Өргөст тор өндөр хананы цаана

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Өргөст тор өндөр хананы цаана

Монголд ганцхан  байдаг эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги нийслэлээс таван км-ийн зайд оршдог. Өргөст  тор, өндөр ханаар  хязгаарлагдсан энэ газарт   өнгөрөгч амралтын өдрийн 17 цагийн үед очиход үүдний харуул эмэгтэйгээс өөр хүн гадна нь  харагдсангүй. Харин хорих ангийн ойролцоо айлуудын гадаа хүмүүс явж, худгаас ус авах хүүхдүүд шулганалдах боловч  цаанаа л нэг чимээ аниргүй, уйтгартай. Хашааныхаа гадна “Анхаар хориотой бүс” гэсэн бичигтэй самбар байрлуулжээ. Уг нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас  уг хорих ангид сурвалжлага хийх зөвшөөрөл авах ёстой ч  хэдэн долоо хоног, хэдэн сар хүлээж ч магадгүй. Учир нь өнгөрөгч хавар тус газарт хорих ангиас сурвалжлага бэлтгэх хүсэлтээ явуулсан боловч нэлээд удаасны эцэст татгалзсан хариу өгсөн билээ. Саяхан 407 дугаар ангийн  удирдлагууд ангийн төсвөөс мөнгө шамшигдуулж, ёс суртахууны зөрчил гаргасан зэрэг мэдээлэл гарч, удалгүй тус ангийн дарга Д.Туяа солигдож оронд нь н.Намсаманд томилогдсон. Энэ мэтчилэн хорих анги дотроо зөрчилтэй  байгаа болохоор сурвалжлагчийг бүр ч хүлээж авсангүй. Тус төвийн жирийн дэглэмтэй хорих ангид хоригдож байгаа нэгэн танилаа эргэх журмаар очиж, үүдний харуул эмэгтэйтэй уулзаж хэдэн зүйл тодрууллаа.

-Сайн байна уу. Би танил хүнээ эргэх гэж явна. Яаж уулзах вэ?

-Манайх амралтын өдрүүдэд эргэлт оруулдаггүй. Харин ажлын өдрүүдэд өглөө 10 цагаас 18 цагийн хооронд ирж болно.

-Эргэхэд ямар бичиг баримт хэрэгтэй вэ?

-Иргэний үнэмлэхтэйгээ ирэхэд   л болно.

-Тэндээ хонож болох уу. Хэдэн төгрөг төлөх вэ?

-72 цаг буюу гурав хонож болно. Тусдаа эргэлтийн өрөө гаргаж өгдөг. Өөрсдөө хоол цай хийх материал, хүнстэйгээ ирэх ёстой. Хоногоор эргэх бол төлбөр төлдөг. Хэдэн төгрөг төлдөгийг нь би мэдэхгүй. Та ажлын өдрүүдэд ирээд холбогдох хүмүүсээс нь лавласан нь дээр байх.

-Чанга дэглэмтэй ангид байгаа хүмүүстэй уулзах боломж байдаг уу?

-Чанга дэглэмтэй ангийн хоригдлын хувьд  жилд хоёр удаа л эргэлт оруулдаг. Харин жирийн дэглэмд байгаа бол жилд найман удаа ар гэрийнхэн нь уулзаж, эргэх боломжтой гэв.

 Биднийг ийн ярилцаж байтал хашаан доторх байшингаас цэргийн дүрэмт хувцастай эмэгтэй гарч ирэн “яах гэж яваа хүн бэ” гэж асуухад үүдний харуул “та энд удаан байж болохгүй, ажлын өдөр эргэлтийн цагаар ирээрэй” гэснээр бидний яриа өндөрлөлөө. Шууд буцаад явахад чамлалтай санагдаж, хорих ангийн ойролцоо амьдардаг хэд хэдэн хүнтэй уулзаж  хоригдлуудыг хаагуур ажил хийлгэдэг, тус ангийн удирдлагууд яагаад солигдсон, хэрүүл маргаан гардаг уу гэх зэргээр асуухад  олонх нь болгоомжилсон байдлаар “мэдэхгүй, үгүй байх” гэж хариулж байлаа. Харин ундны усаа авч явсан нэгэн эмэгтэйтэй дотночлон ярихад  тэр хавьд амьдардаг хорих ангийн ажилтнууд хувийнхаа ажлыг хоригдлуудаар хийлгэж байгааг хэд хэдэн удаа харснаа ярилаа. Мөн хоригдлуудыг ногооны талбай, хүлэмжид ажиллуулах тохиолдол их байдаг гэнэ. Хуулиараа бол ялтны хөдөлмөрийн норм, хөлсний үнэлгээ тогтоох журам гэж бий. Хорих ангийн ажилтны хувийн ажлыг хийж байхад ямар хөлс байх билээ. Наранд биш нарсанд олон сар жилийг хүлээх  хоригдлуудын хувьд гадаа гарч  ажил хийх нь хавьгүй дээр байдаг биз. Гэхдээ тэдний хөдөлмөрийг ингэж хууль бусаар ашиглаж боломгүй санагдана. Жижигхэн газар болохоор ч тэр үү хүн бүр бие биенээ таньдаг бололтой. Замд тааралдсан тус хорих ангийн ойролцоо таван жил амьдарч байгаа гэх 30 гаруй насны  залуугаас хорих ангийн ажилтнуудын ёс зүйн талаар асуухад сайн мэдэхгүй гэснээ “доороос хориход ажиллаж байсан хүн  ирж яваа түүнээс асуу” гээд явж одлоо. Замыг нь тосон байж зааж өгсөн хүнтэй уулзаад ангийн дарга ямар шалтгаанаар солигдсон, ангид эмх замбараагүй байдал үүссэн талаар лавлахад “тодорхой хариулж мэдэхгүй байна, хаанаас явж байгаа ямар учиртай хүн бэ” гээд салахын түүс болов. Энэ мэтчилэн таарсан хүн болгон тодорхой юм ярихаас татгалзаж, ямар нэг зүйлээс болгоомжлоод байх шиг санагдлаа. Ингээд ажлын өдөр ирэхээр шийдэж, өргөст тор, өндөр бетонон ханаар хүрээлэгдсэн хорих ангийг орхиж явсан юм.
Маргааш нь 16 цагийн орчим Налайхын автобусанд суугаад эмэгтэйчүүдийн хорих ангийн зүг хөдөллөө. Миний танил залилангийн хэргээр ял эдэлж байсан А гэгч эмэгтэй сар гаруйн өмнө суллагдаад нутгийн зүг явсан байж таарав. Харин эхнэрээ эргэхээр Өмнөговь аймгаас ирсэн Б-ээс дараах асуултад хариулт авсан юм. Тэрбээр эхнэрийнхээ нэрийг дурдахгүй байхыг хүссэн.

-Та  гэр бүлийнхээ хүнийг эргэхээр жилд хэдэн удаа ирдэг вэ?

– Байнга эргэлтээр ирэх боломж байхгүй дээ. Хүү маань бага болохоор ээжийгээ санаад шөнө орондоо шээдэг болсон. Тэгээд л хүүгээ ээжтэй нь уулзуулах санаатай сард нэг ирдэг. Ажилтай болохоор зав гарахгүй юм даа.

– Энэ хорих ангид ялтнууд өлсгөлөн зарласан, үймээн дэгдсэн талаар ямар нэгэн юм ярив уу?

– Дотроо их зөрчилтэй байдаг юм шиг байна лээ.  Хоригдож буй ялтнуудтайгаа зүй бусаар харьцах тохиолдол цөөнгүй гэсэн. Манай эхнэр хорих ял эдэлж байгаа учраас ах нь тодорхой зүйл яримааргүй байна. Дараа нь янз бүрийн дарамт шахалт ирэхээс болгоомжилж байна гэх үү дээ.

– Ялтан, хянагч нар хоорондоо зодоон хийснээс дарга нь халагдсан гэх юм?

– Дарга нь саяхан солигдсон гэсэн. Өмнө нь уг хорих ангийн даргаар ажиллаж байсан Туяа гэдэг эмэгтэй хоригдлуудынхаа хөдөлмөрийн хөлсийг хувьдаа  завшсан юм шиг байна лээ.

-Хянагч нар эргэлтээр ирсэн хүмүүсээс мөнгө татах тохиолдол бий юу?

– Чанга дэглэмтэй хоригдож буй ялтнуудтай уулзах гэж нэлээд асуудал үүсдэг юм шиг харагдсан. Бид нар ч гайгүй ажлын таван өдөр уулзаж болдог юм. Утсаар ч ярьж болно.

-Хорих ангид ялтнууд гар утас хэрэглэхийг зөвшөөрдөг юм байна. Та мөн эхнэртэйгээ утсаар байнга холбогддог уу?

– Тийм ээ. Орой 18 цагаас хойш утсаар ярьж болдог юм. Манай эхнэр  гар утастай. Гэхдээ чанга дэглэмд хоригдож байгаа хоригдлуудад гар утас хэрэглэхийг зөвшөөрдөггүй  байхаа гэв. Хоригдол, тэдний ар гэрийнхэн, хорих ангийн дарга, ажилтан бүгдээрээ тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа нь анхаарал татаж байна. Тэр ч байтугай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Ш.Ганхүү эмэгтэйчүүдийн хорих ангийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөхөөс зайлсхийж байгаа нь хачирхалтай санагдана.

С.Отгонсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж