50-иас доош насны ганц бие япончуудын гуравны нэгээс илүү хувь нь огт болзож, үерхэж үзээгүйг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ. Мөн тэдний дөрөвний нэг хувьд гэрлэх төлөвлөгөө огт байхгүй аж.
"Recruit Holdings" компани 2017 оноос хойш гэрлэлтийн талаарх хүмүүсийн үзэл бодлыг судалсан. Тэгвэл энэ удаад 50-иас доош насныхны 34.1 хувь нь хэзээ ч романтик харилцаа үүсгэж үзээгүй гэсэн тоо гарсан нь 2017 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Судалгаанд 1200 ганц бие хүн оролцсон.
Судалгаанд оролцсон 20-иод насны эмэгтэйчүүдийн 19.4 хувь, эрчүүдийн 23.7 хувь нь романтик харилцааг цаг, мөнгөний гарз гэж хариулсан байна. Харин 30-аад насны эмэгтэйчүүдийн 23.6 хувь нь дээрхтэй ижил хариулт өгчээ. 2021 онд энэ үзүүлэлт 14.6 хувьтай байсан бол энэ удаад огцом өссөн бололтой.
Гэрлээгүй эрчүүдээс яагаад гэдгийг асуухад хамгийн топ шалтгаан нь санхүүгийн дарамт гэж хариулжээ. Тодруулбал, судалгаанд оролцсон эрчүүдийн 42.5 хувь нь ингэж хариулсан. Харин эмэгтэйчүүдийн 40.5 хувь нь эрх чөлөө, бие даасан байдал нь алдагдана гэж эмээдэг аж.
Бүх оролцогчийн 46.1 хувь нь эцэстээ гэрлэнэ гэдэгтээ итгэлтэй байдаг. Гэхдээ энэ үзүүлэлт нь өмнөх онуудыг бодвол буурсан үзүүлэлт юм. Тухайлбал, 2017 онд залуусын 55.4 хувь, 2021 онд 52.6 хувь нь ямартай ч гэрлэнэ гэж хариулж байжээ.
Японы засгийн газар өнгөрсөн онд жендерийн тэгш байдлын талаар судалгаа хийж, иргэдийн 25.6 хувь нь гэрлэх хүсэлгүй байгааг тогтоосон. Энэ нь төрөлтийн түвшин буурч, ажиллах хүчний хомсдолд ороод буй улсын хувьд гунигтай мэдээ юм. Энэ үзүүлэлт 2021 онд 21.1 хувьтай байжээ.
Эх сурвалж: JAPAN TODAY
Холбоотой мэдээ