УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.
-Шинэ он гарснаас хойш УИХ-ын гишүүд товлогдсон байнгын хороодын хуралдаа суусангүй. Ирц хүрэхгүйгээс болоод зарим байнгын хороод хурлаа хийж чадахгүй байна. Улс оронд өчнөө асуудал байхад улстөрчид нь зугаалаад явах нь зөв үү. Жирийн иргэн ажлаа тасалсан бол халагдах хүртэл арга хэмжээ авхуулна. Харин гишүүдийн хувьд хувийн ажлынхаа хажуугаар улсын ажлыг амжуулах нь хэвийн үзэгдэл боллоо?
-УИХ-ын даргын захирамжаар УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд гадаадад томилолтоор ажиллаж байгаа. УИХ-ын даргын захирамжаар гадаад томилолт аваад Засгийн газрын 7-8 гишүүн явсан бөгөөд тэднийг УИХ-ын зарим гишүүд дагаж явсан. УИХ-ын даргын захирамж гараад гадаадад явсан бол албан ёсоор гадаад албан томилолтод орно. Харин захирамж гараагүй явсан бол энэ нь хувиараа явсан гэсэн үг.
Дотоод томилолттой буюу тойрогтоо ажиллаж байгаа гишүүд байна. Гишүүдийг тойрогтоо ажиллахад сонгуулийн тойргийг томсгож, бүсчилсэн байдлаар хуваасан нь чнөлөөлж байх шиг байна. УИХ-ын гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллахаас гадна өөр тойргуудад ажиллаж байгаа нь ажиглагдаж байна. Үүнээс шалтгаалаад нэлээн хэдэн гишүүн орон нутагт ажиллаж байна.
Бид УИХ-ын гишүүдтэй өөрсөдтэй нь холбогдохоос гадна туслахаар нь дамжуулж, “Чуулгандаа суу. Чуулганы бус үед тойрогтоо ажилла” гэдэг чиглэл өгч байна. Ирэх долоо хоногийн Даваа гаригт бүлгийн хурал дээр энэ асуудлыг тогтож ярилцана. Энэ удаагийн намрын чуулган нэгдүгээр сарын сүүлээр өндөрлөнө. Түүнээс өмнө УИХ-ын гишүүдийг чуулганы ирц дээрээ хариуцлагатай хандах талаар тодорхой зүйлүүдийг ярилцна.
-Нэг ёсондоо УИХ-ын намрын чуулган өндөрлөхөд 10 гаруй хоног үлдээд байна. Намрын чуулгнаар нийт 62 асуудал хэлэлцэх товтой байсан. Үүнээс одоогийн байдлаар хэчнээн хууль, асуудлыг нь баталж гаргаад байна вэ. Тухайлбал, Баялгийн сангийн тухай хууль, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль зэрэг олон чухал хуулиуд хэлэлцэгдээгүй байна шүү дээ?
-Энэ удаагийн намрын чуулганаар хэд хэдэн том хуулиудыг хэлэлцээд, заримыг нь батласан. Заримыг нь хэлэлцэж байна. Нэгдүгээрт, Монгол Улсын 2024 оны төсвийн хуулиа баталж энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжээд эхэллээ. Хоёрдугаарт, энэ намрын чуулганаар авлигатай тэмцэх чиглэлээр бид нэлээн үр дүнд хүрнэ гэсэн. Энэ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль баталлаа. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болон Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ирэх долоо хоногийн чуулганаар хэлэлцээд ер нь батлах шат руугаа явах байх гэж байна. Гуравдугаарт, хүүхэд хамгааллын чиглэлээр гарах хуулиуд дээр онцгой анхаарах ёстой.
Сүүлийн үед хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж байна. Тиймээс Хүүхэд хамгааллын хуулийн асуудлыг энэ намрын чуулганаар заавал хэлэлцэж, батлахаар шахаж ажиллаж байна.
Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар анхны хэлэлцүүлгийг нь хийлээ. Ирэх долоо хоногт эцсийн хэлэлцүүлэг хийгдэх байх. Өөрийн тань хэлж байгаачлан эдийн засгийн чиглэлийн батлагдах 3-4 хууль бий. Ашигт малтмалын тухай хууль Засгийн газраас өргөн бариагүй байна.
Харин Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газраас ойрын үед өргөн барихаар бэлтгэж байна. Энэ хууль өргөн баригдчих болов уу гэж бодож байна. Саяхан Баялгийн сан дотроосоо ЭТТ-н 34 хувийг эзэмшүүлэхтэй холбоотой Их хурлын тогтоолыг Засгийн газраас өргөн барьсан. Энэ асуудал хэлэлцэгдээд явж байна. Ерөнхийд нь дүгнээд хэлбэл энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд одоогийн байдлаар 70 гаруй хувьтай байна. Намрын чуулган өндөрлөх үеэр буюу нэгдүгээр сарын сүүлээр хэлэлцэгдэж байгаа хуулиудаа батлуулчихвал 90 орчим хувьтай болчих болов уу гэж төлөвлөж байна.
-УИХ-ын гишүүдийн ирц болоод хэлэлцэх асуудлыг энд хүрээд өндөрлөөд дараагийн сэдэв рүүгээ оръё. Сонгуулийн тойргоо бүсчилж, хуваахдаа яг ямар зарчим баримтлав. Баян-Өлгий аймгийг дангаар нь нэг бүс болгож хуваах шалтгаан юу байв?
-Сонгуулийн тойргийг хуваадаг гурван янзаар хуваадаг. Нэгдүгээрт, аймгийг дотор нь хувааж, сумдаар нь жижиглэж, тойрог болгодог нэг хэлбэр бий. Энэ хэлбэр “Жалга довын гишүүд УИХ-д гарч ирлээ” гэх зэргээр олон төрлийн шүүмжлэл дагуулдаг. Хоёрдугаарт, аймаг дүүргээс сонгогддог хэлбэр буюу одоогийн УИХ-ын гишүүд сонгогдсон хэлбэр. Гуравдугаарт, аймгуудыг нэгтгэж нийлүүлж тойрог байгуулах. Энэ удаагийн УИХ парламентын гишүүд улс орныхоо эрх ашгийг бодож “Аймгуудыг нэгтгэж тойрог байгуулъя” гэдэг дээр УИХ-д суудалтай улс төрийн гурван нам санал нэгдэж, намын дарга нар нь тунхаг бичигт гарын үсэг зурсан. Ингээд УИХ-аар хэлэлцээд шийдсэн.
Монгол Улсад үүсэж хөгжиж байгаа бүсчилсэн хөгжлийн ерөнхий дөрвөн бүс бий. Түүн дээрээ тулгуурлаад хуучин 4 бүс 8 тулгуур төвтэй байсныг одоо 7 тойрог болгож хуваасан.
Цаашдаа Монгол Улс нэг хоттой улс биш, олон хоттой, олон бүсийн төвүүдтэй болох суурь нөхцөлөө бүрдүүлэх нь улс орны болоод бүс нутгийн хөгжилд нэлээн ач холбогдолтой гэдгийг харгалзаж үзээд бүсчилсэн тойрог дээр тогтсон. Энэ асуудлыг зөвхөн МАН санаачлаад хийчихсэн юм биш. УИХ-д суудалтай улс төрийн гурван нам гурвуулаа оролцож дэмжсэн гэдгийг дахин тодотгоё. Баян-Өлгий аймгийн тухайд нэгдүгээрт үндэсний цөөнх. Үндэсний цөөнхөд заавал квот тогтоож өгдөг олон улсын зарчимтай. Квот тогтоож өгөхгүйгээр бусад аймгуудтай нэгтгэчихвэл үндэсний цөөнхийн төлөөлөл сонгогдохгүй байх магадлалтай. Зарим тохиолдолд илүү олон тоогоор ч сонгогдож болно. Тиймээс үндэсний цөөнхийн дуу хоолой парламентад байх ёстой гэдэг агуулгаар Баян-Өлгий аймгийг тусад нь тойрог болгож бүсчлэн хуваасан.
-“Монгол Улсын иргэн бүр ижил тэгш эрхтэй” гэж Үндсэн хуульдаа заасан мөртлөө казах иргэдэд давуу эрх олгож байна” гэж хардах иргэд байна даа?
-Казах үндэстэн ч юм уу, иргэдэд тусад нь тойрог гаргаж өгч байгаа асуудал огт биш. Монгол Улсын баруун хязгаар Баян-Өлгий аймагт урианхай, тува, халх, буриад гэх мэт олон үндэстэн, ястан амьдардаг. Монгол орон даяараа казак үндэстэн амьдарч байгаа шүү дээ. Зөвхөн казах иргэдэд зориулж тойрог байгуулаагүй. Баян-Өлгий аймагт зориулж тойрог байгуулсан.
-Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Улс төрийн намын тухай хууль, Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Энэ үед “Солонгорсон парламент байгуулъя, олон намын төлөөллийг парламентад оруулж ирье” гол агуулга ярьж байсан. Гэтэл бүсчилсэн тойргоор хуваахаар энэ концепц өөрөө хэрхэн яаж хадгалагдах вэ. Танигдаж чадаагүй шинэ улс төрийн нам, нэр дэвшигчдэд бүсчилсэн тойргоос сонгогдох боломж хомс байна шүү дээ?
-Бид өмнө нь бүсчилсэн тойргоор сонгууль явуулж үзээгүй учраас хэнд нь ашигтай, хэнд нь сөрөг талтай вэ гэдгийг яг одоо хэлж мэдэхгүй байна. Улс төрийн намын тухай хуулийн үндсэн зарчим нь олон намтай байх биш. Харин чадвартай, улс орон даяараа үйл ажиллагаа явуулдаг цөөхөн тооны намтай байх нь чухал гэж үзэж байгаа. Гэхдээ хоёр биш. Магадгүй 5-10 нам байж болно. Одоогийн байдлаар Монгол Улсад 37 улс төрийн нам бүртгэлтэй боловч идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нь 2-3 нам л байна. Тиймээс намууд хоорондоо нэгдэх, нийлэх, эвсэх, ийм процесс явагдах ёстой. Энэ агуулгаар нь харах юм бол бүсчилсэн тойрог бол улс төрийн намууд нэгдэх, нийлэх, эвсэхэд чухал ач холбогдолтой.
-Сонгуулийн сурталчилгааны хугацааг 14 хоног болгож өөрчилчихсөн мөртлөө тойргоо томгож бүсчилсэн байдлаар сонгууль явуулахаар тогтож байгаа нь улс төрийн том намуудын олон нийтэд танигдсан туршлагатай улстөрчид, “ах нар” 2024 онд дахин сонгогдох бас нэгэн арга заль юм биш үү?
-Ер нь бол бүгдээрээ л шинэ. Тухайлбал, би өөр дээрээ жишээ татъя л даа. Би Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон. Архангай, Баянхонгор аймагт очиход танигдаагүй шинэ хүн. Бусад нэр дэвшигчид яг надтай ижил байгаа. Яагаад гэхээр одоо УИХ-д нэр дэвшихээр төлөвлөж байгаа хүмүүс бол аймаг, дүүрэгтээ тодорхой хэмжээгээр танигдсан хүмүүс. Харин өөр, дүүрэг, аймгуудад танигдаагүй буюу бидэнтэй адилхан байгаа. Тийм учраас би нэгдүгээрт, нэр дэвшигчдийн гарааны нөхцөл нэг их хол зөрөхгүй гэж бодож байна.
Тэгэхээр нэр дэвшигчид хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр дамжуулж сонгогчдодоо танигдах боломж байна. Түүнээс биш сурталчилгааны 14 хоногийн хугацаанд бүх сум суурин газруудаар явж иргэд, сонгогчидтой уулзалт хийх боломж бараг байхгүй.
Тойрогтоо багтаж байгаа аймгийн төвүүд томоохон сумдаар тойрох боломж гарах байх. Түүнээс гадна 9-10 хүн нийлээд нэг суманд уулзалт хийхээр их хүндрэлтэй. Тухайн 10 хүнийн бүгд ярихаар сонгогчид хүлээж авах уу, үгүй юү. Уйтгартай шүү дээ. Энэ мэтчилэнгээр дотор нь зохион байгуулалт хийх ажлууд олон гарч ирнэ.
-Нэр дэвшигчээс гарах сонгуулийн зардлын хэмжээ улам данхайхаар байна. Зардлын хэмжээн дээр ямар нэгэн зохицуулалт байх уу?
-Одоо нэгэнт Сонгуулийн тухай хууль батлагдчихсан учраас зохицуулалт хийх боломжгүй. Үндсэн хуульд Сонгуулийн хуульд нэг жилийн дотор өөрчлөлт оруулахыг хориглох заалт бий. Тиймээс энэ удаа биш юмаа гэхэд дараа дараагийн удаа боловсронгуй болгоод явах байх. Том тойргоор явна гэж бодоогүй Сонгуулийн тухай хуулиа баталчихсан учраас энэ хоёрын хооронд зөрчилдөх юм гарахгүй ч гэсэн өөрийн чинь хэлж байгаа зардал нэмэгдэхтэй холбоотой зарим нэгэн хүндрэлүүд гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ Монгол Улс нэг хоттой, тухайн хотынх нь бүх даац нь хэтэрсэн энэ байдлаасаа гарахын тулд бүсийн төвүүдийг хөгжүүлэх шаардлага байна. Бүсийн төвүүд хөгжихгүй байгаагийн голлох шалтгаан сонгуулийн тогтолцоотой холбоотой. Тиймээс ямартай ч бүсчилсэн тойргийг туршиж үзье. Амжилттай байвал улс орны хөгжилд хэрэгтэй. Хэт жижиг тойрогтоо баригдаад байхаар цөөн популист, эсвэл нэг тойрог өмчилчихсөн хэдэн улстөрчид байнга УИХ-д сонгогддог байх сөрөг талууд бий. Энэ байдлаасаа гарч чадлаа гэж бодож байна.
–Бүсчилсэн тойрог байгуулснаар засаг, захиргааны хамгийн бага нэгж болох баг, хороонд амьдарч байгаа иргэдийн дуу хоолой төрд хүрэхгүй орхигдох нь гэх болгоомжлол байсан?
-Улсын Их Хурлын тухай хууль, Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж, механизмыг нь нэлээн өөрчилж өгөх ёстой. Хаврын чуулганаар Улсын Их Хурлын тухай хууль, Дэгийн тухай хуулийг батална. Өөрөөр хэлбэл, ирэх парламент 126 гишүүнтэй болох учраас ямар дэг ямар байх вэ гэдэг нь чухал байгаа юм.
Германы систем рүү орох хэрэгтэй юм байна гэж боддог. Тухайлбал, Германд 30-45 хоног хуралдаад 15 хоногт нь тойрог руу нь явуулдаг.
Манайх шиг 3-4 сар өдөр, шөнөгүй хуралдчихаад тойрогтоо нэг очдог биш. Угтаа 30- 45 хоног хуралдаад 15 хоногт нь яг тойрогтоо ажилладаг. Харин чуулгантай үедээ чуулгандаа л сууж байдаг. Энэ байдлаар механизмыг нь өөрчлөхгүй бол жилд хоёр удаа тойрог руугаа явдаг одоогийн системээр иргэд, сонгогчидтойгоо уулзах боломж хомс болж байна. Тэгэхээр жилд дөрвөн удаа тойрогтоо ажилладаг систем рүү оруулахыг зорьж баталсан хууль, бодит амьдрал хоёрыг нийцүүлж явдаг систем рүү оръё.
Оноч 2024-01-05 202.5.205.34
Гадны хөрөнгө оруулалт гэж мөнгөө бариад орж ирээд БАЯЛАГ БҮТЭЭХ-ийг хэлдэг юмаа… тэрнээс авдранд байгаа баялгаа хүнд хямдаар өгөх, зарахаар нь 5 хувийн АМНАТ авахыг хэлдэггүй юмаа…Алтыг монгол хүн ухвал мөнгө нь монгол хүнд очиж, АМНАТ-аа төлнө. Гэтэл гадаад хүнд хямдаар өгчихөөд өөрсдөө 5 хувийн АМНАТ-тай хоцорч бна. Эргүү байхад ёроолтой байя. ДАВААСҮРЭНД БАЯР ХҮРГЭЕ
Оноч 2024-01-05 202.5.202.2
Харуулах боломжгүй.
Зочин 2024-01-05 66.181.161.188
Мунхаг иргэд ядахдаа энэ хуралдаа суухгүй байгаа гишүүдийг сонгуулиар занахаа мэдэж байгаа болов уу? Ажлаа хийхгүй байна гэсэн үг шүү дээ.
S 2024-01-05 66.181.179.76
SEXSDI80955877
ТИЙМЭЭ 2024-01-05 202.126.88.64
Хөрнгө мөнгө зарахгүыгээр 199% цахим сурталчилаа хиыж болно…нам намын Сонгуулийн пкйж хуудах нээгээд дэвшүүлж буй хүмүүсээ ёурталчилахад бүрэн боломжтой. ТВ-р 126 хүн яриад ыаывал бусад нэвтрүүлгийн цаг авч, ард түмэнд саад болноо….
Нэргүй 2024-01-05 139.5.216.207
Баянтээгийн нүүрсийг ямар замаар , ямар схемээр урагш татваргүй гаргаад байна өмд гутлын хулгайчаа
Нэргүй 2024-01-05 66.181.188.13
Тиймээ тийм, хэвлэл мэдээллээр л сурталчилгаа хийгээд л хавааск ш дээ ! Мөнгө тараах гэж л хоног хугацаа бага гэж гоншигоноод байгаа юм !