Хятадын халуун эдийн засгаас бидэнд юу нялзах бол | News.MN

Хятадын халуун эдийн засгаас бидэнд юу нялзах бол

Хуучирсан мэдээ: 2010.03.18-нд нийтлэгдсэн

Хятадын халуун эдийн засгаас бидэнд юу нялзах бол

БНХАУ-ын жилийн импортын хэмжээ 304
тэрбум ам.доллар. Түүний ердөө нэг тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний
импорт нь манай улсынх байдаг ажээ. Тэр нь мэдээж ашигт малтмал, эрдэс
баялгийн гаралтай түүхий эд юм. Монголчууд алт, зэс, төмөр, цайр,нүүрс
гэхчилэн эрдэс баялгаа түүхийгээр нь болон баяжуулах төдийгөөр урд хөрш
рүү экспортолсоор байна. Ядаж л нүүрсээ түүхийгээр нь биш эрчим хүч
болгон экспортлоход Монголын Засгийн газар тусгайлан бодлого
болвсруулах цаг болсон гэдгийг Дэлхийн банкны эдийн засагчид Бээжингээс
санууллаа. 20 жилийн дараа гэхэд Монгол Улс цахилгаан эрчим хүчээ урд
хөрш рүүгээ экспортлох хэрэгтэй, учир нь БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ
өдөр сараар бус цаг минутаар өсөн нэмэгдэж байна гэж тэд бас сэтгэлийн
үгээ хавчуулаад амжлаа. Ингэж гэмээнэ нэмүү өртөг нь эх орондоо үлдэх
юм даа гэж тэд тодотгосон. Гэвч харамсалтай нь, Монгол Улс эрдэс
баялгаас олсон ашгаа ирээдүйн төлөө , нэмүү өртөг үйлдвэрлэхийн төлөө
биш гагцхүү улстөрийн амлалтаа гүйцэлдүүлэхэд зарцуулсаар байгааг
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч А.Саид шүүрс алдан өгүүлж
байлаа.

Дэлхийн банкны эдийн засагчдын
анхаарлаас ангид байдаггүй нэгэн сэдэв бол БНХАУ-ын эдийн засгийн тойм,
ирээдүйн төлөв юм. Дэлхийн эдийн засгийн байдал төсөөлж байснаас
харьцангуй хурдан хугацаанд сэргэж байгаа гэнэ. Гэвч тогтворжиж
хараахан амжаагүй байгаа аж. Өнөөгийн энэ төвшинд ч хямрал нүүрлэсэн он
жилүүдэд ч Хятадын эдийн засаг гайхалтай тогтвортой байж бас өсөлттэй
гарсныг онцолж байлаа. Өнгөрсөн онд тус улсын эдийн засаг 8,7 хувиар
өсчээ. Энэ онд ч мөн өссөөр байгаа бөгөөд жилийн эцэст өсөлтийн хувь
9,5 хувь хүрнэ гэж Дэлхийн банкны эдийн засагчид таамаглаж байгаа ажээ.
Бас нэгэн сонирхолтой статистик Вашингтоны ажиглагчдын хараанд өртсөн
байна. Өнгөрсөн онд байнга буурч асан Хятадын экспорт 2010 оны эхний
хоёр сард хямралын өмнөх үеийг давж гарахуйц хэмжээнд өссөн байна. Тус
улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд үнийн өсөлт үүсч эхэлжээ. Барилга
байшин, тэр дундаа орон сууцны үнэ огцом нэмэгдэж байгаа нь Бүх Хятадын
ардын төлөөлөгчдийн хурал болон Засгийн газрын санааг зовоох болжээ.
Энэхүү үнийн өсөлтийг бууруулахын тулд Засгийн газраас нь нийлүүлэлтийг
нэмэгдүүлэх, дамын наймаанд хяналт тавих бодлого баримталж эхэлжээ.
Дамын наймаа гэдэг нь ченжээр дамжуулан үнэ хөөрөгдөхийг хэлж буй
ажээ.Тиймээс үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хэт халалт, үнийн хөөс
үүсгэхгүйн тулд нэг хүн нэгээс илүү байр орон сууц, барилга объект
худалдан авсан тохиолдолд их хэмжээний татвар ногдуулах зэрэг
зохицуулалт хийж эхлээд байгаа аж. Мөн бага болон дунд орлоготой
иргэдээ орон сууцаар хангах бодлогыг тусад нь боловсруулах болсон
байна. Түүнчлэн хөдөө орон нутаг дахь төсвийн хүндрэл нь Хятадын хувьд
удаах “проблем” ажээ. Өнгөрсөн онд хөдөө орон нутагт их хэмжээний
хөрөнгө оруулалт хийсний дээр хувийн болон төрийн өмчит компаниудын
хөрөнгөөр барилга байшин, зам, гүүр барьсан. Харин бүтээн байгуулалтад
оролцсон компаниудын өр зээлийн асуудал тус улсын Засгийн газрын
анхаарлын төвд байгаа гэнэ. Бусдаар бол Хятадын эдийн засаг толгой
өвтгөх асуудалгүй болжээ. Тус улс саяхан Бүх Хятадын ардын төлөөлгчдийн
хурлаараа 12 дахь таван жилийн төлөвлөгөөгөө батлуулсан байна. Үүнийг
2011-2016 онд хэрэгжүүлэх бөгөөд эдийн засгаа дахин тэнцвэржүүлэх, үр
ашгийг нэмэгдүүлэх,эдийн засаг дахь төрийн үүргийг өөрчлөх, дэлхийн
бусад орнуудтай харилцах хамтын ажиллагааг зохицуулах зэрэг зорилтуудыг
багтаасан байна. Тус улсын өрхийн хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдсээр
байхын дээр төрөөс баримтлах мөнгөний бодлого нь ихээхэн өвөрмөц, АНУ
болон бусад аль ч улсаас хараат бус байдаг нь эдийн засагч нарыг
алмайруулсан хэвээр байгаа юм. Хөрш орны маань эдийн засгийн өсөлтийн
нөлөө Монголд хэрхэн тусах бол гэдэг нь хэн бүхний анхаарлыг татах нь
мэдээж. Энэ асуултад Дэлхийн банкны эдийн засагчид “Хөршийнхөө эдийн
засгийн өсөлтөөс хэдий хэрийн “хувь” хүртэх нь танай улсын төр засгаас
явуулж буй бодлоготой шууд хамааралтай. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нь
эрэлтийг нэмэгдүүлнэ. Тэрхүү эрэлтэд нийцүүлсэн нийлүүлэлт хийхийг л
хичээх хэрэгтэй” гэсэн хариултыг өгч байна. Монголын сэтгүүлчдийн
хамгийн ихээр сонирхон асуусан зүйл бол ашигт малтмалын үнэ ханш. Тэр
дундаа алт, зэсийн үнэ болоод Хятадын хэрэгцээг илүүтэй сонирхов.
Ажиглалтаас дүгнэхэд богино болон дунд хугацаанд дээрх нэр бүхий ашигт
малтмалын үнэ төдийлөн өсөхгүй ч урт хугацааны дараа үнэ өсөх нь
дамжиггүй гэлээ.

Д.Цээпил

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zoshin 2010-03-18 127.0.0.1

Turiin tucheed mini zugeer hutsaj suuhaar hamar doroo baigaa sul altaar barilga bari

Avatar

www.tagtaa.com 2010-03-18 127.0.0.1

Mongol zaluu hun ta

wwwtagtaacom -d negdene uu

Mongol zaluusiin anhnii suljee web site

Anhnii membership SMS CHAT

NAIZAA OL HAIRAA OL

Best regards

TagtaaCom

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж