Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нэгдүгээр сарын 8-нд 40 нас хүрсэн гэж хэвлэлээр таамаглаж байна. Учир нь Ким Жон Ун 1984 он төрсөн гэхээс бусдаар сар, өдөр нь тодорхойгүй байдаг. Түүний төрсөн өдрийг өмнөх удирдагч нарын адил улсын хэмжээнд сүр дуулиантай тэмдэглэдэггүй. Ким Жон Ил, Ким Ил Сун нарын төрсөн өдөр бол Хойд Солонгосын бүх ард түмний хамгийн том баяр. Тэдний төрсөн өдрөөр бүжиг наадам, ёслолын буудлага, цэргийн жагсаал зэргийг зохион байгуулдаг.
Даваа гаригт тус улсын төрийн хэвлэл Ким Жон Уны сүүлийн 10 жилийн томоохон бүтээн байгуулалтуудыг сайшаасан урт гэгчийн нийтлэл гаргажээ. Өмнөх өдөр нь Ким Жон Ун охиныхоо хамтаар тахианы фермд зочилсон тухай бичсэн байна. Гэсэн ч төрсөн өдрийнх нь талаар огт дурдаагүй.
Ким Жон Ун төрсөн өдрөө сүр дуулиантай тэмдэглэхэд хэт залуу байна. Аль эсвэл илүү том амжилт гаргаж байж төрсөн өдрөө сүртэй тэмдэглэх хэмжээнд хүрнэ гэж бодож байж магадгүй гэж ажиглагчид таамаглав. "Хойд Солонгосын засгийн эрхэнд байдаг ахмад улстөрчид Кимийг хэтэрхйи залуу гэж боддог тул төрсөн өдөр нь албан ёсны баяр болтол багагүй хугацаа шаардагдана" гэж Өмнөд Солонгосын Цэргийн хэрэг эрхлэх хүрээлэнгийн мэргэжилтэн Ким Ёл Су хэлэв.
Түүнчлэн Японд төрсөн ээжтэйгээ холбоотойгоор Ким Жон Ун төрсөн өдрөө зарладаггүй гэх таамаглал ч байдаг. "Ээж нь Японоос ирсэн нь түүний хамгийн том сул тал" гэж Сөүлийн Эвха эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Пак Вон Гон хэлж байв.
Өмнөх удирдагч Ким Ил Суныг 56 нас хүрэхэд түүний төрсөн өдрийг албан ёсны баяр болгон тэмдэглэж эхэлсэн. Харин Ким Жон Илийг 40 хүрэхэд албан ёсоор улс нийтээр тэмдэглэж эхэлжээ.
Ким Жон Уны төрсөн өдрийг нийтэд зарлаж, олны өмнө мэнд хүргэж байсан ганц л тохиолдол бий. Тэр нь 2014 онд NBA-ийн од асан Деннис Родман Пёньянд ирэхдээ "Төрсөн өдрийн мэнд хүргэе" дууг дуулж байсан явдал юм.
Эх сурвалж: AP
Нэргүй 2024-01-09 213.87.133.112
Харуулах боломжгүй.