Хэдхэн жилийн өмнө элстэй гялгар уут цоолж, хятад цэрэг танкны үлгэрээр айлгаж явсан Х.Баттулга гэнэт л Төрийн оронд, УИХ-ын даргатай уулзах болсон шалтгаан нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл. Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн хүрээнд хятадууд хүрээнд ирнэ гэх түүний үг "үлгэр" гэдгийг өмнөх гашуун туршлагаараа манай монголчууд уг нь ойлгох хэмжээнд очсон баймаар. Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах, төмөр замын төслийг хэрэгжүүлэх асуудал ид хөндөгдөж байхад тэрбээр эсэргүүцэж, улстөржиж, элдийн пропагандаа явуулсаар байгаад эдийн засгаа хорлож, санаа нь амарсан. Эцсийн эцэст Тавантолгойг гацаасны үр дүнд Х.Баттулга, А.Адъяасүрэн хоёр өм, цөм баяжиж, өнөөдөр 40 их наядын нүүрсний хулгайн гол толгойлогчоор нэрлэгдээд явж байгаа билээ.
Төмөр замын төслийг гацааж, хоёрын хоёр мухар зам тавьсан нь одоо ч ашиглагдахгүй байгаа. Харин энэ хугацаанд Орос, Хятад хоёр нарийн царигтай төмөр замаар холбогдож, хойд хөршийн нүүрсний экспорт жилээс жилд нэмэгдэх болсон. Нүүрсний хулгайд нэр, зүс нь холбогдсон түүнийг нээлттэй сонсголд дуудсан боловч гадагшаа зугатчихсан.
Тэрбээр төрийн нууцад авч түмэн цэргээр төмөр зам бариулахдаа "Талх чихэр" компанийнхаа нэг ширхэг атар талхыг 20 мянган төгрөгөөр үнэлж, шахсан талаар УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ХҮН намын дарга Т.Доржханд мэдээлж байсан билээ.
Харамсалтай нь, идсэн уусан нь баригдахаас айсан уу, нүүрсний сонсголын үеэр гадагшаагаа зугатсан тэрбээр гэнэт Төрийн ордонд орж ирээд гадаадын хөрөнгө оруулалтыг "үргээх" тухай ярьж эхэлсний ард мөнөөх оросуудынх нь өгсөн үүрэг чиглэл явж байхыг хэн мэдлээ.
Ямар ч байсан Тавантолгойг гацаахдаа "Монос"-ын Л.Эрдэнэчимэгийг ашиглаж, өнөөх нь оросуудын эрх ашгийн өмнөөс уг төслийг гацаасандаа баяртай байгаагаа хэвлэлээр нууж хаалгүй ярьж байсан удаатай. Энэ удаад "могойд барьдаг модоо" сольсон нь УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт, АН-ын дэд дарга Н.Галиндэв нар болжээ. Үнэндээ, Х.Баттулгыг дагасан хүмүүсийн хувь заяа шоронгоор дуусдаг нь худлаа биш. Тиймээс зөвлөхөд, тэд энэ замыг туулж магадгүй юм шүү.
Сав л хийвэл цус, нөж ярьж ард түмнээ талцуулж хагаралдуулах орос технологийг байнга ашигладаг Х.Баттулга Хятадын эсрэг үзэлтэн үү гэхээр бас үгүй. Түүний бизнесийн гол түншүүд нь хятадууд байдаг. Ерөнхийлөгч байхдаа Монголын Төгрөг нуурын ордыг хятадууд зарсан гэх дуулиан тарьж байсан билээ. Монголчуудыг хятадаар айлгах түүний арга технологийн ард Монгол ялагдаж, Орос, Хятад хоёр хожсоор ирсэн нь бас баримттайгаа, нотолгоотой үлджээ. Бас түүний найруулсан жүжигт тоглосон монголчууд уландаа үлдэж, Х.Баттулга улсаа тонож ирсэн нь баригдсан. Түүний энэхүү акцийн ард хэний, ямар ашиг сонирхол байгаа нь хэзээ нэгэн цагт баригдана даа, баригдана.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ