Эдийн засаг дахь төрийн оролцооны систем интервенционизмын талаар цэгцтэй ойлголт өгөх, интервенционист арга хэмжээнүүд нь зорилгынхоо эсрэг үр дүнг л авчирдаг гэдгийг мэдүүлэх нь энэ бичвэрийн зорилго юм.
ИНТЕРВЕНЦИОНИЗМ
Интервенционизм бол төрийн оролцоот эдийн засгийн систем. Социализмтай адилгүй нь, интервенционизм нь үйлдвэрлэлийн хэрэгслийн хувийн өмчлөл, бизнес хийх орон зайг хязгаарлагдмал ч атугай олгодог. Интервенционизмыг гуравдагч зам, дундыг баримтлах бодлого, социал демократизм, либерализм (Өрнөдөд либерализм гэх үгээр зүүний үзлийг хэлдэг), либерал ардчилал, зүүний либертаризм гэж өөр өөрөөр нэрлэнэ. Гэлээ ч эд бүгд ганц л зүйлийг буюу эдийн засаг дахь төрийн оролцооны системийг илэрхийлдэг. Интервенционистууд төрийн оролцоог хэр их, хэр бага байлгах вэ гэдэг дээр л санал зөрөхөөс зарчмын хувьд төр эдийн засагт оролцох ёстой гэх ижил байр суурьтай байдаг. Дараах нь интервенционист арга хэмжээнүүд болно.
ҮНИЙН ХЯНАЛТ (ҮНИЙН ДЭЭД БОЛОН ДООД ХЯЗГААР)
Үнийн хяналт гэдэг нь бараа, үйлчилгээний үнийг төрөөс хүчээр тогтоох арга хэмжээ. Үнийн хяналтын хэлбэрүүд болох үнийн дээд хязгаар (үнийн тааз), үнийн доод хязгаар (үнийн шал) нь бүхий л бараа, үйлчилгээнд ижил үйлчлэх ба хэр өндөр, хэр нам тогтоогдсоноосоо шалтгаалж нөлөөтэй байх эсэх нь шийдэгдэнэ. Үнийн дээд хязгаарыг зах зээлийн түвшнээс доогуур, үнийн доод хязгаарыг зах зээлийн түвшнээс дээгүүр тогтоосон тохиолдолд л үнийн хяналт нөлөөгөө үзүүлэх юм. Үнийн дээд хязгаарыг зах зээлийн түвшнээс доогуур тогтоовол ашиггүй ажиллахгүйн тулд компаниуд барааны нийлүүлэлтээ багасгах ба ингэснээр хомсдол үүсдэг. Үнийн доод хязгаарыг зах зээлийн түвшнээс дээгүүр тогтоовол тухайн барааны эрэлт буурч, зарагдахгүй үлдэж илүүдэл бий болно.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЯНАЛТ (ХОРИГ)
Аливаа зүйлийн үйлдвэрлэлийг хорих үед эрэлт нь хэвээр байсаар байвал тухайн барааны үнэ нь өсөх бөгөөд хууль бус наймаа газар авна. Нийлүүлэлт нь бага байх тусам үнэ нь өндөрсдөг. Бүтээгдэхүүний хоригийн сонгодог жишээ болох 1920-1933 оны хооронд АНУ-д үргэлжилсэн хуурай хуулийн нөлөөгөөр мафиуд хүчирхэгжсэн билээ. 1985-87 оны хооронд Михаил Горбачев ЗХУ-д архийг хориглох (сухой закон) гэж үзээд бас л бүтэлгүйтсэн. Архины үнэ хар зах дээр хэд дахин нэмэгдэж, "тройной одеколон" үнэртэй усыг хүмүүс ууж эхлэв.
КВОТ
Квот нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хүчээр багасгах арга хэмжээ. АНУ-д Франклин Рузвельт "New Deal" хөтөлбөрөөрөө мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг хүчээр багасгаж байсныг эдийн засагчид, түүхчид тоотой дурсдаг нь харамсалтай. Америкчууд өлсгөлөнд нэрвэгдсэн байсан Их хямралын үед Рузвельтийн шаардаж батлуулсан "Agricultural Adjustment Act" хуулийн дагуу АНУ-ын засгийн газар фермерүүдээс малын махыг нь худалдаж аван устгалд оруулж, тариалангийн газар дээрээ битгий юм тарь гэж тариаланчдад мөнгө тарааж байлаа.
ЛИЦЕНЗ
Лиценз тухайн салбарт шинэ компани, шинэ хүн орохыг хязгаарлан өрсөлдөөнийг хумьдаг ба бүтээгдэхүүн, үйлчилгээний нийлүүлэлтийг багасгаж, үнийг өсгөнө. Энэ бол олигополийн нэгэн эх үүсвэр. Монголд шатахуун импортлоход лиценз шаардагддаг нь, монгол иргэдэд гаднаас эм, витамин оруулж ирэх эрх байдаггүй нь аль аль барааг нь илүү үнэтэй болгодог байна.
ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СТАНДАРТ
Хэрэглэгчдийн тусын тулд гэх энэ төрлийн төрийн оролцоо бараа, үйлчилгээний өртгийг нэмэгдүүлдэг учраас жижиг, дунд бизнесийн хөгжих боломжийг хаадаг. Бизнес эрхлэгч үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд чанар, стандартаа хамгийн сайнаараа сахиулахыг хичээнэ, алдаа гаргавал дампуурна. Хэрэглэгч өөрөө мэдэж хаана, хэнээр үйлчлүүлэхээ сонгох учир төр энэ асуудалд хутгалдах шаардлага үгүй. Европын Холбоог шүүмжлэгчид Европын Холбоо хэт олон чанар, аюулгүй байдлын хуулиар өрсөлдөөнийг дарж, барааны өртгийг нэмэгдүүлж, үнийг өсгөдөг гэж хэлдэг. Жишээлбэл, 2016 оны байдлаар дэрэнд 109, дэрний уутанд 5, радиогийн сэрүүлэгт 11, шүдний сойзонд 31, шүдний оонд 47, толинд 172, жүржийн шүүсэнд 202 тооны Европын Холбооны зохицуулалт үйлчилж байжээ. Монголд МХЕГ, ШӨХТГ гэх мэт байгууллагууд хувийн хэвшлийнхэнд дараа болдог. МАН МХЕГ-ыг татан буулгасан гэх ч байцаагчид нь холбогдох яамдад очиж, чиг үүрэг нь яамдад шилжжээ. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй.
ГААЛИЙН ТАТВАР
Импортын татвар гадны бүтээгдэхүүнийг дотоодын бүтээгдэхүүнээс үнэтэй болговол хэрэглэгчид дотоодын бүтээгдэхүүнээ сонгоно. Хэрэв ийм татвар байгаагүйсэн бол үнийн зөрүүгээр нь хэрэглэгч өөр зүйл худалдаж авч эсвэл хадгалж буюу зээлийн хүүг бууруулж бусад бизнесийг дэмжих байсан. Импортын татвар гадны бүтээгдэхүүний үнийг дотоодын бүтээгдэхүүний үнээс дээш гаргахааргүй дор тогтоогдсон байвал энэ нь төрийн санг арвижуулна. Гаалийн татвар гэдэг нэг бол төрийг, нэг бол төртэй хамссан бизнесийг хэрэглэгчдийн зардлаар тэжээдэг эд. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нэрийн дор ашиглагддаг энэ татварын хохирогч нь дотоодын хэрэглэгчид. Хэрэглэгчид гэдэгт зөвхөн эцсийн бүтээгдэхүүний хэрэглэгчид биш, мөн үйлдвэрлэгчид ч орно.
1815-1846 онд Их Британид хэрэгжсэн импортын хүнсэн дээр тогтоосон гаалийн татвар "Үр тарианы хууль"-аас (Corn Laws. Corn гэдэг үг нь англи хэлэнд улаан буудай, овъёос, арвай гээд бүхий л үр тариаг хэлнэ) болж Их Британид хүнсний үнэ өсөж, үйлдвэрүүдийн цалингийн зардал нэмэгдэж, улмаар экспорт хийдэг үйлдвэрүүдийн олон улсад өрсөлдөх чадвар сулрав. Импортын татвар экспортыг бууруулдгийн томоохон жишээ бол энэ. Тус импортын татварыг эсэргүүцсэн эсэргүүцлийн хөдөлгөөн нэхмэлийн үйлдвэрлэлийн дэлхийн төв болох Английн Манчестер хотод хүчээ авсан нь тохиолдол биш. "Үр тарианы хууль"-ийг хүчингүй болгоход оройлон оролцсон Ричард Кобден (1804-1865), Жон Брайт (1811-1889) нарын чөлөөт зах зээлийг дэмжигч сонгодог либералууд Манчестерийн суугуул байснаас чөлөөт зах зээлийн системийг дэмжигчдийг нийтэд нь Манчестерийн сургуулийнхан гэдэг байлаа.
Монголын тухайд гэвэл манай улс дэлхийн бусад интервенционист орнуудын адилаар бараг бүх бараанд гаалийн татвар тогтоодог. Иргэдийн амьдралд хамгийн нөлөөтэй татваруудаар жишээ татъя. Цементэд оноосон гаалийн татвар 2022 оны аравдугаар сар хүртэл 20% байсан нь үнийг нэмэгдүүлж байсан учраас төр тус татварыг зогсоосон. Монголчуудын амьдралыг доройтуулж байгаа татварын дарамтаа төр зөөлрүүллээ, татвар төлөгчдөө үхтэл нь сорчихвол өөрсдөд нь ч ашиггүй болохоор цаашид ч зөөлрүүлэх байх гэж санатал энэ нь нэг дарамтаа нөгөөгөөр сольсон явдал байж. Хүнсний хувьсгал ТББ-ын хүсэлтэд үндэслэн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнүүдийн импортын татварыг нэмнэ гэдгээ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2023 оны сүүлчээр зарлалаа. Импортын квот, гаалийн татвар зэрэг гадаадын өрсөлдөөнийг хаасан арга хэмжээнүүдийг протекционизм гэдэг.
ГАДААД ВАЛЮТЫН ХЯНАЛТ
Улс дахь гадаад валютын урсгалыг бүрэн хянана гэдэг зөвхөн импорт, экспортоос хамааралтай бизнесүүдийг бус, нийт эдийн засгийг боомилж буй үйлдэл. Гадаад валютыг зөвхөн төрийн зөвшөөрлөөр олгох арга хэмжээг нацистууд бүрэн хэрэгжүүлж байв. Хэрэвзээ нэг валютын бусад валюттай харьцах үнийн дээд, доод хязгаарыг төр албадан тогтоовол төр ханшийг нь дур мэдэн илүү үнэлсэн мөнгө нь зах зээл дээр үлдэж илүүдэл үүсгэн, төр ханшийг нь дутуу үнэлсэн мөнгө нь зах зээлээс алга болж хомсдол үүсгэнэ. Уг үзэгдлийг Грешамын хууль хэмээнэ. 1989 онд БНМАУ-д албан ханшаар 1 америк доллар 3 төгрөгтэй тэнцэж байсан ба мэдээжийн хэрэг эрүүл ухаантай хэн ч төрд мэдэгдэхгүйгээр ямар нэг байдлаар олж авсан 1 доллароо 3 төгрөгөөр солихгүй. Төр ч мөн ижил. Төгрөгөө доллароор солих хүсэлтэй жирийн иргэнд төр доллар өгөхгүй. Энэ бол Монголын төр долларын ханшийг хүчээр бууруулж байсны хийгээд Грешамын хууль үйлчилж буйн илрэл байв.
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ
Үйлдвэрчний эвлэлийн гол зорилго нь эвлэлийнхээ ажилчдын цалинг нэмэгдүүлэх. Үүндээ хүрэхийн тулд ажил хаялт зарлах бөгөөд үйлдвэрчний эвлэлд багтдаггүй, ажил хийхийг хүссэн ажилчдыг хүчирхийллээр далайлгаж болиулна. Хөдөлмөрийн хөлс зах зээлийн түвшнээс хэтэрсэн тохиолдолд ажилгүйдэл нэмэгдэн, үйлдвэрлэл буурч эдийн засаг унадаг. 1929 онд эхэлсэн санхүүгийн уналт цааш гүнзгийрэн Их хямрал болсон нь АНУ-ын ерөнхийлөгч Херберт Хувер хөдөлмөрийн зах зээлд оролцон цалинг зах зээлийн түвшин рүү нь буулгаагүйгээс шалтгаалсан. Түүнийг ажлаа авсан жил болох 1929 онд 3.2% байсан ажилгүйдлийн түвшин ажлаа өгсөн 1933 онд 23.6%-д хүрсэн байв. "The Theory of Collective Bargaining" (1930), "The Theory of Idle Resources" (1939) номоороо алдартай Английн эдийн засагч Уильям Харолд Хатт цалингаа зах зээлийн түвшнээс дээш өсгөх гэсэн үйлдвэрчний эвлэлийн шаардлага, хүссэндээ хүрэхийн тулд үйлдэж байсан хүчирхийлэл нь 1920-иод оны эхэн үеийн Их Британид, Их хямралын үеийн АНУ-д гамшгийн хэмжээнд хүрчихсэн байсан ажилгүйдлийн гол шалтгаан гэж бичиж байв. Үйлдвэрчний эвлэлд багтдаг цөөнх өндөр цалинтай ажиллаж, үлдсэн олонх нь ажилгүй хоцордог үзэгдлийг тэрбээр тодорхой тайлбарлажээ.
ТАТААС
Чөлөөт зах зээл гэдэг бол ашиг болон алдагдлын систем. Хэрэглэгчдийн хүссэн зүйлийг бага өртгөөр үйлдвэрлэж чадаж байгаа нь үлдэж, чадахгүй нь дампуурна. Харин татаас, хөнгөлөлттэй зээл бол төр ялагчийг сонгодог, зах зээлийг гажуудуулдаг арга хэмжээ. Татаас нь чөлөөт өрсөлдөөний эсрэг чиглэсэн олон интервенционист бодлогын нэг. Өртгийг нь татвар төлөгчид төлнө. Хөгжлийн банк болоод ЖДҮДС, ТЭДС зэрэг элдэв янзын сангуудын олгодог татаас, хөнгөлөлттэй зээл нь бизнесийн нэг хэсэгт давуу байдал өгч чөлөөт өрсөлдөөнийг бусниулдаг тул чөлөөт зах зээлийн эсрэг мөн чанартай. Түүнчлэн, төрийн санхүүжилттэй татаас өгдөг байгууллагууд авлигын асуудал дагуулдаг. Авлига, хээл хахуулийн асуудал Монгол мэтийн гуравдагч ертөнцийн орнуудаар хязгаарлагддаг гэж сэтгэх нь маш том алдаа. 1932 онд АНУ-ын Холбооны засгийн газрын байгуулсан компаниудад зээл, татаас олгох зориулалттай "Reconstruction Finance Corporation" нь байнгын авлига, хахуулийн хэрэгт орооцолдож байсаар эцэст нь 1957 онд татан буугдсан байна.
МОНОПОЛИЙН ЭСРЭГ ХУУЛЬ
Чөлөөт зах зээлийн эдийн засагт ямарваа компанийг салбартаа монополь болгодог цорын ганц зүйл нь хэрэглэгчдийн шийдвэр. Энэ тохиолдолд компани монополь байна гэдэг нь хэрэглэгчдийг бусадтай харьцуулахад илүү хямд, илүү чанартай бүтээгдэхүүнээр хангаж чадаж байна гэсэн үг. Хэрэглэгчдийн чөлөөт сонголтоос бий болсон монополийг төрийн оролцооны тусламжтайгаар үүссэн монопольтой адилтгаж болохгүй боловч хүмүүс уг ялгааг анзаардаггүйн улмаас монополийн эсрэг хуулийг баяр хөөртэйгөөр дэмждэг.
19-р зууны төгсгөлөөс эхлэлтэй АНУ-ын монополийн эсрэг хууль нь томоохон улс төрчдийн, бизнесменүүдийн өрсөлдөгчөө төрийн хүчээр намнах гэсэн оролдлого байв. 1888 оны ерөнхийлөгчийн сонгуульд БНН-аас нэр дэвшиж чадаагүйдээ Мичиган мужийн захирагч Рассел Алжерийг буруутгасан Охайо мужийн сенатор Жон Шерманы буруутгал, хорсол нь "Шерманы монополийн эсрэг хууль"-ийн үндэс гэгддэг. Хэдхэн жилийн дараачаас Ж.П.Морганы талд Теодор Рузвельт, Жон Д.Рокфеллерийн талд Уильям Ховард Тафт орон монопольтой тэмцэх нэрийдлээр бие биенийхээ эсрэг дайтаж байжээ.
ТАТВАР
Татварыг төр хүчирхийллээр далайлгаж авдаг. Гэлээ ч дан ганц хүчирхийлэл, заналхийлэлд суурилбал урт хугацаандаа амжилт олохгүй. Тиймээс иргэдээр ХХОАТ болон бусад татварыг нь сайн дураар төлүүлэхийн тулд пропаганда хэрэгтэй. Эхний үзэл суртлын арга нь татвар өөрийн чинь сайн сайхны төлөө, төрөөс авч буй үйлчилгээнүүдийн (боловсрол, эрүүл мэнд зэрэг) чинь төлбөрт ашиглагддаг гэх үг. Гэвч цагдаа, цэрэг, шүүхээс бусад татвараар санхүүждэг тэрхүү төрийн үйлчилгээнүүдийг иргэд хэрвээ өндөр татварлуулаагүй байсан бол өөрсдөө худалдан авчихаж чадах байсан. Үзэл суртлын хоёр дахь арга нь бусдын төлөө гэх үг. Хийснээс нь хүчээр аваад хийгээгүйд нь өгдөг дээрмийн дахин хуваарилалтаа зүүний үзэлтнүүд нийгмийн чадалтай хэсэг нь чадалгүй хэсгээ нуруун дээрээ үүрэх нь зөв гэж зөвтгөдөг. Зүүнтнүүдийн үзэл баримтлалыг дараах өгүүлбэрээр бүрэн илэрхийлэх боломжтой. "Хувь хүн дээрэм хийгээд түүнээ бусдад тараавал гэмт хэрэг, төр дээрэм хийгээд бусдад тараавал төрийн бодлого."
ААНОАТ нь хувийн хэвшилд хэрэглэгдэх байсан эдийн засгийн нөөцүүдийг төрд булааж авч өгдөг. Ард олон баригдаж дууссан төрийн бүтээн байгуулалтыг л харахаас баригдаж болох байсан хувийн хөрөнгө оруулалтыг хардаггүй. Үүнийг 174 жилийн өмнө Францын эдийн засагч Фредерик Бастиа "Ил харагдах, үл харагдах" номоороо тайлбарласан. Татвар их байх тусам иргэдийн амьдралд хутгалдах төрийн цараа томорч, хүний ажиллах сэдэл буурдаг. Хүний амь нас, хувийн өмчийг хамгаалахаас бусад зориулалттай татварууд нь төрийн хулгай, хуулийн завхралын үндэс болдог нь няцаагдашгүй үнэн. Монгол улсын Татварын ерөнхий хуулийн 2-р бүлгийн 7-р зүйлд зааснаар Монголын төр одоогоор 30 төрлийн татвар, хураамж авч байна.
ТӨРИЙН МОНОПОЛЬ
Интервенционист, холимог эдийн засгийн системд төр боловсрол, эрүүл мэнд зэрэг зарим салбаруудыг өөрийн мэдэлд авдаг. Зах зээлийн өрсөлдөөн, чөлөөт үнэ салбарт нь үгүй, ажиллагсад нь хэрэглэгчдээс хамааралгүй байдаг учир үйлчилгээнийх нь чанар муу байх нь эдийн засгийн хууль. Өнөөдөр Монголд төрийн монопольт сектор бүр дампуурчихсан. Харин социализм гэдэг бол бүх сектор дахь төрийн монополь.
ТӨРИЙН КАРТЕЛЬ
Төрийн томилсон, төртэй хамсдаг цөөн тооны хувийн компаниуд л үйл ажиллагаа явуулдаг системийг төрийн картель гэнэ. Бенито Муссолини, Адольф Хитлер хоёр Зөвлөлтийн социалистууд шиг үйлдвэрүүдийг төрд албан ёсоор хурааж аваагүй ч үйлдвэр, компаниудыг салбар салбараар нь хүчээр нэгтгээд төрийн удирдлага дор картельжуулж байв. Муссолини картелийн бодлогоо "corporativismo" гэж нэрлэсэн бол, Хитлер 4 жилийн төлөвлөгөөгөөрөө бүрэн хэрэгжүүлсэн. Картелийн системийн үед өрсөлдөөн гэж байхгүй. Чөлөөт үнэ гэж үгүй. Төрийн тушаал, заавраар компаниуд ажиллана. Австрийн эдийн засагч Людвиг фон Мизес ийм учраас нацист, фашист эдийн засгийн системийг капитализмын багийг урдаа наасан социализм гэж шүүмжилж байлаа. Төрөөс үнийг хүчээр тогтоодог, компаниудад татаас олгодог, маршрутыг нь төр мэддэг Монголын нийтийн тээврийн систем бол төрийн албан бус картель.
ТӨРИЙН НИЙГМИЙН ДААТГАЛ (ХУУЛЬЧЛАГДСАН ПОНЦИ СХЕМ)
Дэлхий дахинд гэлтгүй Монголд ч хийгддэг луйврын нэг төрөл бол понци схем. Понци схем нь хүмүүст өндөр хүү амлан тухайн бизнест, компанид хөрөнгө оруулалт хийхийг санал болгодог. Луйварчин эхний хөрөнгө оруулагчдад төлөх мөнгөн дүнгээ удаах хөрөнгө оруулагчдын мөнгөөр төлнө. Өөрөөр хэлбэл, энэ схемд эхэлж орсон хүмүүс нь сүүлд орсон хүмүүсийн мөнгийг авч, сүүлд орсон хэсэг нь дахиж шинэ хөрөнгө оруулагчид гарч ирэхгүй бол хохирч үлдэх юм.
Понци схемийг улс орон бүрт хууль бус хэмээн хориглодог хэдий ч социал демократ баримтлалтай улс төрийн намууд төрийн нийгмийн даатгалын хэлбэрээр хууль ёсоор үйлддэг. Өмнөх үеийнхний тэтгэврийг өнөө үе нь, өнөө үеийнхний тэтгэврийг хойч үе нь төлөх нь төрийн нийгмийн даатгалын ажиллах механизм. Монголд одоо НДШ төлж байгаа хүмүүсийн мөнгө "нэрийн данс"-анд нь хадгалагдаж үлддэггүй. Өнөөдөр та бүхний төлж буй мөнгөөр өнөөдөр тэтгэвэр авч буй хүмүүсийн тэтгэврийг төлдөг. Даатгуулагч тэтгэвэрт гарахдаа өөрийнхөө бус, тухайн цагт ажиллагсдын төлж буй мөнгөнөөс тэтгэврээ авна. Энэ бол понци схем. Ажиллах хүчний тоо цөөрөх хэрээр төрийн нийгмийн даатгалын понци систем ганхана.
Понци схемийг яг ижил үйлдэх төр болон энгийн луйварчдын хоорондох цорын ганц ялгаа нь луйварчид төр шиг албаддаггүй, тэдэнд хүчээр татварлах эрх мэдэл үгүй. Төр энэ нөхцөлд нэг дор хуульчлагдсан луйварчин хийгээд дээрэмчин.
МӨНГӨНИЙ НИЙЛҮҮЛЭЛТ
Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь мөнгөний худалдан авах чадварыг бууруулдгийг, үнийн ерөнхий өсөлтөд хүргэдгийг 19-р зууны дунд үед "Британийн мөнгөн тэмдэгтийн сургууль"-ийн эдийн засагчид сургамжилж байв. Энэ онолыг бараг бүх эдийн засгийн онолын сургууль хүлээн зөвшөөрдөг. Мэргэжлийн бус олон нийт ч гадарладаг. Харин мөнгөний тоо хэмжээг өсгөхөд бараа, үйлчилгээний үнэ нийтээрээ өсдөг боловч үнэ болгон нэгэн жигд өсдөггүй гэх ойлголтыг эдийн засгийн онолын сургуулиудын олонх нь одоо ч үл хэрэгсэнэ. Үүнийг анзаарсан анхны хүн болвоос Францын эдийн засагч Ричард Кантильон (1680-1734). Шинэ мөнгө эдийн засагт орохдоо хүн бүрт нэгэн зэрэг очдоггүй. Тодорхой сувгаар орно. Иймээс үнэ харилцан адилгүй өсдөг. Тайлбарлаваас, төв банкны шинээр нийлүүлсэн мөнгө иргэдийн гар дээр шууд очвол хэрэглээний барааны үнэ даруй өснө (хамгийн эрэлттэй барааны үнэ бусад барааны үнээс илүүтэй өснө), компаниудад очвол түүхий эд, тоног төхөөрөмжийн үнэ нэмэгдэнэ. Мөнгөний нийлүүлэлтийг төв банк өсгөхөд шинэ мөнгөнд хамгийн түрүүнд хүрсэн хүмүүс хожиж, ихэнх нь хохирдог. Шинэ мөнгөнд хэзээ хүрч байгаа дарааллаасаа шалтгаалж нөлөө нь мэдрэгддэг агаад хамгийн сүүлд мөнгөнд хүрэх хэсэг хамгийн ихээр хохирно. Эдийн засгийн ухаанд энэхүү үзэгдлийг нэрлэдэг нэршил нь "Кантильон эффект". Үндсэндээ мөнгө хэвлэлт нь баялгийн дахин хуваарилалт.
Дээрх онолуудыг ашиглаж, сайжруулан зээлийн тэлэлт нь эдийн засгийн мөчлөгийг авчирдгийг бүрэн тайлбарласан цогц онолыг боловсруулсан анхдагч нь эдийн засгийн Австрийн сургуулийн нэрт төлөөлөгч Людвиг фон Мизес (1881-1973). Зээлийн хүүг мөнгөний нийлүүлэлтээр бууруулах инфляционист мөнгөний бодлого нь эрэлт, нийлүүлэлтээр шийдэгддэг зах зээлийн нөөц хуваарилалтыг гажуудуулж эдийн засгийн мөчлөгийг эхлүүлдэг, үнийн инфляцийг гааруулдаг болохыг тэрээр Австрийн эдийн засгийн мөчлөгийн онолоороо харуулжээ.
Төв банкны эрх мэдэлтнүүдийн хурууны үзүүрээр нэмэгдэж, хасагддаг фиат (цаасан болон цахим) мөнгөөр эхэлсэн хөрөнгө оруулалтууд өөртөө бодит нөөцийг татсан болохоор бусад зүйлсийн үйлдвэрлэлийг багасгадаг. Банкнуудаар дамжин бизнесүүдэд очсон шинэ мөнгө үйлдвэрлэлийн хүчин зүйлсийн үнэ болон хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлнэ. Ингээд үйлдвэрлэлийн хүчин зүйлс нь хомсодсон, үйлдвэрлэлийн өртөг нь өссөн компаниудаас хэрэглэгчдийн эрэлтэд нийцсэн зүйлсийг үйлдвэрлэж чадсан нь амьд үлдэж, чадаагүй нь зарагдаагүй үлдсэн бараануудтайгаа хоцорч, дампуурахдаа тулна. Энгийнээр хэлбэл, төв банк мөнгөний нийлүүлэлтийг өсгөх замаар зээлийн хүүг буулгахад төслийн өртөг нь буурлаа гэж буруугаар тооцоолон шинэ хөрөнгө оруулалт эхлүүлсэн маш олон компани эхлүүлснээ дуусгаж чадахгүй, чадлаа ч өртөг нь маш өндөр болсон байх юм. Учир нь материаллаг баялаг өсөөгүй, фиат (цаасан, цахим) мөнгө л нэмэгдсэн. Электрон тоог яаж ч өсгөөд материаллаг нөөц нэмэгдэхгүй. (Жич: Алтан стандартын үед банкнууд металл мөнгөөр баталгаажаагүй мөнгөн тэмдэгтээр эдийн засгийн мөчлөгийг эхлүүлж байв.)
Монголд төв банкны Ипотекийн хөтөлбөр зогсоход барилгын салбар сүйрэх нь тодорхой. Хүчээр хиймэл эрэлт үүсгэдэг Ипотекийн хөтөлбөр үргэлжилсээр байх аваас төгрөг үнэ цэнээ алдсаар байх болно. Төрийн ипотекийн зээлээс хойш орон сууцны үнэ бүтэн нэг нугарсан нь тохиолдол биш, эдийн засгийн хууль.
Хэдий ийм боловч мөнгө хэвлэхийг уриалагчид өдгөө эдийн засгийн ухааны салбарыг ноёлж байна. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн эдийн засгийг өсгөнө, аварна хэмээн зөвлөж буй эдийн засагчид бол тэртээ хэдэн зууны өмнө няцаагдчихсан "дутуудал хэрэглээний" (underconsumption) хуурамч онолыг давтан яригсад. Цаасан болоод цахим мөнгө материаллаг баялгийг бий болгодоггүй гэх эрүүл ухааныг үл тоодог тэдгээр сэхээтэн гэгдэгсэд агрегат эрэлт муу байна, уналтаас сэргийлэхийн тулд засгийн газар бонд гаргах ёстой, төв банк "quantitative easing" хийх ёстой хэмээн хэлдэг нь ердөө л мөнгө хэвлэ гэж байгаагийн псевдо шинжлэх ухаанч жаргон.
ТӨГСГӨЛ
Чөлөөт зах зээлийн бодлого хөгжлийг авчирна, эдийн засаг дахь төрийн оролцооны арга хэмжээнүүд нь бүтэлгүйтэх жамтай, зорьсон зорилгодоо хүрдэггүй хэмээн үздэг Австрийн эдийн засгийн сургуулийнхан эрх чөлөөнд хайртайгаасаа болж буюу ёс суртахууны үүднээс ийн дүгнээгүй. Цаг хугацаа, орон зайнаас үл хамаардаг универсал шинжтэй эдийн засгийн хуулийг дагаж буй төдий. Доорх параграфыг Людвиг фон Мизесийн "Хүний үйлдэл" (1949) трактатаас эшлэв.
"Эдийн засагч "А" арга хэмжээ нь "П" үр дүнг авчрах эсэхийг судлахад "Г" үр дүнгээр дуусав. Тэрээр шинжилгээндээ үндэслэн "А" нь муу, тааруухан арга хэмжээ гэж хэлбэл энэ нь "П" зорилгод хүрье гэвэл "А" арга хэмжээ тохиромжгүй гэж хэлж буй хэрэг. Муу арга хэмжээ гэсэн үг нь тухайн эдийн засагчийн хувийн сайн, муугийн үнэлэмж биш…. Энэ утгаараа, эдийн засагчид аливаа бодлогыг зорьсон зорилгодоо хүрч байгаа эсэхээр нь шүүмжилдэг. Хэрэв эдийн засагч цалингийн доод хэмжээг муу арга хэмжээ гэж дүгнэж байвал цалингийн доод хэмжээний бодлогын үзүүлэх нөлөө нь дэмжигчдийнх нь хүлээж буй зорилтын эсрэг үр дагаврыг авчирна гэдгээс тэр юм.".
Нийтлэлийг бичсэн: Мизес Монгол ТББ
Нэргүй 2024-01-11 66.181.191.13
Яажч гоёчилж , толгой эргүүлэм гоё сайхан үгээр төрийн оролцоог магтаж сайшааж зөв зүйтэй гэж яриад , хэрэгжүүлээд үр дүн нь угаасаа бүтэлгүйтэлээр дуусаж байгааг жаахан сийрэг хүн бол бэлээхэн нүдэн дээр нь улс маань дампууралруугаа живж байгааг харж болж байнадаа өнөөдөр
Нэргүй 2024-01-11 213.87.161.201
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-11 66.181.176.91
Маш сонирхолтой нийтлэл байна! Ялангуяа "понци схем" нь над шиг тэтгэврийн хөгшчүүлд хамаатай сэдэв байна!! Монголын төр тэтгэврийн шинэчлэлийг (Дани, Норвеги г.м.) яагаад хийхгүй байна вэ?? Төрд ашиггүй байна уу, эсвэл эдийн засгийн боломжгүй байна уу, эсвэл мэдэхгүй, хүсэхгүй байна уу??
Нэргүй 2024-01-11 202.21.108.3
Төр гэдэг нь өнөөдөрийнхөөр бол 4 жил тутам иргэдээс санал авч байгуулагддаг УИХ, УИХ-д олонхын суудалтай намаас байгуулагддаг ЗГ юм, Та өнөөдрийн төр яагаад тэтгэвэрийг понзи схем хэлбэрээс нь өөрчилж шинэчлэхгүй байгааг гайхаж байна уу, яагаад гэвэл энэ төрийг олонхи иргэд сонгосон бөгөөд та асуултаа иргэдээс асуух хэрэгтэй юм. Иргэд нэг бол мэдлэггүй байж болно, эсвэл угаас ийм байдалтай байлгахыг хүсэж байж болно. Гэвч ийм дампуу системийг хүсэх хүн үгүй л болов уу, тгд та бодоод үз
з 2024-01-11 202.126.89.132
зөв зөв зөв
Зочин 2024-01-11 202.55.180.162
Маш зөв нийтлэл байна.Дэмжиж байна.