Энэтхэгийн аялал жуулчлалын хамгийн том цахим платформуудын нэг нь Мальдив руу аялах захиалгаа зогсоов. Энэ нь хоёр орны хооронд үүссэн дипломат зөрчил хурцадсаны шинж болов. Аялал жуулчлалаас хамааралтай Малдив улсын албан тушаалтнууд Энэтхэгийн удирдагч Нарендра Модиг олон нийтийн сүлжээгээр дооглосноос болж зөрчил эхэлжээ.
Мальдивт ирдэг жуулчдын томоохон хувийг энэтхэгчүүд бүрдүүлдэг. Тиймээс энэ зөрчил Шри-Ланкаас баруун зүгт орших 500 мянга гаруй хүн амтай стратегийн ач холбогдол бүхий арлын эдийн засгийн гол салбарыг заналхийлж байна.
Өнгөрсөн есдүгээр сард шинэ ерөнхийлөгч Мохамед Муиззу засгийн эрхэнд гарснаас хойш Энэтхэг болон Мальдивын хооронд хурцадмал байдал үүсч эхэлжээ. Тэрбээр Энэтхэгийг арлын улсаас цэргээ гаргахыг хүсч, Хятадтай илүү ойр дотно харилцаа тогтоохыг эрмэлзэж байна. Муиззу одоо Хятадад тав хоногийн айлчлал хийж байгаа бөгөөд Ши Жиньпин даргатай уулзах төлөвтэй байна.
Энэтхэг, Хятад хоёр Мальдивын дэд бүтцийг шинэчлэх, засгийн газартаа зээл олгоход ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн. Моди дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Мальдиваас хойд зүгт орших 36 арлаас бүрддэг Энэтхэгийн Лакшадвип аралд очсоны дараа маргаан гарчээ. Тодруулбал, исламын шашинтай Мальдивын дэд сайд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр Модигийн айлчлалыг шүүмжилж, түүнийг "алиалагч", "Израилийн хүүхэлдэй" гэж нэрлэсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: BLOOMBERG
Нэргүй 2024-01-10 213.87.128.241
Харуулах боломжгүй.