"Хадын оройгоор" дуутай холбоотойгоор буриад зоны төлөөлөл өнөөдөр /2024.01.08/ мэдээлэл хийлээ.
Энэ талаар буриад бөө удган Ц.Отгонсүрэн "Буриад үндэстэн, ястны өв соёлыг хөгжүүлэх дуун цэнгүүнийг 2024 оны нэгдүгээр сарын 23, 24-нд зохион байгуулах гэж байна. Мөн "Алтаргана" наадмаа олон улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Бидний өвөг дээдсийг их хэлмэгдлийн хар шуурга дайран өнгөрсөн. Өнөөдрийн нөхцөл байдалд хэлмэгдүүлэлтийн хар шуурга бидний зүрх сэтгэлд үлдсэн. Залуу үеийнхэн маань өв соёлоо хөгжүүлж, дуу хуурандаа анхаарч, уламжилж авч явах шаардлагатай байна. "Хадын оройгоор" дуун дээр маш их эмзэглэсэн. Буриад ястангууд өөрсдийн гэсэн үнэт өв уламжлалтай. Өв уламжлал гэдэг ариун нандин юм. Бид чинь өөрийн гэсэн өв соёлтой ард түмэн. Дэлхийн гурван их гүрэнд тасарсан яс, үсэрсэн цустай ард түмэн. Энэ болгоныгоо байнга яриад байдаггүй.
Залуу дуучнаа энэ дуун цэнгүүндээ урина. Би нэр цохож хэлэхгүй ээ. Буриад зоны дундаас бас залуу дуучид төрөн гарч, дуу соёлоо хөгжүүлээд явах хэрэгтэй.
Ямар ч хүн энэ дууг дуулах боломжтой. Тэр дууг сонсохоод нүдэнд нулимс зангираад л ирдэг. Өнөөдөр дайн дажин болоход хамгийн түрүүнд буриад хөвгүүд амь эрсдэж байгаа нь харамсалтай. Буриад зон дайчин, ажилсаг түмэн. Сүүлд "Мойлхон" уран сайхны киног хийж, "Хатариш" дууг маш сайхан дуулсан байдаг. Буриадын өв соёлоо ярьж хэлэхгүй бол мартагдах нь байна шүү. Миний бие өв соёлоо тээж яваа хүн учраас үндэсний дархлаа, бахархал учраас хамаг монголчууд төдийгүй даян дэлхий маань амар тайван байх болтугай гэж ерөөе" гэв.
Холбоотой мэдээ