өөрчилсөн.
Газрыг 100 жилээр эзэмшүүлнэ гэсэн үг Монгол Улсын хуульд 30 жил байхад хараагүй хэрнээ одоо нулимс дуслуулж, хоолой шахаж “Газрыг 100 жилээр гадныханд өгөх гэж байна гэж ярьж” жүжиглэх хэрэггүй. Монголын хөгжлийг хойш татаж ирсэн хүмүүсэнэ төслийг эсэргүүцнэ.
Одоо шийдвэрээ гаргаад хоёр талдаа гарцгаая. Хэн нь Монгол Улсын хөгжлийг хойш татаж, хэн нь ирээдүйг харж байгааг одоо шийдье.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
Хөрөнгө оруулалтын хууль олны анхааралд орж ирж байна, энэ сайн. Хөрөнгө оруулалтын тухай хууль ус агаар шитг хэрэгтэй байна. Хэн нэг сайдын өргөн барьсан хууль биш. Засгийн газрын долоо хэмжиж нэг огтолж байж оруулж ирсэн төсөл. Жингийн тэмээ явж л байдаг, жингэр банхар нь хуцаж л байдаг гэж үгтэй. Асуудлаа та бүхэн шийд гэв.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төрийн болон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нарын 6 гишүүн 2022.08.19-ний өдөр тус тус өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Органик бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарын 6 гишүүн 2023.03.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/
Г.ХОРОЛ
DR. ADITYA 2024-01-11 102.89.32.56
Харуулах боломжгүй.
Зочин 2024-01-11 66.181.161.174
Нууцсаад байх юу байхав. Бас л хулгай биз. Манай төр, эрх баригчдын ганц хийж чаддаг ажил нь.
Нэргүй 2024-01-11 66.181.182.83
Монголчууд өөрсдөө 0,7 га газраа хувьчилж авах гэхээр газаргүй гээд нийт иргэдийн дийлэнх нь газраа хувьчилж аваагүй байгаа. Иймд эхний ээлжинд бүх иргэддээ газрыг хувьчилж олгох ажлыг дуусгасны дараа уг хуулийн төслийг илүү боловсронгуй болгож сайжруулаад ард иргэдээрээ хэлэлцэх нь зүйтэй.
Нэргүй 2024-01-11 66.181.182.83
Одоо монголд газар эзэмшиж буй гадны маш олон компани болон хувь хүмүүс байна. Эдгээрийн үр ашгийг тооцоод ард иргэдэд тайлагнах хэрэгтэй. Ямар ч үр ашиг байхгүй, эсрэгээрээ байгаль экологоороо бохирдсон хохирсон, байгаль сүйрсэнтэй холбоотойгоор иргэд малчид нь дайжиж амьжиргаа нь доройтсон байна.
Нэргүй 2024-01-11 66.181.182.83
АН гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцуж эс батлуулах аваас сонгуулийн оноо авна даа.
Нэргүй 2024-01-11 213.87.161.201
Харуулах боломжгүй.
qwewqe 2024-01-11 202.21.119.62
qwewqewqe
иргэн 2024-01-11 202.131.227.82
эцсийн эцэст улаанаар эргэсэн хөрстэй үлдэх, эсвэл баахан хятадууд ирж суурьшсан орон л болох бх даа. Монголчууд нь төрөлх нутаг дээрээ ямар ч эрх мэдэлгүй хүмүүс л болж үлдэнэ бх даа.
qq 2024-01-11 202.21.119.62
qqq
eeesad 2024-01-11 202.21.119.62
eeeeasd
иргэн 2024-01-11 202.131.227.82
хо-ын хууль батлагдсанаар хүмүүсийн орлого, амьдрал сайжрах юм шиг ярих юм. Оюутолгой компанийн гадаадынхан нь 100 гаран сая төгрөгийн , монгол инженерүүд нь 5-10 сая, ажиллагсад нь 2,0 сая төгрөгийн цалин авдаг гээд бгаа. Хөрөнгө оруулсан компаниуд асуудлыг ингэж шийдээд Монголчуудыг зарцаа болгох юм бол хэрэггүй биз дээ. Тэгснээс Монголчууд млнголчууддаа хөрөнгө оруулаад явсан нь дээр. Энэ улсаа 3,0 хан сая хүн амтайг бас бод.Зах зээл нь хумигдвал, далайд гарцгүй гээд.
Нэргүй 2024-01-11 124.158.107.35
Гал командынхан хотод том том оффис бариад л баахан хэрэггүй зардал гаргаж байхын оронд хэрэгтэй машин текник багаж юмаа авах хэрэгтэйшт
Нэргүй 2024-01-11 103.57.93.227
газар хөдлөлт, үер, гал бүгдэд нь бэлтгэлтэй баймаар байна. түрүү жилийн хотын төвийн үерээр хэдэн ч хоног устайгаа зууралдав. хотын дарга нь ус соруулдаг машингүй хувийн компанийн түрээслэсэн юмыг авна гэж байхыг хараад өр өвдсөн
Монгол хүү 2024-01-11 64.119.29.63
МАНАЙ МОНГОЛ УЛС МОНГОЛЧУУДАД УУ? ЭСВЭЛ ГАДААДЫНХАНД ЭЭЛТЭЙ БАЙХ УЛС ЮМ УУ? БИД МОНГОЛЧУУД ГАЗАР ХАШААГАА ӨМЧЛӨХ ГЭХЭЭР 15 ЖИЛЭЭР ЭЗЭМШҮҮЛДЭГ, ГАДААДЫН ХЭН НЭГЭН МӨНГӨТӨН ИРЭХЭЭР 3 ҮЕЭР НЬ БУЮУ 60+40ЖИЛ НИЙЛЭЭД 100 ЖИЛ ЭЗЭМШҮҮЛДЭГ ЧИНЬ ӨМЧИЛСӨНӨӨС Ч ИЛҮҮ ГАДААД ХҮН, МОНГОЛ ХҮНЭЭС ИЛҮҮ ЭРХ ЭДЛҮҮЛЖ БАЙГАА ХЭРЭГ БИШ ГЭЖ ҮҮ? НҮБ-ээс ч гэлүү гаргасан хууль дүрэм зааварт ч гэлүү? 1 үндэстэн ястан 1нутаг газарт 99 ЖИЛ АЖИЛЛАЖ АМЬДАРСАН БОЛ ТЭДЭНД ТЭР ГАЗРАА ТУСГААР БОЛЖ БОЛДОГ гэж сонссон доо!
Нэргүй 2024-01-11 66.181.176.91
Төв ТВ-ээр шууд нэвтрүүлэг үзэж байна: Адъяасүрэн гэдэг эмэгтэй Палестинаар жишээ татаж ирээд эсэргүүцэж байх юм?! Яг л ОХУ-ын Думын депутат шиг юм ярьж сууна!!