Тайванийн сонгууль болохоос хэдхэн хоногийн өмнө Батлан хамгаалах яам Мягмар гаригт сэрэмжлүүлгийг анги хэл рүү буруу орчуулснаас иргэдээ сандаргажээ. Тодруулбал, Хятад улсаас хиймэл дагуул хөөргөснийг пуужин нисгэлээ гэж иргэдийн гар утсанд сэрэмжлүүлэг илгээснээс Бээжингээс арал руу дайрсан мэт сэтгэгдэл төрүүлсэн байна.
Тайваньд ирэх Бямба гаригт ерөнхийлөгчийн болон парламентын сонгууль болно. Сонгуулийн үр дүнгээс шалтгаалан Хятад улс дайн ба энх тайвны хоёрын аль нэгийг сонгоно гэж улс төр шижээчид тодорхойлсон.
Оршин суугчдын гар утсанд хоёр хэл дээр сэрэмжлүүлэг илгээхдээ, англи хэлээр пуужин арлын дээгүүр нисч байгааг анхааруулсан байна. Дараа нь Батлан хамгаалах яам мэдэгдэл гаргаж, англи хэлний алдаатай орчуулгад олон нийтээс уучлалт гуйж, Хятад улс пуужин биш хиймэл дагуул тээсэн пуужин хөөргөсөн гэдгийг тодотгов.
Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сычуань муж дахь Шичан хиймэл дагуул хөөргөх төвөөс "Эйнштейн" нэртэй хиймэл дагуулыг "Long March 2C" пуужингаар хөөргөсөн гэж Хятадын төрийн хэвлэл мэдээлжээ. "CCTV" телевизийн мэдээлснээр хиймэл дагуул тойрог замд орж, хөөргөх ажиллагаа амжилттай болсон байна.
Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву олон улсын хэвлэлийн бага хурал хийж байх үеэр сэрэмжлүүлгийг хүлээн авчээ. Тэрбээр энэ нь хиймэл дагуул хөөргөж байгаа гэдгийг тодруулаад, сэтгүүлчдэд санаа зовох хэрэггүй гэж хэлээд хэвлэлийн бага хурлаа үргэлжлүүлжээ. Жозеф Ву хэлэхдээ, “Бид хариуцлагатай байх хэрэгтэй. Тайвань болон Хятадын хооронд мөргөлдөөн гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд бид даруухан байх хэрэгтэй” гэсэн байна.
Тайванийн ерөнхийлөгч Цай Ин Вэн өмнөд хэсгийн Каошюн хотод хүрэлцэн ирж, олон нийтийг санаа зовохгүй байхыг уриалсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ. Бээжин нь Хятадын зүүн эргээс 160 км-ийн зайд орших Тайванийг өөрийн мэдэлд байх ёстой тэрслүү муж гэж үздэг.
Бээжин сүүлийн саруудад 23 сая хүн амтай арлын эсрэг цэргийн дарамт шахалтаа эрчимжүүлж, ойр орчимд нь бараг өдөр бүр цэргийн хөлөг онгоц, нисэх онгоц илгээж байна. Бээжин мөн Тайванийн гомдлыг үл харгалзан арлын ойролцоо цаг уурын ажиглалтын бөмбөлөгүүдийг нисгэж байна.
ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS
Нэргүй 2024-01-10 47.227.179.89
ньюс .мн ын орчуулга шиг юм болж дээр.
Нэргүй 2024-01-10 213.87.128.241
Харуулах боломжгүй.