Монголын хөгжилд хэрэгтэй төсөл, хөтөлбөр болгоныг гацаадаг хүмүүс Төрийн ордонд ганц хоёроор тогтохгүй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. Нөгөө нь Х.Болорчулуун.
Хөвсгөлөөс удаа дараа УИХ-д сонгогдсон Ц.Даваасүрэнгийн хувьд гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг үзэлтэн гээд хэлчихэд буруудахгүй. Жишээ нь тэрбээр "Рио-Тинто" компанийг Монголоос хөөж тууж нэлээд хэрүүл, зарга болж байлаа. Хэрэвзээ түүний үгэнд ороод монголчууд "Рио Тинто"-г Монголоос хөөчихсөн бол өдийд хамраараа газар хатгах дээрээ тулах байсан биз. Тэрчлэн эдийн засгийн хөгжлийг урагшлуулах эрчим хүчний олон төслийг Монголд хэрэгжүүлэхийн эсрэг тэмцэж, нурааж, гацааж ирсэн бий. Харамсалтай нь, түүний хураасан үйлийн үрийг монголчууд өнөөдөр бүгд хүртэж сууна. Түүний хувьд улсын эрх ашиг адагт, хувийн эрх ашиг нэгд тавигдаж ирсэн нь худлаа биш. Өнгөрсөн жил Боловсролын багц хуулийн хүрээнд англи хэлийг хоёр дахь хэл болгон хуульчлах реформыг хамгийн ихээр эсэргүүцэж ирсэн түүний үг нь "Орос хэл бол элитүүдийн хэл" гэх тайлбар.
Гэтэл охин нь БЗС-аас зээл аваад АНУ-д сурсан баримт нотолгоо нь ил болсон юм. Тухайн үед охиныхоо авсан зээлийг яагаад төлөөгүй байгаа шалтгааныг нь түүнээс сэтгүүлчид тодруулахад "Би охиныхоо зээлийг төлөхгүй" гээд гүлдийсэн тохиолдол ч бий.
УИХ дээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ид хэлэлцэж буй агаад энэхүү реформыг Ц.Даваасүрэн мөн тэгнээд хэвтчихсэн. Тэрбээр "Гадаадын иргэд 50 мянган ам.доллараар Монголд байр, машин худалдаж аваад л байнгын оршин суух эрхтэй болох нь. Яагаад гэвэл Хөрөнгө оруулалтын хуульд босго байхгүй. Хөрөнгө оруулалтын хэлбэр одоо маш олон төрөлтэй болсон. Тухайлбал барилгад хөрөнгө оруулах буюу хямд байшин худалдаад авчихвал Монголд байнга оршин суух эрхтэй болж байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдааны үеэр ярилцаж байж оруулъя гэсэн боловч өнөөдөр тус заалт хэвээр байна. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Манайхан хоёр хөршийгөө баян болсон гэж ярьдаг ч ийм юм байхгүй. Тэнд хангалттай ядуу улсууд байгаа. Өмнөд хөршийн 180-200 сая иргэн өдөрт таван ам.доллараар амьдарч байна. Хойд хөршид ч хангалттай ядуу хүмүүс бий" гэх мэтчилэн эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүний үгийг сонссон Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "бүх юмаа хаагаад бүгдийг өөрсдөө хийнэ гэвэл удаан л хөгжих байх" гэсэн нь үнэний ортой.
Тэгвэл Х.Болорчулууны хувьд Дорнодоос сонгогдсон, Монголын толгой попуудын нэг. Түүнийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдохтой зэрэгцээд гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан. Тэрбээр хувьдаа "Дорнод гурил"-ын үйлдвэртэй. ЖДҮХС-гаас гурван хувьтай зээл гурилын үйлдвэртэй авч өгсөн хэрэгт нэр холбогддог. Хөдөө аж ахуйн сан болгоноос "мөнгө тоншдог" компаниудын нэг нь Х.Болорчулууны "Дорнод гурил". Хууль дүрэм, ёс зүйтэй улсад энэ нь түүний унах кэйс мөн үү мөн. Гэтэл улам дээшээ өгсөөд, давхар, давхар дээл нөмөрч, дахин дахин сан тоноод байгаа асуудал нь МАН-даа, маньдаа/ дорнодчууд/ч байна. Түүний хувьд гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхээс сүнсээ зайтал айдаг улстөрчдийн нэг. Ямар сайндаа л "Гадаадын хөрөнгө оруулагчдын босгыг үгүй болгосноор жижиг Монгол Улсын дархлаа унах аюултай" гээд яриад зогсч байх билээ. Тэгээд болоогүй ээ, монголчууд хамгийн хямд гурил идэж байгаа шүү гэх мэтээр хэрэглэгчдээ заналхийлээд авсан. Авч байгаа цалин, Х.Болорчулууны зарж байгаа гурилын үнэтэй харьцуулахад харин ч өндөр үнэтэй гурил идэж байгаа.
Энэ мэт улсын хөгжил дэвшилд хэрэгтэй бүхнийг байнга үгүйсгэлдэг Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун мэтийн улстөрчдийн хувьд Монгол хөгжил буурай, монголчууд хүлцэнгүй ядуу байхыг хүсдэг байж мэднэ. Тиймээс л бүхнийг нурааж, гацааж, унагаж ирсэн, тэдэнд хэн нэгэн тийм даалгавар өгдөг ч байхыг хэн мэдлээ. Тэд баавгай, луу хоёрын "балинчид" биш биз дээ.
Б.ШАРХҮҮ
Холбоотой мэдээ