Газын зурвас дахь дайны гуравдугаар үе

Газын зурвас дахь дайны гуравдугаар үе

Газын зурвас дахь дайны гуравдугаар үе

Хамас бүлэглэл аравдугаар сарын 7-ны өдөр Газын зурваст халдахад Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху ард иргэдэд хандан үг хэлж, амлалт өгч байв. Тэрбээр "Израилийн Батлан хамгаалах хүчин Хамасыг устгахын тулд бүх хүчээ дайчлана. Бид тэднийг устгах болно" гэж хэлсэн юм.

Өдгөө Газын зурвас дахь мөргөлдөөн шинэ үе шатанд шилжиж буйг Израилийн Батлан хамгаалах хүчин саяхан мэдэгдсэн. Энэ хүрээнд Хамасын олон мянган дайчин, тэр дундаа өндөр албан тушаалтай гишүүдийг хөнөөв. Мөн тус бүлэглэлийн өргөн уудам хонгилын сүлжээний зарим хэсгийг олж устгажээ.

Гэвч сорилтууд байсаар байна. Дайны төгсгөл харагдахгүй байна. Израилийн эрх баригчид энэ дайныг 2024 оны турш, магадгүй түүнээс ч цааш үргэлжлэнэ гэж анхаарууллаа.

ТЭМЦЛИЙН ШИНЭ ХЭЛБЭР

Нетаньяхугийн аравдугаар сарын 7-нд хэлсэн Хамасыг устгана гэх амлалт нь олон улсын шинжээчдийн үзэж буйгаар биелэшгүй зорилго байв. "Ийм даалгаврыг биелүүлэх боломжгүй. Бид олон жилийн турш бүтэлгүйтэл харсан" гэж "Chatham House" институтийн Ойрхи Дорнод ба Хойд Африк дахь ажилтан Билал Я.Сааб хэлэв.

Хамасын нөлөө Газын зурвасаас хол хэтэрсэн тул бүлэглэл бүрэн ялагдал хүлээнэ гэдэг тийм амар зүйл биш.

Хамасыг устгаж, барьцааны хүмүүсийг суллан, Газын зурвас дахь заналхийллийг үгүй болгоно гэж Нетаньяху дахин амласан ч энэ нь Израилийн Батлан хамгаалах хүчний удирдагчдын тэргүүлэх зорилт мөн эсэх нь эргэлзээтэй. Тодруулбал, Израилийн Батлан хамгаалах хүчний тагнуулын дарга, хошууч генерал Аарон Халива өнгөрсөн Пүрэв гаригт цэргийн зорилгынхоо талаар үг хэлэхдээ Хамасыг устгах талаар дурдаагүй аж.

Израилийн Батлан хамгаалахын сайд Йоав Галлант мөн өдөр Газын зурвас дахь дайны дараагийн үе шатны төлөвлөгөөг танилцуулж, хойд хэсэгт байлдааны шинэ арга барил хэрэгжүүлнэ гэдгээ онцолсон. Гуравдугаар үе шатны төлөвлөгөөнд довтолгоо, хонгилуудыг устгах, агаар болон хуурай замын цэргийн ажиллагаа, тусгай ажиллагаа багтаж байна.

Эргэн сануулахад, аравдугаар сарын 7-нд мөргөлдөөн эхэлснээс хойш гурван долоо хоногийн дараа Беньямин Нетаньяху дайны хоёрдугаар үе эхэлснийг зарлаж, танк, явган цэргүүдээ Газын зурваст илгээсэн билээ.

"Гуравдугаар үе шат нь бага эрчимтэй байх боловч илүү их цаг хугацаа шаардана" гэж Израилийн ардчиллын хүрээлэнгийн ерөнхийлөгч Йоханан Плеснер хэлжээ. Мөн "Хамасын бүх дайчинг баривчилж, устгаснаар амжилт тодорхойлогдохгүй. Харин Хамас бүлэглэл Газын зурвасыг цаашид үр дүнтэй удирдах боломжгүй гэдгийг баталгаажуулахад оршино. Хамас бол арми шиг зохион байгуулалттай, удирдлагын төв, дэглэм, бригадуудтай. Энэхүү командлалын бүтцийг сорилтод оруулж, татан буулгаж байна" гэлээ.

Нетаньяху өнгөрсөн долоо хоногт мэдээлэл өгөхдөө Хамасын 8000 дайчинг устгасан гэж мэдэгдсэн. Мөн Израилийн арми газар дээр ч газар доор ч шинэ системээр тулалдаж байгаа гэжээ.

Дайнаас өмнө Газын зурваст Хамасын 30 мянга орчим дайчин байсан гэж үзэж байна. Эдгээр цэргийг аван бригад, 24 батальон, 140 орчим нэгжид хуваасан бөгөөд тус бүр нь танк эсэргүүцэх пуужин, мэргэн буудагч, инженер, пуужин, миномёт зэрэг хүчин чадалтай.

Хамасын хонгилуудын босоо амыг Израиль амжилттай онилж байгаа гэж мэдэгдсэн. Өнгөрсөн сард л гэхэд Исмаил Хание, Яхья Синвар, Мухаммед Дейф зэрэг Хамасын томоохон удирдагчдын байр, оффисуудтай холбогддог хонгилын сүлжээг харуулсан бичлэгийг цахим сүлжээнд нийтэлжээ.

Yahya Sinwar

Эндээс Яхья Синвар гэгч нь Израилийн Батлан хамгаалах хүчний гол зорилго юм. Синварыг удахгүй барьж авна гэх мэдэгдлийг Батлан хамгаалах яам арванхоёрдугаар сард хийсэн. Гэхдээ Хамас шиг байгууллагууд командлагчдаа амархан сольдог гэдгийг Сааб онцолжээ. "Тиймээс Синвар нь тэгтлээ орлуулшгүй хүн биш. Гэхдээ бэлгэдлийн чанартай удирдагчдыг нь баривчилж чадвал нөлөө байгаа ч юм бил үү" гэв. Гэхдээ Яхья Синварыг барьцааны хүмүүсийг суллах гол түлхүүрийг атгаж буй хүн гэж "The Guardian" хуудас тодорхойлжээ.

Дайны шинэ үе шат эхэллээ гээд барьцаалагдсан палестинчуудад нэмэр болно гэж ажиглагчид үзэхгүй байна. Өдгөө барьцааны 100 гаруй хүнийг суллаж чадаагүй хэвээр байна. Цаашилбал, барьцаанд байгаа 25 хүнийг нас барсан байж болзошгүй гэж Израиль мэдэгджээ.

Дашрамд дурдахад, Газын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, дайн эхэлснээс хойш тус бүс нутагт бараг 23 мянган хүн амь үрэгджээ. Энэ нь энгийн иргэд болон цэргүүдийг ялгаагүй тоо юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-08 213.87.160.255

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж