Ерөнхий боловсролын сургуулиудад 2023-2024 оны хичээлийн жилд англи хэлний "Pearson", математикийн "Eduten" гэх хоёр шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хичээлийн жилээс 5-6 дугаар ангийн сурагчид англи хэлний хичээлээ 100 хувь "Pearson" хөтөлбөрийн дагуу судалж байна. Сурагчид сурах бичгээс гадна гар утас, таблет зэрэг аль ч төрлийн төхөөрөмж дээр ажиллах боломжтой платформ гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Шинэ хөтөлбөр нэвтрүүлэхэд багш болон сурагчдад ямар давуу тал, хүндрэл учирч байгаа талаар тодрууллаа.
"ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭДЭЭ УХААЛАГ УТАС АШИГЛУУЛАХ ТАЛ ДЭЭР ОЙЛГОЖ ДЭМЖДЭГГҮЙ"
Нийслэлийн БЗД-ийн 133 дугаар сургуулийн англи хэлний багш Б.Жавзандолгор:
-Англи хэлний "Pearson" бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр. Монгол Улсад нэвтрүүлж буй шинэ хөтөлбөр учраас эцэг эх, сургуулийн удирдлага, багш нар түвэгшээх асуудал гарч байна. Англи хэлний багш нарын хувьд хөтөлбөрийн сургагч багш нараасаа сургалтаа авч байгаа. Харин сургалтад хамрагдаж амжаагүй багш нарт хүндрэл үүссэн. Сурагчид сурах бичгээс гадна гар утас, таблет ашиглан цахим хаяг нээхээс эхлээд бэрхшээл гарна. Шинэ хөтөлбөр учраас сурагчид онлайн платформ руугаа хэрхэн нэвтрэх, дасгал даалгавраа хугацаандаа хэрхэн хийж илгээх вэ, явцын шалгалтаа хэрхэн хийхээ мэдэхгүй байх асуудал гарч байгаа бол эцэг эхчүүд ухаалаг утас хүүхдэдээ ашиглуулах тал дээр ойлгож дэмжихгүй байх тохиолдол гарч байна.
Зарим нь интернэт рүү ороход эцэг эхийн зөвшөөрөлтэй орох боломжтой гэж өгснөөс англи хэлний хичээлдээ хамрагдаж чадахгүй байх жишээтэй.
Англи хэлний сурах бичиг хэвлэгдэж дуусаагүй байсан. Тиймээс багш нар өнгөрсөн хугацаанд цахим хичээлээ хэвлэж ашигласан. Саяхнаас сураг бичиг, дасгал ажлын номыг бүх сургуулиудад тараасан учраас гар утсаараа зөвхөн гэрийн даалгавар хийх, хоцрогдлоо арилгах гэх мэтээр ашиглах боломжтой.
"ТУРШИЛТ ХИЙСЭН 38 СУРГУУЛИЙН 5-10 ДУГААР АНГИЙНХАН АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ СУДАЛЖ БАЙНА"
Нийслэлийн Налайх дүүргийн "Голомт" цогцолбор сургуулийн англи хэлний багш А.Отгончимэг:
-Манай сургууль өнгөрсөн 2023 онд англи хэлний "Pearson" хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлсэн 38 сургуулийн нэг. Энэ хөтөлбөр өнгөрсөн жилийн гуравдугаар улирлаас эхэлж хэрэгжсэн. Тийм болохоор бусад сургуулийг бодвол энэ жил хүндрэл бэрхшээл бага тулгарч байна. Мөн манай сургуулийн 5-10 дугаар ангийн сурагчид англи хэлний "Pearson" хөтөлбөрт хамрагдаж байгаа. Анх туршилтаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 38 сургуулийн 5-10 дугаар ангийнхан англи хэлний хөтөлбөрийг судалж байна.
Олон улсын хөтөлбөр учраас маш давуу талтай. Жишээлбэл, хүүхдэд дан ганц англи хэл заахаас гадна бүтээлч сэтгэлгээ, амьдрах чадвар, олон улсын соёл, гадаад хэлний мэдлэг дээшилж, цахим платформтой харьцаж, давхар мэдээлэл технологийн боловсрол эзэмшинэ.
Анх энэ хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуульд туршихад интернэт, wifi сүлжээ муу, хүүхдүүдийн гар утасны датаны асуудал тулгарч байсан. Бид үүрэн телефоны "Мобиком" корпорацитай хамтран хүүхэд бүрт дататай үнэ төлбөргүй дугаар тарааж өгсөн. Харин одоо сургуулиуд интернэт суурилуулж, сурагчид үнэ төлбөргүй дататай утасны дугаараа ашиглан англи хэлний хичээлээ хийж байна.
"БАГШ НАРЫН АЖЛЫН АЧААЛАЛ БАГАСЧ, СУРАГЧИД СОНИРХОЛТОЙГООР ХИЧЭЭЛЭЭ ХИЙХ БОЛОМЖТОЙ"
Боловсролын ерөнхий газрын Гадаад хэлний багшийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн С.Алдармаа:
-Засгийн газраас 2021 онд 372 дугаар тогтоол баталсан. Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих тогтоолын хүрээнд 2023 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/482 дугаар тушаал гарсан. Энэ тушаал нь цахимд суурилсан платформ хөтөлбөрийг турших тухай юм. Тушаалын хэрэгжилтийн дагуу нийслэл болон орон нутгийн 38 сургуулийг санамсаргүй түүврээр сонгож, туршилт хийсэн.
Туршилтын үр дүнг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс гаргаж, 2023 онд салбарын сайд Л.Энх-Амгалангийн 353 дугаар тушаалаар англи хэлний "Pearson" хөтөлбөрийг бусад төрийн өмчийн 675 сургуулийн 5-6 ангид хэрэгжүүлэхээр болсон юм.
Харин ирэх хичээлийн жилд 3-7 дугаар ангийнхан, 2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийнхан гэх мэтээр 3-12 ангийн сурагчид бүгдээрээ энэ хөтөлбөрөөр англи хэлний хичээлээ үзнэ. Үндсэндээ 3-12 дугаар ангидаа уг хөтөлбөрийн дагуу англи хэл судалсан сурагч IELTS-ын 6.5-7 оноо авах хэмжээний түвшинтэй болно. Багш нарын хувьд ажлын ачаалал багассан бол сурагчид илүү сонирхолтойгоор хичээлээ хийх боломжтой болсон гэв.
Холбоотой мэдээ