Байр суурь: Хөрөнгө оруулалтын хуулийг нухацтай хэлэлцэх ёстой

Хуучирсан мэдээ: 2024.01.11-нд нийтлэгдсэн

Байр суурь: Хөрөнгө оруулалтын хуулийг нухацтай хэлэлцэх ёстой

Байр суурь: Хөрөнгө оруулалтын хуулийг нухацтай хэлэлцэх ёстой

УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн нь нийгэмд маргаан дагуулаад байна. Тухайлбал, Монгол Улс гадаадын иргэдэд газраа 100 жилээр эзэмшүүлнэ. Хөрөнгө оруулагчдад тавих босгыг бууруулах нь буруу. Хуулиа шинэчлэлээ гээд хөрөнгө оруулагчид орж ирнэ гэдэг ойлголт өрөөсгөл зэрэг шүүмжлэл явж байгаа юм. Тиймээс Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар улстөрчид болон эдийн засагчийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.   


Ч.ХҮРЭЛБААТАР ГАДНЫНХАНД 100 ЖИЛЭЭР ГАЗАР ӨГӨХ ГЭЖ БАЙНА ГЭДЭГ ГҮТГЭЛЭГ”

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Монголын эдийн засгийн хамгийн том хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт их байж Монгол Улс хөгжинө. Монгол Улс хөгжиж байж иргэдийн орлого нэмэгдэнэ. Гадаадад мянга мянгаараа ажиллаж байгаа Монгол Улсын иргэд эх орондоо ирж ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ. Тиймээс Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийг оруулж ирэхдээ олон удаагийн хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр оруулж ирсэн. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Учир нь Монголд зээлийн хүү өндөр байна. Гаднын банк орж ирвэл өрсөлдөөн бий болж хүү буурч, зээлийн хүүнд дарлуулж байгаа олон иргэн энэ дарамтаасаа сална. Түүхий шахам анхны шатны боловсруулалт хийгээд гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулагчид орж ирээсэй гэж хүсч байна. Үүний үр дүнд мянга, мянган залуу өндөр цалин орлоготой болох боломж бүрдэнэ. Тиймээс аль болох богино хугацаанд энэ асуудлыг шийдэхийн тулд ажиллаж байна. Би АН-ыг зах зээл, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож явж ирсэн. Өнөөдрийн АН-ын гишүүдийг хараад харамсч байна. Монгол Улс ардчилсан улс. Энэ улсад хөрөнгө оруулж байгаа иргэдийн санаа, санаачилгыг бид дэмжих ёстой. Аливааг хааж, боож байж Монгол Улс хөгжихгүй. Харин эсрэгээрээ хүний санал санаачилга, эрх чөлөөг дэмжиж байж энэ улс хөгжинө.  Маргаантай байгаа хоёр асуудалд тайлбар өгье. Нэгдүгээрт, газрын тухай асуудал. Ч.Хүрэлбаатар гадаадынханд Монгол Улсын газрыг 100 жилээр өгөх гэж байна гэх гүтгэлэг тарааж байна. Бодит байдал дээр 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулахдаа хөрөнгө оруулалт хийсэн иргэдэд газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулна, түүнийг нэг удаа 40 жилээр сунгаж болно гэж  баталсан.  Өөрөөр хэлбэл, эзэмшүүлж болно гэсэн үг нэмсэн. Мөн 40 жилээр нэг удаа сунгаж болохоор хуульчилсан. Гэтэл энэ хуулийг засах гэж оруулж ирж байгаа хүн рүү дайрч харлуулах гүтгэлэг тараасан.  Дараагийн асуудал нь гаднын хүмүүсийг чөлөөтэй оруулж ирэх боломжийг нь нээж өгч байна.Гадаадын иргэдэд виз олгодог асуудлыг зохицуулдаг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль байдаг. Ингээд В1,В2, В3 гэсэн гурван төрлийн визийг хөрөнгө оруулагч нарт олгодог. Эхний В1 визийг Монголд хөрөнгө оруулсан компанийн эздүүдэд олгодог. Дараагийн В2 визийг гүйцэтгэх удирдлагад нь, В3 ангиллийг төлөөлөгчийн газрын тэргүүн удирдлагад олгодог. Тиймээс хэн нэгэн гадны иргэн ирэнгүүт л шууд виз олгоно гэдэг бол гүтгэлэг. Монгол Улсын хуулийг үгүйсгэж, иргэдэд буруу мэдээлэл өгөх зорилго агуулж байна.

ЯМАР Ч ХАМААГҮЙ ХҮН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЭРЭЭР ОРЖ ИРНЭ”

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА:

-Ч.Хүрэлбаатарын УИХ-д өргөн мэдүүлээд буй Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд, Г.Занданшатартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хамтран ажиллаж байсны хувьд энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлт тавилаа. Бид газрын асуудлаар хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэг нам дангаараа 2024 оны сонгуулийг 126 гишүүнтэй томруулсан тойргоор явуулах гэж байгаа бол тэр бүтцээр хэлэлцүүлэх хэрэгтэй.  1993 онд тавигдсан Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг байсан 100 мянган ам.долларын босгыг 2013 онд тавьсан гэж яриад байгаа. Энэ 100 мянган ам.долларын босго байхгүй болоход, ямар ч хамаагүй хүн хөрөнгө оруулагч нэрээр орж ирнэ. Гаднынхан газар нутаг эзэмшин гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдал үүсэх цоорхой хууль болох нь ээ. Иргэдээрээ хэлэлцүүлээд, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа хэлэлцээч гэдгийг Ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовнин Ардчилсан намын төлөөллийн хамт орж уулзлаа. УИХ-ын дарга хүлээж авлаа.  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байх үед Японы Ерөнхий сайд Ш.Абэ ирээд Тавантолгойд хөрөнгө оруулна гэдэг санамж бичиг зурсан. Санамж бичиг зурсны дараахан Баянгол зочид буудалд над руу дайрсан. УИХ-ын гишүүн байхад баривчилна гэсэн төрийн том дайралт байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалтыг зогсоож байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үед Тавантолгойд Бразил, Энэтхэг, Орос, Япон гэх мэт гадаадын хөрөнгө оруулалт орох үеэр ганц шийдвэрээр зогсоож, Хятадын компанид өгөх болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг хууль тогтоох байгууллага өөрсдөө үгүйсгээд байдаг учраас эргэн хараач ээ гэсэн саналтай байна. Олон ургальч үзэл байхгүй байна.  Улс төрийн намын бүлэг шийдвэр гаргалаа гээд яваад байвал, гурван сая монголын эрх ашгийг хамгаалж чадахгүй. Монгол Улсын хууль тогтоомж өөрөө тогтвортой байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үг орчин үед гадаадын хөрөнгө оруулалтын орчин гэж өөрчлөгдөж байгаа. Ч.Хүрэлбаатартай хувь хүн талаасаа ямар үл ойлголцол байхгүй.

“ХУУЛИА ӨӨРЧЛӨХӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ОРООД ИРНЭ ГЭСЭН ХҮЛЭЭЛТ БАЙХГҮЙ”

Бизнесийн дунд сургууль”-ийн захирал, гавьяат эдийн засагч, доктор Н.ДАШЗЭВЭГ:

-Нэгдүгээрт, хууль гаргах нэн яаралтай шаардлага харагдахгүй байна. Хуулиа өөрчлөхөөр хөрөнгө оруулагчид ороод ирнэ гэсэн хүлээлт байхгүй. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчид ашгаа бодож орж ирдэг болохоос газар ашиглах, байнга эсвэл түр оршин суух уу гэдэг сонин биш. Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагчид тавьдаг 100 мянган ам.долларын шалгуурыг хасч байгаа нь буруу. Хуучин 100 мянган ам.доллар гэж босго тогтоож өгсөн. Гэтэл уул уурхайн төсөлд 100 ам.доллар юу ч биш. Уул уурхайд 100 мянган ам.доллароор ганц ширхэг экскаватор авч хүрэхгүй.  Тэгэхээр уул уурхайн салбарт тэрбум ам.доллар, бусад жижиг салбарт ялгамжтай босго тогтоож өгөх нь зөв. Хөнгөн үйлдвэр, хүнс, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулагчийн мөнгө шалгуурыг тогтоох ёстой. Мөн газрыг 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх хоёрт зарчмын ялгаа байхгүй. Ер нь газар ашиглах эрхийг 50 жилээс дээш тогтоогоод хэрэггүй. Төсөл нь ашигтай байвал үргэлжлүүлээд сунгаад явж болно. 100 жил гэдэг хугацаа Оюутолгой дээр ч ихэднэ. Оюутолгойн нөөц сайндаа л 40 жилийн дараа дуусна. 100 жил гэдэг хугацааг заавал багасгах ёстой. Хятадын жижиг хөрөнгө оруулагч орж ирээд 100 жилээр газар эзэмшээд явах юм уу. Дээр нь хөрөнгө оруулагч байнгын оршин суугч байна гэдэг заалт байгаа. Байнга гэдэг чинь хугацаагүй гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт хажуудаа үндэсний аюулгүй байдал гэдэг ойлголтыг дандаа авч явдаг. Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд гадаадын хөрөнгө оруулалт тухайн салбарын хэдэн хувьд байх ёстойг зааж өгдөг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тухайн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний хэдэн хувьд гадаадын хөрөнгө оруулалт байхыг урьдчилан зааж өгсөн байх ёстой. Тухайлбал, ноолуурын салбарын тэдэнд хувьд гадаадынхан байна. Гадаадынхан дотроо нэг улсын хөрөнгө оруулалт эзлэх хувийг тогтоодог. Жишгээрээ үүнийг 30-40 хувиас дээш гаргадаггүй. Энэ бүгдийг хийгээгүй байна. Одоо яригдаж байгаа хуулиар хэдэн хятад орж ирээд компани байгуулах нь тодорхой. Тэд 100 жилээр газар аваад, бүх насаараа оршин суух боломж бүрдүүлэх нь. Тиймээс Засгийн газар уг хуулийн төслийг эдийн засагч, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэх ёстой байсан. Олон нийтээр хэлэлцүүлэлгүй УИХ-д оруулж ирчихээд, гишүүдийг сандаргаад байна. Эдийн засаг, хөгжлийн яам эрдэмтдээс санал авах ёстой байсан. Энэ хуулийг өнөө маргаашгүй батлах шаардлага байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж