"НҮБ-аас өгсөн зөвлөмжүүдийг Засгийн газар зүгээр л мартсан байна"

"НҮБ-аас өгсөн зөвлөмжүүдийг Засгийн газар зүгээр л мартсан байна"

"НҮБ-аас өгсөн зөвлөмжүүдийг Засгийн газар зүгээр л мартсан байна"

Энэ оны зургадугаар сарын 28-нд УИХ-ын сонгууль болохтой холбогдуулж,  цахим орчин дахь хуурамч хаягийг хязгаарлах боломжтой эсэх, хиймэл оюун ухаанаар дамжуулж бусдын яриагүй зүйлийг ярьсан болгож, дуу хоолойг нь  дууриалгасан тохиолдолд хууамч мэдээллийг хаах боломжтой эсэх асуудал хууль тогтоогчдын хувьд шүдний өвчин болж хувираад байгаа бол олон нийтийн зүгээс "Сонгуулиар дамжуулж, цахим орчныг хязгаарлаж болохгүй" гэдэг асуудлыг хөндөж буй. Энэ асуудалтай холбоотойгоор хуульч,  судлаач Л.Галбаатартай ярилцлаа.


-УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 28-нд товлогдсон. ҮХНӨ-ийн дагуу шинэ парламент 126 гишүүнтэй болно. Сонгогчдын мэдээлэл авах, мэдэх эрхийг эрх баригчид хэр хангаж байна гэж та дүгнэж байгаа вэ. Улстөрчдийн санаа нь бол иргэдийн мэдэх эрхийг, үг хэлэх эрхийг аль болох хязгаарлах бодолтой байх шиг?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Энд дурдсан нийтээрээ, чөлөөтэй сонгох эрхийг эдлэх нь сонгуульд нэр дэвшигчид, тэдний мөрийн хөтөлбөр, сонгуультай холбоотой бусад бүх төрлийн мэдээллийг чөлөөтэй хайх, олж авах, түгээх, энэ талаарх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шууд хамааралтай. Гэхдээ мэдээлэл олж авах, түгээх үед хязгаарлалт тогтоосон хууль тогтоомж үйлчилж байна.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан, бусдын нэр болон хуурамч цахим хаяг ашигласан бол хүнийг 5 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр тус тус торгоно.

Эрүүгийн хуульд зааснаар сонгуульд оролцогч улс төрийн нам, намуудын эвсэл, нэр дэвшигчийн нэр хүндэд халдаж, илт худал мэдээлэл тараасан бол 450 мянган төгрөгөөс 5 сая 400 мянган төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Эдгээр заалт нь сонгуулийн үеэр нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээж, шүүн хэлэлцэх боломжийг цагдан хянах, шүүмжлэлийг хязгаарлах үр дагавартай байна.

Нэр төр, алдар хүнд бол жирийн иргэнд хамаатай ойлголт. Гэтэл нэр дэвшигчид үүнийг хамаатуулж байна. Бас улс төрийн нам, намуудын эвсэлд нэр төр, алдар хүнд гэх ойлголт хамаарах ёсгүй.

Мөн худал мэдээлэл гэдэг ойлголтыг хууль тогтоомжид тодорхойлоогүй ч худал мэдээлэл тараасан гэж цахим хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг сонгуулийн дүн гарч дуусталх хугацаагаар хаах, тухайн цахим хуудсыг хаах, эсхүл түр хязгаарлах арга хэмжээ авахаар сонгуулийн хуульд заасан. Бусдын нэр болон хуурамч цахим хаяг ашиглахыг хориглож байгаа нь буруу. Зохиомол нэр хэрэглэх, нэрээ нууцлах нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн гол суурь, үндсэн хэсэг болохыг олон улсын эрх зүйд нэгэнт хүлээн зөвшөөрсөн байдаг. Манай хууль тогтоомж үүний эсрэг байгаа нь санаа зовоож байна.

Сонгогчдын хувьд нэр дэвшигчидтэй танилцах, тэдний талаарх мэдээлэл авах хугацаа маш богинохон байгаа. Энэ нь сонгууль шударга болно гэсэн эргэлзээ төрүүлж байна л даа?

-Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ гэж хуульд заасан. Мөн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. Энэ 17 хоногт нэр дэвшигч нь бүх сонгогчдодоо хүрч ажиллах, мэдээлэл хүргэж чадах эсэх асуудал болж байна.

Сонгогчдын мэдээлэл авах дадал, арга барил харилцан адилгүй. Цахимаар илгээсэн, танилцуулсан мэдээлэлтэй сонгогч бүр танилцаж, дүгнэлт өгч чадахгүй байх магадлалтай.

Нэг тойрогт тухайлбал 9 мандаттай үед хэдэн нэр дэвшигч байх вэ? Сонгогч бүр тэдгээр нэр дэвшигч, түүний мөрийн хөтөлбөр бүрийг бүрэн судалж амжих уу гэдэг эргэлзээтэй. Нэг нэр дэвшигч А4 бичгийн цаасны 16 нүүр сонин, 16 нүүр сэтгүүл, 8 нүүр зурагт хуудас тараах боломжтой. Зөвхөн хэвлэмэл материалын хувьд нэр дэвшигч бүрийн 40 хуудас материал сонгогчдод ирнэ. Сонгох эрхээ эдлэхийн тулд нэр дэвшигч бүрийг судлах боломжит хугацаа олгосон байх ёстой.

Бодит байдалд нэр дэвшигчийг нарийн судлах боломж хязгаарлагдмал байгаа нь сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд нөлөөлнө. 

-Сонгууль бол иргэдийн төр барилцах үйл ажиллагаанд оролцох хамгийн том эрх байдаг. Энэ эрхээ эдлэхдээ иргэд мэдээлэлд хэрхэн хянуур, няхуур хандах вэ?

-Олон арга зам бий. Тухайлбал, мэдээллийн эх сурвалжаа нягтлах хэрэгтэй. Энэ хүрээнд тухайн мэдээлэл түгээж буй цахим хаяг, вэб сайт, хэвлэл мэдээллийн баталгаатай эсэхийг нягталж, шалгах хэрэгтэй. Тухайн мэдээллийг бусад мэдээлэлтэй харьцуулж үнэн, бодитой эсэхийг шалгах хэрэгтэй. Тухайн мэдээллийг үнэн гэж итгэхээс өмнө баримтыг нягтлах шаардлагатай. Баримт нягтлан шалгах байгууллагаас гаргасан мэдээллийг үзэх боломжтой. Тухайн асуудлаарх олон санаа бодол, дуу хоолойг сонсож, олон талт мэдээлэл олж авах нь зөв. Эцэст нь олж авсан, нягталсан мэдээлэлд тулгуурлаж саналаа өгөх хэрэгтэй.

Сэтгэл хөдөлгөсөн, гайхашруулсан мэдээлэл байх тусмаа үйл баримтыг нуусан, халхавчилсан байх магадлалтай байдгийг санаж байхад илүүдэхгүй байх. Ийм мэдээлэлд ямагт эргэлзэж, шүүн тунгааж байх нь чухал.

-Сонгуулийн үеэр цахим хэрэглээг зохицуулах хууль эрх зүйн орчин хэр бүрдсэн гэж харж байна?

-Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлд сонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах талаар зохицуулсан. Нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаанд ашиглах өөрийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас, цахим орчин дахь олон нийтийн сүлжээний цахим хуудсыг нэр дэвшигчийн үнэмлэх авсан өдрөөс хойш гурав хоногийн дотор тухайн аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд бүртгүүлнэ. Гэтэл “…-ыг дэмжигчдийн хуудас/бүлгэм” гэх нэр, агуулгатай олон нийтийн сүлжээний цахим хуудсаар хамаг илт худал, төөрөгдүүлсэн мэдээллийг түгээдэг. Ийм бүртгэлгүй цахим хуудсанд тавих хяналт, хариуцлагын асуудал орхигдсон. Үүнээс гадна, бүртгэлтэй цахим хуудсаар дамжуулан бүртгэлгүй цахим хуудасны мэдээллийг түгээх нь элбэг байдаг. Мөн нэр дэвшигчийн болон нам, эвслийн өөрийн тус бүр нэг цахим хуудас, бусад цахим хуудас ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулахдаа сэтгэгдэл бичигдэхгүй тохиргоотой байх нь тухайн сурталчилгаанд дурдсан агуулгатай холбоотой сэтгэгдэл бичих хэлбэрээр сонгогчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хязгаарласан нь зохисгүй байна. Зөрчлийн тухай хуульд сонгогчийн тараасан мэдээлэл нь нэр дэвшигчийн холбогдох мэдээлэл ил болоогүй буюу хуучирсантай холбоотой эсэх, эсхүл тийнхүү бодит, зөв мэдээлэл ил болсон байхад зориуд худал мэдээлэл тараасан эсэхийг харгалзахгүйгээр шийтгэл оноохоор зохицуулсан нь буруу байна.

Энэ нь цахим орчинд сонгуультай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зохисгүйгээр хязгаарласан шинжтэй байна.

Мөн нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон “худал мэдээлэл” тараасан бол Зөрчлийн тухай хуулиар 5 сая төгрөгөөр, “илт худал мэдээлэл” тараасан бол Эрүүгийн хуулиар 450,000 төгрөгөөр торгохоор байгаа нь зөрчил, гэмт хэргийн ялгааг харгалзаагүй, зөрчлийн шинж байдал ба шийтгэлийн төрөл, хэмжээг огт уялдуулаагүй байх бөгөөд зөрчлийн шинжтэй үйлдлийг шууд эрүүгийн хэргийн журмаар шалгаж шийдэх үр дагаврыг бий болгож байна. Эрүүгийн хуульд зааснаас хүнд шийтгэлийг Зөрчлийн тухай хуульд заасныг сонгуультай холбоотойгоор үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зориуд хязгаарласан гэж үзэхэд хүргэж байна. 

-Хуурамч хаягийг богино хугацаанд илрүүлэх боломжтой боловч шууд хаах эрх нь цагдаагийн байгууллагад байхгүй. Тиймээс  Харилцаа холбооны зохицуулах хороонд нэмэлт төхөөрөмж байрлуулснаар шууд хаах боломжтой гэдгийг цагдаагийн байгууллагын удирдлага хэлсэн. Энэ зохицуулалтыг та хэрхэн дүгнэж байна? 

Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/ “Фэйсбүүк” компанитай албан ёсоор харилцах “Ногоон суваг” (Government-Case-Work-Channel)-ыг 2019 оны аравдугаар сараас албан ёсоор нэвтрүүлсэн. “Ногоон суваг”-ын хамтын ажиллагааг сайжруулах, хууль бус контентын талаарх гомдол, хүсэлтийг шуурхай шийдвэрлэх зорилгоор 2021 оны дөрөвдүгээр сараас “Content Reporting System”-ийг нэвтрүүлэн Фэйсбүүктэй хамтран ажиллаж байгаа.  Монгол Улсад цахим орчныг зохицуулахдаа цахим орчин дахь хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байхад онцгой анхаарч, дараах шалгуураар хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

Үүнд,

  • цахим орчинд аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар хэрэглэгчдэд зориулсан мэдлэг олгох, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг хууль тогтоомжийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болгох;
  • цахим орчинд эрх нь зөрчигдсөн буюу тийнхүү зөрчигдөх бодит эрсдэлтэй хэрэглэгчийн гомдлыг хүлээн авч, шалган шийдвэрлэх үр дүнтэй механизм бий болгох;
  • цахим орчин дахь илт хууль бус агуулгыг хэт өргөн хүрээнд бус, тодорхой, хоёрдмол утгагүйгээр, нэг мөр ойлгож хэрэглэх боломжтой байдлаар тусгайлан тодорхойлох;
  • цахим орчин дахь илт хууль бус агуулгыг арилгах, тийм агуулгаас сэргийлэх үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчих нөхцөл болох ёсгүйг онцгойлон анхаарч зохицуулах.
  • “үндэсний аюулгүй байдлыг хангах”, “нийгмийн дэг журмыг хангах” хүрээнд хууль бусаар болон зохих үндэслэлгүйгээр хэвлэлийн эрх чөлөөг цагдан хянах, иргэдийн захидал харилцааг хэт мөрдөн тагнахгүй байх, мэдээллийг шифрлэх технологийг ямар нэг байдлаар хязгаарлахгүй байх нөхцөлийг заавал тусгах.

Цагдаагийн ерөнхий газрын даргын хувьд УИХ-ын байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд хэлсэн үгнээс харахад, түүний зөвхөн хаах, боох тухай яриа нь хэт нэг талыг барьсан, цахим орчин дахь агуулгын зохицуулалтын талаар сайн мэдэхгүй байгаа юм байна гэж санагдуулсан.

Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагааны хэвийн байдал буюу сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргах эрхээ эдлэхэд аюул учруулах нөхцөл байдал ба цахим орчин дахь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, тэр дундаа нэрээ нууцалж, зохиомол нэрээр үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамтад нь ярих ёстой. 

-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сайн дураараа эвлэлдэн нэгдэх, чөлөөт шүүмжлэл өрнүүлэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлст тооцогддог. Гэтэл нэр дэвшигчид болон нам эвслийн талаар шүүмжилсэн иргэдийг хууль цагдаагийн байгууллагаас шалгах, торгох шийтгэх тохиолдол гардаг. Тэгвэл иргэд үзэл бодлоо илэрхийлэхдээ юун дээр анхаарах ёстой вэ?

-Цагдаагийн даргын “амьдралгүй” яриа нь иргэдийг цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэхээс татгалзах, өөрийгөө цензурдахад хүргэж магадгүй. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс айх, санаа зовох ёсгүй. Гол нь бусдын эрхийг зөрчихгүй байх, хүчирхийлэлд өдөөн турхирахгүй байхад анхаарах хэрэгтэй.

-Иргэд хууль эрх зүйн мэдлэг дутуугаас болж хуулийн хариуцлага хүлээж байсан тохиолдол хэр олон байна вэ?

-Хууль мэдэхгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Гэхдээ иргэд хууль мэдэхгүй байгаа биш, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн иргэдэд хариуцлага хүлээлгэсэн тохиолдол их олон. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл буюу “худалд мэдээлэл тараах” гэмт хэргийг шалгаж, шийдвэрлэж байгаа практикт олон асуудал байна. Түүнчлэн иргэдийн шүүмжлэлт дуу хоолойг хаах, хязгаарлах байдлаар Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж байгаа практик тогтсонд санаа зовж байна.

Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуульд гүтгэлэг, доромжлолтой холбоотой зохицуулалтыг оруулахгүй байх замаар шүүмжлэлт, эрүүл дуу хоолой, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хамгаалах нь зүйтэй байна.

Энэ нь бусдыг гүтгэх, доромжлохыг зөвтгөөгүй бөгөөд энэ асуудлыг Иргэний хуулийн зохицуулалтын дагуу иргэний хэргийн шүүхээр болон хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллагаар шийдвэрлүүлэх арга зам нь илүү тохиромжтой болно. 

-Монгол Улсад үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө ба мэдэх эрхийн хэрэгжилт өнөөдөр ямар түвшинд байна. Цаашид юуг анхаарвал зохилтой вэ? 

“Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагаас жил бүр гаргадаг “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексийн тайлан”-д манай улсыг “асуудалтай” гэж дүгнэсэн. Ийм үнэлгээ хэдэн жил үргэлжилж байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 2 дугаар зүйлд “Хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлан гаргахыг хориглоно” гэж заасан ч хэрэгжихгүй байна. Төрийн нууц, албаны нууцыг албан ёсоор хариуцаагүй хүмүүст эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйл, заалт олноор нь батлах болсон. Жишээ нь Эрүүгийн хуулийн 19.11 дүгээр зүйл буюу “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэмт хэрэг, сүүлд буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 21.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг задруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан. Энэ нь зөвхөн албан ёсоор эрүүгийн хэргийн хавтаст хэрэгтэй танилцсан этгээдэд хамаарах зохицуулалтыг хэт өргөжүүлж, мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримтыг хавтаст хэргээс бус өөр эх үүсвэрээс олж мэдсэн хүнд нэгэн адил хамааруулсан нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээг зөрчиж байна. Учир нь  уг зохицуулалт мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үйл ажиллагааны үндсэн дээр болон шүгэл үлээгчээр дамжуулж, мэдээллийн нууц эх сурвалжийн дагуу олж мэдсэн аливаа этгээд, тэр дундаа сэтгүүлчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн боломжийг нээж байна.

НҮБ-ын Хүний эрхийн комиссын 1996 оны 52 дахь чуулганаар сайшаасан “Үндэсний аюулгүй байдал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдээллийн хүртээмжийн асуудлаарх Йоханнесбургийн зарчим”-д төрийн нууцыг хамгаалах нь сэтгүүлчийг мэдээллийнхээ эх сурвалжийг хэлж өгөхийг албадах үндэслэл болгож болохгүй гэж заасан.

Мөн 2004 онд НҮБ-ын үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх эрх чөлөөний асуудлаарх Тусгай илтгэгч нарын гаргасан Хамтарсан тунхаглалд “Төрийн нууцыг хамгаалах үүргийг зөвхөн түүнийг хариуцсан төрийн байгууллага, албан тушаалтан хүлээнэ. Сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөлөгч зэрэг бусад этгээдийн хувьд мэдээллийг нийтэлсэн, түгээсний төлөө хууль зүйн хариуцлага хүлээх ёсгүй. Зөвхөн төрийн нууц хариуцсан этгээд түүнийг түгээсний төлөө хариуцлага хүлээх нөхцөлийг Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт тусгах ёстой” гэж заасан.

-Монгол Улс жил бүр хэвлэлийн эрх чөлөөний индексээр ухарсан үзүүлэлттэй байгаа. Энэ жил ч бас сэтгүүлчийг барьж хорьсон асуудал гарсан учраас хэвлэлийн индекс улам ухарсан үзүүлэлттэй гарах болов уу гэж таамаглаж байна. Хэвлэлийн эрх чөлөөний индекс буурч байгаа үзүүлэлтийг хэрхэн дүгнэж байна?

Хоёр жил гаруйн өмнө Ерөнхий сайд “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийг УИХ-д сүр дуулиантайгаар өргөн барьсан. Гэтэл энэ хуулийн төсөл одоо юу болсон нь бүү мэд. Шүгэл үлээгчийг хамгаалах нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн үйл ажиллагааны нэг баталгаа болдог. Хүний эрхийн Үндэсний Комиссоос УИХ-д хүргүүлсэн “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл”-д хэвлэл мэдээллийн эрх чөлөөний олон асуудлыг цогцоор нь тусгасан. Энэ илтгэлд өгсөн зөвлөмжийг Засгийн газар хэрэгжүүлэхгүй байгаа нь нэг асуудал болж байна. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2020 онд Монгол Улсад өгсөн хэвлэлийн эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн асуудлаарх олон зөвлөмжийг Засгийн газар зүгээр л мартсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-08 66.181.182.83

НҮБ-ын Хүний эрхийн комисс монголын утаанд олон зуун хүн жил бүр угаарьтаж үхэж дайн болж буй орноос ч дор байгаа асуудлыг яагаад хөндөж дуугарахгүй таг дүүгүй байдаг юм бэ????????

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

>>>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-01-08 202.21.108.48

НҮБ-ын суурин төлөөлөгчид сүүлийн үед илэрхий монголын улс төрийн нам ба улс төрчдөд ойртож хөгжилд тусалдаг биш улс төрийн намыг чадавхижуулдаг байгууллага болсон шүү дээ. ер нь энэ талаар нүб-д гомдол гаргах цаг нь болсон хийх ажлаа л хий

Avatar

Нэргүй 2024-01-08 202.9.46.210

НҮБ ЗҮГЭЭР Л ЗӨВЛӨДӨГ БАЙГУУЛАГА ШҮҮ…НҮБ-ын дүрмээ УНШИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ …,,МОНГОЛ УЛС БИЕ ДААСАН УЛС ХОЙНО ХҮНЭЭР СОНГУУОИА ЗААЛГАХ ХЭРЭГҮЙ.,,,,ТИЙМ БАЙДАЛД ХҮРЭЭГҮЙ.,,,,САНАГДАНА .,,,,ДОТООДЫН ХУУЛЬ ТОГТООМЖ ГЭЖ УЛС БҮРТ БАЙДАГ ЮМ .

Avatar

Зочин 2024-01-08 76.220.74.140

Зүгээр угаасаа бүтэхгүй ээ

Avatar

зочин 2024-01-08 202.21.104.2

Еээ энэ сэтгүүлч арай л бичжээ. Нуль алдаа. Редакторын хяналт гэж байдаггүй юм уу? Сонгууль батлагдсан л гэнэ. 128 биш 126 гишүүнтэй болохжаам биш үү?ккк

Avatar

х 2024-01-08 202.9.40.95

шүүмжлэгч ээ, болохжаам гэж үг байдаггүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж