ШШГЕГ хууль зөрчсөөр байна

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

ШШГЕГ хууль зөрчсөөр байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих ангиудаас сүүлийн үед ноцтой зөрчил  илэрч, олныг гайхшруулах боллоо. Сонин хэвлэлээр ч энэ  тухай хангалттай мэдээлж буй. Тухайлбал  хянагч, ялтнууд  архидан согтуурч хоорондоо зодолдон  нэгнийгээ хүнд гэмтээсэн, хүний амь нас бүрэлгэсэн этгээд хорих ангиас гадуур хөдөлмөр эрхэлсэн, хорих ангийн удирдлагууд  ялтны хөдөлмөрийн хөлс завшсан зэрэг олон зөрчлийг нэрлэж болно. Бид   ШШГЕГ-аас    хорих ангиудад үүссэн нөхцөл байдлын талаар  мэдээлэл авахыг хэд хэдэн удаа  хүссэн ч өнөөдрийг хүртэл тоймтой хариулт өгөхөөс татгалзлаа. Тиймээс хууль зөрчиж буй  хорих ангиудын  талаар  эх сурвалжийн мэдээллийг  үндэслэн дараах  баримтыг дэлгэж байна.

Мөнгө завших журам баталсан байна

ШШГЕГ-аас ялтны хөдөлмөрийн хөлсийг захиран зарцуулах журам баталж  2008 оноос мөрдөж эхэлсэн нь хорихын удирдлагад мөнгө завших таатай нөхцөл бүрдүүлсэн гэж болно. Зөвхөн энэ жил нийслэлийн ойролцоо байрлах  зургаан хорих ангид Прокурорын газраас 60 удаа хяналт шалгалт хийхэд 589 зөрчил илэрч  224 ялтны хууль ёсны эрхийг сэргээжээ. Мөн зургаан хорих анги  ялтны хөдөлмөрийн хөлсөнд 89.7 сая төгрөгийг өөрийн нэрийн дансанд байршуулж үүнээс 20 сая төгрөгийг ШШГЕГ өөрсдийн хэрэгцээнд зарцуулсан байх юм. Ер нь бүх  хорих анги  улсын төсвөөс санхүүждэг хэр нь хүмүүжигчийн хөдөлмөрийн хөлсийг байр, дулаан, цахилгааны хөлс, сэлбэг шатахуун, ажилчдын цалинд хүртэл  зарцуулдаг тухай эх сурвалжийн мэдээлэл бий.  Эл ШШГЕГ-ын даргын А 8 тоот тушаалаар баталсан ялтны хөдөлмөрийн хөлсийг тогтоох тухай журам нь бүх талаараа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Тухайлбал  гэмт хэрэг үйлдсэн этгээд цагдан  хоригдох хугацаандаа хөдөлмөр эрхэлж  хохирогчдод учруулсан хохирлоо бүрэн барагдуулах, тодорхой хувийг  эм тариа, хувцас,  хоол хүнсэнд  зарцуулахаар хуульд заасан байдаг. Гэтэл тэдний хоригдох хугацаанд хийсэн хөдөлмөрийн хөлсийг цахилгаан, дулаан гэх мэт урсгал зардалд  зарцуулснаас хохирогчийн хохирлыг барагдуулахгүй, тухайн хоригдлын ял эдлэх хугацаа нь дуусч суллагддаг байна. Гэтэл хуулиараа бол ял эдэлсэн хүмүүжигч суллагдсан тохиолдолд хохирогчийн хохирлыг барагдуулах боломжгүй. Энэ журмыг  баталснаар ШШГЕГ ялтныг хүмүүжүүлэх бус мөнгө завших  боломжийг өөрсдөө бүрдүүлсэн гэж хэлж болно.

Өршөөлөөр суллагдсан 109 ялтны хөдөлмөрийн хөлсийг завшжээ

Нийслэлийн Прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс энэ онд хийсэн шалгалтаар Амгалан дахь хорих 421 дүгээр ангийн удирдлага ялтны хөдөлмөрийн хөлс болох 7.1 сая төгрөгийг завшсан зөрчил илэрсэн байна. Уг хорих анги нийт 115 ялтанг аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөр эрхлүүлжээ.  Түүний  хөлсөнд 7.1 сая төгрөг ялтны  нэрийн дансанд хуримтлагдсан байсныг эрх бүхий албан тушаалтнууд  хувьдаа завшсан байна. Тухайн үед дээрх 115 хүмүүжигчээс 109 нь өршөөлийн хуулиар суллагдсан аж. Уг нь хуулийн дагуу  ялтны нэрийн дансанд байршуулсан хөдөлмөрийн хөлсийг өөрт нь  олгох ёстой байдаг.

Хүний амь нас бүрэлгэсэн этгээд гадуур хөдөлмөр эрхэлж байсан гэнэ

Цагдан хорих 409 дүгээр ангид ял эдэлж  байсан А хорих ангиас гадуур хөдөлмөр эрхэлж байсан тухай эх сурвалжийн мэдээлэл бий. Тодруулбал ялтан А нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Жаран нэгийн гармын өвөлжөөнд сахиураар нэлээд хэдэн сар ажиллажээ.  Уг нь ялтан нэг удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хувь хүний хүмүүжиж байгаа байдал, ял эдлэх хугацааны 30 хувийг эдэлсэн тохиолдолд хорих ангийн дарга болон Прокурорын газрын зөвшөөрлөөр тусгай харуул хамгаалалттай ажил хийх зөвшөөрөл олгодог байна. Гэтэл дээрх ангийн удирдлага прокурорын зөвшөөрөлгүй, харуул хамгаалалтгүй онц хүнц гэмт хэрэг үйлдсэн ялтныг гадуур ажиллуулж ноцтой зөрчил гаргажээ.

Хянагч,  ялтнууд хоорондоо зодолдов

Хорих ангид ялтнууд хоорондоо зодолдох тохиолдол нэг биш удаа гарч байсан бол хянагч, хүмүүжигч нар архидан согтуурч нэгнийгээ хүнд гэмтээсэн хэрэг саяхан гарсан. Тодруулбал энэ оны долдугаар сарын 17-18-нд шилжих шөнө ШШГЕГ-ын 401 дүгээр ангийн эмч, ахлах дэслэгч Д.Энх-Амгалан хүмүүжигч О.Тамир, Ц.Эрдэнэбаатар нар архи ууж улмаар хоорондоо зодолдож нэгнийгээ хүнд гэмтээсэн тухай баримт ч  бий. Эл эмх замбараагүй байдалд  хариуцлага тооцож хянагч Д.Энх-Амгаланг  ажлаас нь халж,  тус ангийн дарга хурандаа Ш. Булган,  дэд дарга Б.Батзориг нарын цолыг бууруулах арга хэмжээ авсан байна.  Гэвч эх сурвалжийн мэдээллээр  уг ангид  хоригдлууд болон албан хаагчид бүлэглэн зодоон хийсэн байж магадгүй тухай яриа ч  чих дэлсээд амжсан.

Хорих ангийн дарга гурван жил хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан байна

Хорих 409 дүгээр ангийн дарга, дэд хурандаа Ш.Булган 2007-2009 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлсэн зөрчлийг  Авлигатай тэмцэх газар  илрүүлж хариуцлага тооцуулахаар  удирдах албаны даргад нь хандсан байна. Гэтэл ШШГЕГ-ын дарга Ш.Ганхүү хөрөнгө орлогоо хэдэн жил нуун дарагдуулж хууль зөрчсөн  ажилтандаа сахилгын шийтгэл  оногдуулах арга хэмжээ авчээ. Тэрбээр өөрийн нэр дээр бүртгэлтэй орон сууцны байруудаа мэдүүлээгүй мөртлөө,  өөрийн дүүгийн нэр дээр бүртгэлтэй авто машиныг өөрийнх  мэтээр мэдүүлсэн, банкинд байгаа  хадгаламжаа байхгүй мэт худал мэдүүлсэн нь  өөрийнх нь өгсөн тайлбар болон  бусад байгууллагаас ирүүлсэн лавлагаагаар нотлогджээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж