УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх товтой байгаа.
Бизнес эрхлэгчдийг хамгаалдаг тусгай шүүхтэй байвал яасан юм бэ
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Хуулийн төслийг дэмжиж байгаа. Гагцхүү хуулийн хэрэгжилт бидний хүлээснээр байж чадах уу гэдэг. Бодит байдал дээр хүлээлт өөр байгаа. Яг хөрөнгө оруулах компани хомс байгаа шүү. Хойд хөршид дайн болж байна. Энэ бүс нутагт хөрөнгө оруулах сонирхол маш бага байгаа. Хоёрдугаарт, цар тахлын улмаас нийлүүлэлтийн сүлжээ доголдолтой. Дэлхий даяараа инфляцитай байна. Бид гаднын хөрөнгө оруулалт татах талаар толгойгоо гашилгахаас биш хөрөнгө оруулагчид Монголыг эзлэх гээд байна гэдэг үлгэр одоо бүтэхгүй шүү. Эдийн засаг, цалин, тэтгэврээ өсгөмөөр байна гэж олон хүн ярьдаг. Тэгвэл гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, мөнгө босгох гэсэн гурван эх үүсвэрээр эдийн засаг өсдөг.
УИХ-ын гишүүн Т.Аубакир:
-Энэ бол удаан хүлээгдсэн хууль. Оройтсон ч гэсэн орж ирж байгаад талархаж байна. Монгол Улсын зах зээл рүү хөрөнгө оруулах гэж байгаа гаднынхан хаанаас ч татварын орчныг судалчихна. Хөрөнгө оруулсны дараа маргаан үүсвэл Монгол Улсын шүүх биднийг шударга шүүх болов уу гэдэгт хамгийн их санаа зовж байгаа. Говь-Алтай аймагт уул уурхай эрхэлж байсан Хятадын хоёр иргэн монголчуудад бизнесээ дээрэмдүүлээд, нэг нь боож үхэж байсан тохиолдол бий. Улаанбаатар хотод ч гэсэн гаднын хөрөнгө оруулагчдыг дээрэмддэг, луйварддаг явдал байна. Хууль хүчний байгууллагатайгаа хамтран дээрэмддэг явдал гаднын хөрөнгө оруулагчдын санааг хамгийн их зовоож байгаа болов уу. Бизнес эрхлэгчдийг хамгаалдаг тусгай шүүхтэй байвал яасан юм бэ. Эдийн засаг, хөгжлийн яам байгууллагдаад явж байхад, гаднын хөрөнгө оруулагчдад үзүүлдэг үйлчилгээг нэг цонхны болговол яасан юм бэ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Манай яам доороо Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагтай болсон. Агентлаг одоо нэг цэгийн үйлчилгээ үзүүлж байгаа. Цаашид цогц байдлаар нэг цэгийн үйлчилгээ үзүүлээд явна. Дагнасан шүүх гэхээр надад гоё сонсогдоод байгаа. Бид авлигаар дагасан шүүх байгуулна гэж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Шүүхийн одоо байгаа тогтолцоогоо сайжруулах замаар явах нь цаг хугацааны хувьд зөв болов уу гэж бодож байна. Хууль батлагдсанаар маргаан таслах зөвлөл ажиллана.
Гадаадын хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна
УИХ-ын гишүүн Б.Ганбат:
-Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийг одоо ингээд ярьж байгаа нь харамсалтай. Аль эрт шийдэх ёстой байсан. Найман жил засгийн эрх барьсан. Одоо бүрэн эрх нь дуусаж байгаа Засгийн газар энэ асуудлыг оруулж ирж байна. Ганц гайгүй сайд байх шиг байгаа нь Ч.Хүрэлбаатар. Их муу хэлүүлж байгаа хүн зөв зүйтэй зүйл хийдэг байдаг. Өнөөдөр улс орны байгаа байдлыг хар. Засгийн газрын байгаа байдал ямар ч удаан юм. Монголын хоёр тутмын нэг нь ядуу. Монголд гадаадын хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна. Босго хэрэггүй. Ямар юмны хадны мангаа вэ. Танкаар айлгадаг байдлаа одоо боль. Нарийн төмөр зам оруулж ирмээр байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг маш ихээр дээрэмдсэн. Энэ талаар ямар ажил хийсэн юм. Нүүрсний үнэ дандаа ийм байхгүй шүү. Та нарын ажил хангалтгүй байна. Харин зөв зүйтэй зүйл оруулж ирсэн нь энэ байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Монголын ард түмэн том зургаараа зөв яваасай гэж хүсэж байгаа. Сая тэр нүүрсэн дээр юу болов. Хөгжлийн банкинд гарсан ямар асуудлууд гарав. Хөгжлийн банк нэг банкны халаасанд орчихсон. Ил тод биш учраас тийм асуудлууд гарсан. Би олон асуудал дээр хурдтай шийдвэр гаргаад явахгүй бол болохгүй байна. Нөгөө танк, цус ярьсан. Айлгах тактик хэрэгжүүлсэн байдлаар улс орон явмааргүй байна. УИХ-ын гишүүд юмыг эрүүлээр хардаг болмоор байна. Хулгайчдыг, мафийн толгойлогчдыг тал талдаа хамгаалмааргүй байна. Энэ хуулиар маргаан таслах зөвлөл шиг шүүхийн өмнөх засварын бүтэц оруулж ирсэн. Түүгээр шийдэж чадахгүй бол шүүх, арбитрт хандах эрхийг нээж өгч байгаа. Үүгээр бизнес эрхлэгчдэд зүгээр л боломж олгож байгаа.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:
-Маш чухал хууль орж ирж байна. Үүнийг эрт шийдвэрлэх байсан юм. Хуулийг шүүмжилж байгаа дүрүүд маш ойлгомжтой. Хийж чадах улс төр нь энэ юм. Нөгөө л нэг хадны мангаагаар айлгадаг. Төмөр замаар танк орж ирдэг гэдэгтэй яг адилхан гадныхан орж ирээд хамаг юмыг нь хамна гэж ойлгодог. Энэ үлгэрээ дахин ярьмааргүй байна. Хуулийн хэлэлцүүлгийн үеэр дэмжсэн гишүүдийг харлуулах үйл ажиллагаа явна. Монголд хөрөнгө оруулалт өндөр өртгөөр орж ирдэг нь үүнээс болдог.
Оёдлын цех байгуулахын тулд Х.Болорчулуун сайдтай гэрээ байгуулах шаардлагатай юу
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
-Энэ хуулийн төсөл Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуультайгаа хэрхэн нийцэж байгаа вэ. Энэ хуулийн төсөлд Хөрөнгө оруулагчтай гэрээ Засгийн газрын гишүүн гэрээ байгуулна гэж заасан байна. Гэтэл Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрөөр заасан байгаа. Яагаад Засгийн газрын гишүүнтэй гэрээ байгуулна гэж оруулж ирж байгаа вэ. Жирийн нэг оёдлын цех байгуулахын тулд Х.Болорчулуун сайдтай гэрээ байгуулах шаардлагатай юу.
Ажлын хэсэг:
-Хөрөнгө оруулалтын тухай хууль суурь орчныг зохицуулж байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль бол төр, хувийн хэвшил хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх асуудлыг нарийвчлан зохицуулсан процессийн шинжтэй хууль. Хөрөнгө оруулалтын хууль батлагдсанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль бүтэн төгс хэрэгжих нөхцөл бүрдэнэ. Компани байгуулах хуулийн зохицуулалт хуучин хэвээр хэрэгжихээр зохицуулж байгаа. Зөвхөн аж ахуйн нэгж байгуулахад тавигддаг байсан шаардлагад өөрчлөлт орно.
Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд 12 удаа өөрчлөлт хийсэн
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:
-Монголд хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн хэр хэмжээний мөнгө байгаа вэ. Хэлэлцүүлгийг сонсож байхад үүдэнд баахан мөнгөтэй хүн ирээд дугаарласан, Монгол руу л хөрөнгөө хийхгүй бол өөр газар байхгүй мэт тийм моодонд орчихсон байгаа юм уу. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал тэр хөрөнгө оруулалт таарахааргүй байна. Энэ хууль хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн хэд дэх хууль вэ. Монголд хамгийн тогтворгүй нь Хөрөнгө оруулалтын хууль өөрөө юм биш үү. Дуртай үедээ өөрчилдөг. Энэ хууль тогтвортой байдлыг хангаж чадах уу. Төрийн өмчит компаниуд байгаа тохиолдолд шударга өрсөлдөөн хангагдахгүй байна. Хөрөнгө оруулалтын хуульд энэ асуудлыг уялдуулсан уу. Экспортыг дэмжих зүйл заалт байгаа юу.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Хөрөнгө оруулагчид Монгол Улсын хил дээр мөнгөө бариад зогсож байгаа гэдэг асуудал байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж авахын тулд улс орнууд өрсөлддөг. Монгол болохгүй бол өөр улс руу явна. Хаана таатай нөхцөл байна, тийшээ мөнгө урсана. Харин боломжийг нь гаргаад өгчихвөл Монгол Улс руу хөрөнгө оруулахыг үгүйсгэхгүй. Худалдааны асуудлаар бодлогын баримт бичгүүдийг бодолцож байгаа. Анх Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд 1993 онд батлагдсан. Дараагийнх нь 2013 онд томоохон өөрчлөлт орсон нь одоо хэрэгжээд явж байна. Үүнийг одоо өөрчлье гээд явж байна. Жижиг сажиг өөрчлөлтүүдийг оруулбал, нийт 12 удаагийн өөрчлөлт орсон байгаа. Дижитал чөлөөт бүс энэ хуулиар зохицуулагдахгүй.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг:
-Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлого тогтворгүй. Шүүхийн маргаан шийдвэр байдал ойлгомжгүй гэж олон улсын байгууллагуудын зүгээс дүгнэсэн байдаг. Тиймээс энэ хуулийг дэмжих шаардлагатай. Хэдийгээр Монгол Улсад орж байгаа хөрөнгө оруулалтад уул уурхай зонхилж байгаа боловч бүсчлэн төрөлжүүлэх нь зүйтэй.
Монгол Улс Худалдааны хуультай байх ёстой
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Бид сүүлийн 10 жил гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг ярьж байна. Энд нэг асуудал байгаа нь аж үйлдвэрийн бодлого. Зарим гишүүн худалдааны бодлого ч тодорхой болоогүй гэдгийг ярьж байгаа. Гишүүдийн зарим нь хамгаалах бодлого яриад байна. Нөгөө хэсэг нь илүү нээлттэй болох асуудлыг дэвшүүлдэг. Үүн дээр хөрөнгө оруулалт зөв үү, буруу юу гэдэг асуудал хөндөгдөнө. Хөрөнгө оруулалт зөв. Хөрөнгө оруулалтын бодлогыг ярихаасаа өмнө нь худалдааны бодлогоо тодорхой болгосон зөв биш үү. Тэрийгээ дамжсан аж үйлдвэрийн бодлого гэх мэтээр явах байх. Тэгэхгүй бол хөрөнгө оруулалт буруу, зөв гээд хуваагдаад байна. Үүн дээр ямар бодлого байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Худалдааны хууль байх ёстой юу гэвэл, байх ёстой. Тухайлбал, нүүрсний худалдааг их хэмжээгээр хийж байгаа. Тэгсэн мөртлөө их хэмжээний оффтейк гэрээ хийгээд, нүүрсээ ам үнээр зардаг. Ам үнээр зарахаар худалдан авагч тал тээврээ хариуцаж байгаа. Гэтэл худалдааны хуулиар экспортын нөхцөлөө заачихсан байсан бол оффтейк гэрээ хийгдэхгүй. Маш их хэмжээний валют тээврээр дамжин гадаадын компаниуд руу урсахгүй. Нүүрсээ хил үнээр зарсан тохиолдолд тээврийг Монголын компаниуд хийх боломжтой. Манай яам үүн дээр ажиллаж байгаа. Үйлдвэржилтийг дэмжихийн тухайд бид Хөрөнгө оруулалтын хуулиар дамжуулан үйлдвэр эрхлэх боломжийг бүрдүүлнэ. Энэ хуулиуд батлагдаж байж үйлдвэр орж ирэх эрх зүйн орчин бүрдэнэ. Өнөөдрийг хүртэл яагаад орж ирээгүй гэхээр төрөл бүрээр нь хавчдаг хаадаг зүйл л байгаа.
Гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад шаарддаг 100 мянган ам.долларыг байхгүй болгоно
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх, шинэ хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорлигоор гадаадын хөрөнгө оруулалттай компани байгуулахад шаарддаг 100 мянган ам.доллар, зарим салбарт тавигддаг шаардлагуудыг байхгүй болгосон. Мөн хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах зөвлөл байгуулж байгаа. Хэрэв гадаад хөрөнгө оруулагчийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд олон улсын арбитрын шүүхэд хандах эрхийг нээлттэй болгож байна. Хөрөнгө оруулагчийн хөрөнгийг дайчлан хураахгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгалаа.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:
-Би Хөрөнгө оруулалтын хууль дээр 50, 100 мянган ам.долларын босготой холбоотой асуудлыг хөндөж байсан. 50 мянган ам.доллароор байр, машин худалдаж аваад, Монголд байнгын оръшин суух гаднын иргэдтэй болох нь ээ гэж хөндсөн. Энэ хууль дээр босго байхгүй. Бүр босгогүй болсон. Уг нь хөрөнгө оруулалтын хэлбэр дөрвөн төрөл байсан. Одоо маш олон болж байна. Барилгад хөрөнгө оруулах буюу хямдхан байшин худалдаад авчихад Монголд байнгын оршин суух эрхтэй болно. Үүнийг Засгийн газрын хуралдаан дээр ярьсан. Би хэлсэн. Энэ болохгүй. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө. Хуулийн төслийн 16.1.5-д нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани байгуулсан тохиолдолд Монголд байнгын оршин суух эрх авч болно гэж заасан байна. Энэ болохгүй. Манай хөрөнгө оруулахад хангалттай хөнгөлөлт бий. Ганц гай байгаа нь янз бүрийн хүчний байгууллагатай нийлж байгаад гаднынхныг дээрэмддэг. Энийгээ л зогсоо.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Жоохон мушгисан байдлаар ярьж байна. Гадаадын иргэний эрх зүйн байдлын хуульд өөрчлөлт оруулаагүй. Одоо яриад байгаа заалт өмнөх хуульд байсан заалт. Монгол Улс цаашид хөгжлөө хэрхэн явах вэ гэдгийг харах хэрэгтэй. Бизнес эрхлэгчдийн юу хийхийг бид зааж өгөхгүй. Зөвхөн боломж л олгоно. Бид боломжуудыг хаахгүй. Нэмж олгоно.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн:
-Мушгиж ярьсан зүйл ерөөсөө байхгүй. Хуулийн төслөө хар. Гаднынхан Монголд хялбархан амьдрах заалтууд байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Бизнес эрхлэгчид өөрсдөө сонголтоо хийх эрхтэй. Яваад ирсэн зам болохгүй байна.
Б.Энхбаяр 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлчийг хаанаас олсон бэ
Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын дараалалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Ахмадын тэтгэврийг тогтоохдоо 7 жил биш 5 жилийн дунджаар тооцох асуудлыг Нийгмийн даатгалын багц хуультай хамт хэлэлцэж баталсан. Хуулийг хэрэгжүүлэх явцад Засгийн газрын 237 дугаар тогтоолын дагуу итгэлцүүрийг тогтоохдоо олон жилийн ужгирсан асуудлыг шийдвэрлэсэн сайн тал байгаа. Энэ итгэлцүүрийн дагуу 2023 оны долдугаар сарын 1-нд инхэнх ахмадын тэтгэвэр нэмэгдсэн. Ахмадуудын тэтгэвэр хамгийн багадаа 50 мянган төгрөгөөс дээш нэмэгдсэн. Гэтэл 7 жилээр тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийг дахин тогтоохдоо нэг системээр дахин бодож байгаа. Тиймээс олон ахмад тэтгэвэр хангалттай нэмэгдсэнгүй гэдэг асуудал тавьж байна. Тэтгэврийн нэмэгдлийг бодохдоо зөвхөн 2023 оны долдугаар сарын 1-ний нэмэгдлийг тооцож байгаа нь программын алдаа байна.
УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:
-УИХ-ын даргаас нэг хүсэх зүйл байна. Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүдтэй холбоотой асуудлыг ярих гэхээр миний яриаг тасалчихаад байх юм. Засгийн газрын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай болон Шүүхийн тухай хуулийг яаралтай горимоор өргөн мэдүүлээд хоёр сарын хугацаа өнгөрлөө. УИХ-ын даргын зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэхээр болсон. Энэ асуудлыг яагаад хэлэлцүүлэхгүй байна гэхээр Үндсэн хуулийн үзэл баримтлал зөрчсөн учраас хэлэлцүүлэхгүй байгаа. Авлигатай тэмцэх хууль эрх зүйн орчин бүрдүүлнэ. Шинэ түвшинд гаргахын тулд авлигын шүүх байгуулна. Мөрдөн шалгах ажиллагааны нууц задруулсан асуудалтай холбогдуулан шударгаар үгээ хэлсэн иргэн, сэтгүүлчдийг баривчлах асуудал оруулж ирсэн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад замхарсан. Шүүх хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой. Сайд, УИХ-ын гишүүн хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой. Мөрдөн шалгах ажиллагааны нууц, гүйцэтгэх ажиллагааны нууцыг асуудал хариуцсан сайд нь өнөөдөр задруулаад байна. 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлч байна гэж зарласан. Энэ бол мөрдөн байцаалтын нууц. Энэ ямар эх сурвалжтай мэдээлэл гэдгийг нээлттэй зарлахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраас шаардаж байна. Шүүх хуулийн өмнө бид тэгш байдаг. Мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй гэж байдаг бол, гүйцэтгэх ажиллагааны нууцыг задруулахгүй гэж байдаг бол 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлчийг Б.Энхбаяр хаанаас олсон бэ. Ямар эх сурвалжаас энэ мэдээллийг олсон гэдгийг ард түмэн тайлбарлахыг шаардаж байна. Б.Энхбаяр Ерөнхий сайдын шударга ёсны илд нь байна гэж хэлж гарч ирсэн. Гэтэл өнөөдөр энэ хүн шударга ёсны илд биш шударга ёсыг нухчин дардаг, хүний эрхийг, том гэмт хэргийг нуун дарагдуулдаг буг чөтгөр боллоо гэж харж байна. Энэ УИХ-ын ард түмний төлөөлөл мөн юм бол эрээ цээрээ алдсан ийм сайдуудтай, тэдний гар хөл болсон хүмүүстэй хариуцлага тооцох хууль эрх зүйн орчин бүрдүүлэх цаг болсон байна.