2024 он бол монголчуудын хувьд онцгой хариуцлагатай жил. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгоно. Тиймээс сонгогчдын боловсролд нэмэр болох зорилгоор NEWS агентлагийн зүгээс “САНАХ ОЙ” цуврал контентыг бэлтгэн хүргэнэ. Энэхүү контент нь өнгөрсөн хугацаанд төрд биднийг төлөөлсөн улстөрчид төлөөллийн үүргээ хэр гүйцэтгэсэн болон ёс зүй, ёс суртахууны хувьд үлгэр дуурайлалтай байж чадсан эсэхэд хариулт өгөх зорилготой юм.
Энэ удаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өнгөрсөн гурван жилийн бодлого, төсөл хөтөлбөр, хийж хэрэгжүүлсэн ажлуудыг нэхэн сануулж байна. Учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гурван жилийн ой нэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож буй юм.
Тайлбар: 2021.01.27-ны өдөр. УИХ-ын чуулган
АМНЫ ХААЛТААС ӨӨР “ЗЭВСЭГ”-ГҮЙ ТУЛААН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ СЭРГЭЭВ
2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилов. Засгийн тамгыг гардах үед Монгол Улсад Covid-19-ийн халдвар ид дэгдэж, цар тахлыг эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд хохирол багатай давах даалгавар түүнд оногдсон юм. Цар тахал дэлхийн нийт 6.9 сая хүний амийг авч одсон. Тэрхүү нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах "дайсан"-тай тэмцэхэд монголчуудын хувьд амны хаалтаас өөр "зэвсэг"-гүй, авах арга хэмжээ нь хориг байсан. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар цар тахлыг амжилттай даван туулсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Европын холбоо зэрэг олон байгууллага дүгнэсэн.
Дэлхийг айлгаж, түгшээсэн Covid-19 цар тахлыг Монгол Улс харьцангүй эрсдэл багатай туулж чадсан. Гол зэвсэг нь вакцинжуулалт байв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалт энгийн амьдралын хэв маягт шилжих, эдийн засгийн “цусны эргэлт”-ийг наашлуулах, хурдасгах ганц боломж” болохыг зарлаж, иргэдээ яаралтай вакцинжуулахад бүх боломжоо ашигласан. Нийт хүн амын 96,1 хувь нь I тун, 91,8 хувь нь II тун, 46,9 хувь нь III тунгаа хийлгэж, вакцинжуулалтын арга хэмжээг шуурхай авсан нь цар тахлыг даван туулах том боломж байсан юм. Вакцинжуулалт хийснээр цар тахлыг эрсдэл багатай даван туулж чадсан юм.
ЦАР ТАХЛЫН ДАРААХ ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ
Цар тахлыг амжилттай даван туулсан улс орнууд эрчимтэйгээр эдийн засагтаа анхаарч, сэргээж эхэлсэн цаг үетэй зэрэгцэн Монгол Улсын эдийн засгийг сэргээх үүрэг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт оногдов. Хориг, хязгаарлалтаас болж, олон сарын хугацаанд хаалгаа барьсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээх бодлогыг яаралтай боловсруулав. Гэвч цар тахлын үед гадаад валютын нөөц буурсан, экспортын орлого эрс саарсан, инфляци 15 хувьд хүрсэн шинэ сорилттой тулгарсан юм.
БНХАУ-ын хилийн хориг, Украинд өрнөж буй мөргөлдөөн, төгрөгийн ханшийн уналт зэрэг нь дотоодын төдийгүй импортын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөхөд нөлөөлсөн юм. Хүнс, эрчим хүч, тээврийн үнэ 2020 оны сүүлээс өсч, импортын барааны үнийн өсөлт иргэдэд дарамт болж байв.
Цар тахлын сөрөг нөлөөллийг сулруулах үүднээс Засгийн газар ард иргэддээ олон талын дэмжлэг, туслалцаа үзүүлж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, ингэхдээ 100 мянган төгрөг болгох зэргээр дэмжлэг үзүүлж ирсэн. Мөн дотоодын аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох замаар эдийн засгаа тэтгэж, 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр эдийн засагт маш том цусны эргэлт болсон гэж эдийн засагчид дүгнэж буй. Энэ мэт алхам алхамаар, шат шатаар эдийн засгаа өсгөх арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлж, төрийн хулгайтай тэмцсэнээр эдийн засаг хүнд үед Монгол Улсын Засгийн газар “Чингис” бондын үлдэгдэл төлбөр болох 136.8 сая ам.долларыг барагдуулсан нь дефолтоос сэргийлж, зээлжих зэрэглэлийнхээ чанарыг олон улсад хэвээр хадгалах нэг боломж байв.
ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ШИНЭ ДҮРЭМ!
2020-2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан МАН-ын үнэмлэхүй олонх бүхий парламент түүхэнд үлдэх шийдвэр гаргасан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 126 болгов. Өөрөөр хэлбэл, өнөөгийн 76 ирээдүйн парламентын засаглалыг бэхжүүлэх, нөгөө талдаа улс төр, эдийн засгийн хувьд томоохон реформыг авчрах шийдэл гаргасан нь энэ оны төдийгүй улс төрийн түүхэнд үлдэх онцлох зүйл байв. Монгол Улс парламентын засаглалтай орон хэдий ч нийт ард түмнээ төлөөлөх төлөөллийн тоо бага, бага ард түмний эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ гэх шүүмжлэл дагуулж, тэр нь гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн засаглалаасаа ялгарахгүй байгааг өнгөрсөн хугацаанд хуульчид, мэргэжлийн хүмүүс шүүмжилсээр ирсэн.
Энэ алдааг засч, нийгмийн бүх бүлэг хэсгүүдийн төлөөлөл УИХ-д орох боломжийг бүрдүүлж чадсан нь парламентын түүхэнд нэгэн шинэ хуудас нээх, парламентын засаглалыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. МАН-ын даргын хувьд парламентын засаглалыг бэхжүүлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ Л.Оюун-Эрдэнэ бусад улс төрийн намуудтай зөвшилцөж, тэднийг нэг ширээний ард суулгаж чадсан. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосноор төсвийн үр ашиггүй зарлага буурах, төлөөллийн ардчиллыг бий болгох, нэг гишүүнд оногдох эрх мэдэл буурах, хууль тогтоогчид тойргийн төсөв батлахад бус улс орны нийтлэг, том эрх ашгийг харж ажиллах нөхцөл бүрдэнэ гэж Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлж байлаа. Мэдээж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гишүүдийн тоог 126 болгосон боловч Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал, хүний үйл ажиллагаанаас хамаарч гишүүдийн тоог нэмсэн эсэх асуудал зөв шийдвэр байсан эсэхийг цаг хугацаа батална. Ирэх дөрвөн жилийн хугацаанд бид парламентын засаглалаа илүү их төгөлдөржүүлээд явах уу эсвэл гэдгийг бид харж, мэдэрнэ. Үндсэн хуульд оруулсан реформын хүрээнд Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн баталсан нь өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг засахад зорилго нь чиглэгдсэн. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон учир сонгуулийг холимог тогтолцоотой буюу 76 нь тойргоос 50-ыг намын жагсаалтаар сонгох сонголтыг сонгогчдод өгч буй. Мөн томсгосон тойргоор сонгуулиа зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, орон нутгийг 7 бүсчилсэн тойрог, нийслэлийг 6 тойрогт хуваасан. 2024 оны сонгуульд нэр дэвшигчид өмнөх шигээ нэгхэн тойрог услаад, нэгхэн тойрогт сурталчилгаа хийх бус гурван аймаг, олон дүүрэгт ажиллана гэсэн үг. Энэ нь том зургаараа улс орны эдийн засагт, хөгжилд тус нэмэр болно гэж үзсэн учраас ийн бүсчлэн томсгосон тойргоор сонгуулиа зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэв.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
Холбоотой мэдээ