Сэлбэ, Дунд гол дагуулан 200, 300 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдан авсан иргэд айдас хүйдэс дунд өвөлжиж байна. Учир нь, Сэлбэ гол эргээ даган хальж, халиа дошин үүссэнээр хавар болоход сад тавьж, дахин үер бууж мэдэхээр буй.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ынхан Сэлбэ, Дунд гол орчмоор өдөр бүр ажиллаж, усны төвшин нь нэмэгдэж буй эсэхэд 24 цагийн хяналт шалгалт хийж байгаа бол онцгойгийнхон ч аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллах болсон.
Харин өнөөдөр Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч Б.Ганболдын тайлбарласнаар бол хоёр аж ахуй нэгж зөвшөөрөлгүйгээр хөрсний ус дамжуулж, Сэлбэ гол руу цутгасан болох нь тогтоогджээ. Нэг компани нь шинээр барьж байгаа барилгынхаа хөрсний усыг Сэлбэ гол руу зөвшөөрөлгүйгээр цутгаж, бусдыг аюулд оруулсан нь энэ аж.
Уг нь Монгол Улсын холбогдох хуульд зааснаар голын ай сав дагуу барилга барих нь битгий хэл гольдролыг нь өөрчлөх, нарийсгах зэргийг хориглодог. Харамсалтай нь, Монголд мөнгөтэй, нөлөөтэй хэн ч хаа ч дуртай газраа хууль зөрчин барилга барьдаг нь зуршил болсон. Түүний билиг тэмдэг нь Туул, Сэлбэ гол дагуулан барсан энэ олон өндөр барилгууд юм.
Харин голын ай сав дотор, гольдролыг нь нарийсгаж хавчин барилга барьсны уршгаар өнгөрсөн жилийн зун хэдэн их наядаар хэмжигдэх хохирол бий болсон. Удахгүй хоёр сарын дараагаас хаврын урь орж, цас мөс ханзархад дээрх голын ай сав дагуу баригдсан барилгуудад аюул нүүрлэхгүй гэх баталгаагүй.
Уг нь өнгөрсөн зуны Улаанбаатар хотод нүүрлэсэн үерийн үеэр тухайн үед Монголын бүх л дарга нар хариуцлага ярьж, нэхэж байсан ч өнөөдөр тэр бүгдээ мартсан гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй биз.
Хэрвээ голын ай сав дагуу барилга барьсан буруутай этгээдүүдэд хариуцлага тооцож эхэлсэн бол Сэлбэ голыг сэглэж байна гэх дуулианд нэр холбогдож байсан “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа, мөн УИХ-ын гишүүн, Түлш эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар дээр хамгийн түрүүнд асуудал өрнөх байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл чив чимээгүй. Харин ч хууль зөрчин баригдсан барилгууд нь эхнээсээ ашиглалтад орсон.
Прокурорын газраас эл асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулагдсан тухай сүр дуулиан болгож байсан ч бас л таг болсон. Нэг хэсэг Авлигатай тэмцэх газар хот төлөвлөлтийн газраас хэдэн хүн баривчилсан тухай дуулиан дэгдсэн ч өнөөдүүл нь одоо ажлаа хийгээд л явж буй. Барьж, хориод ноцтой юм олдоогүй юу, эсвэл өөр шалтгаан байсан уу бүү мэд.
Харин эрх баригчдын хувьд ганц байлддаг газар нь “Авлига” хороолол болж хувирсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Гэтэл уг барилгын эзэмшигч "Эм Энд Жи констракшн” ХХК-ийн зүгээс хуулийн дагуу бүх зөвшөөрлийг авсан гэж мэдэгдэл хийн, барилгаа барьсаар ашиглалтад ороход тун дөхсөн.
Уг нь хууль зөрчин голын ай сав дагуу баригдсан барилга бүрийн эздэд хариуцлага тооцох ёстой гэж үзвэл “Хурд” групп, “Эко констракшн” –ын барьсан барилгууд орох ёстой ч “арын хаалга” нь нөлөөлсөн үү огт хариуцлага яригдсангүй явсаар шинэ онтой золгоод байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ