Лэйкерсийн асуудал нь хаанаа байна вэ?

Лэйкерсийн асуудал нь хаанаа байна вэ?

Лэйкерсийн асуудал нь хаанаа байна вэ?

Ердөө 19 сарын өмнөхөн ЛеБрон Жэймс шинэ дасгалжуулагчтай болсондоо баярлаж "Үнэхээр догдолж байна" гэсэн утгатай жиргэж байлаа. Харин зургаахан сарын өмнө Энтони Дэвис "Бид түүнийг үнэхээр хүндэлдэг" гэж дасгалжуулагч Дарвин Хэмийн талаар хэлж байв. Гэтэл өнөөдөр байдал эрс өөрчлөгдөж, Лос Анжелес Лэйкерс багийн тамирчид дасгалжуулагчдаа эргэлзэж эхэлжээ. Сүүлд гарсан мэдээллээр Дарвин Хэм болон тамирчдынх нь хооронд ан цав үүсч, харилцаа хөндийрсөн гэнэ. Учир нь Хэмийн тамирчдаа тоглуулж буй байдал, өгч буй минут, тоглолтыг эхлүүлж буй тавт зэрэг нь ойлгомжгүй байгаа аж.

Лэйкерс өнгөрсөн жил бүсийн финалд хүрсэн тул энэ улирал амжилтаа ахиулах ядаж давтах хүсэлтэй байгаа нь лавтай. Мөн улирлын дундуурх тэмцээнд түрүүлсэн учир хүлээлт их үүсээд буй. Гэтэл өдгөө 17-18 амжилттай бүсийнхээ аравдугаар байрт явж байна. Сүүлд Майами Хит багт 96-110 гэсэн харьцаатай хожигдсон. Тус тоглолтод ЛеБроны баг гурван онооны шидэлтийг 30 удаа шидсэн ч ердөө дөрөв нь оноо болж, 21 удаа бөмбөгөө алдан үүнийг нь Хит 22 оноо болгожээ. Тэд энэ сард нийт 15 тоглолт хийхээс арвыг нь талбай дээрээ хийнэ. Лигийн хамгийн зөөлөн, ачаалал багатай хуваарьтай багаар тодроод буй.

Энтони Дэвис Хитэд хожигдсоныхоо дараа "Бид өнөөдрийнх шиг тогловол цаашдаа сайн зүйл болохгүй" гэжээ.

Ядаж байхад яр гэгчээр энэ улирал өөрчлөлт авчирна гэж бодож байсан Гэйб Винсэнт бүх оддын тоглолтын дараа эргэн ирэх сурагтай. Улирлын эхэнд тэд бэртэл, гэмтлийн асуудалд нэрвэгдсэн ч даваад гарсан. Гэтэл одоо тамирчид нь бэртлээсээ эргэн ирэхэд Дарвин Хэм бүрэлдэхүүнийхээ учрыг олохоо больж, хэнийг хэдэн минут тоглуулж, яаж ашиглахаа мэдэхээ больсон харагдана.

ЛеБрон Жэймс, Энтони Дэвис хоёр хамгийн сайн тоглолтоо гаргасан ч Лэйкерс хожигдсоор байна. Багийн амжилт нь сайн байвал Энтони Дэвис "MVP" болон Шилдэг хамгаалан тоглогчийн шагналд дээгүүр өрсөлдөхөөр үзүүлэлтэй яваа.

Эхэндээ Лэйкерсийн фэнүүд, сагсан бөмбөгийн аналистууд Лэйкерсийн асуудлыг солилцоогоор шийдвэрлэх боломжтой гэж харав. Зак Лавине, ДеМар ДеРозан, Алекс Карузо зэрэг Буллсын залуучуудтай нэр холбогдсон. Үүний дараа Нетсийн Дориан Финни-Смит, Ройс О’Нил нарыг авчирна гэх мэдээ гарав. Лэйкерст санал болгох үнэт зүйлс тун ховор. Хамгийн боломжит хувилбар нь Остин Риверсийг явуулж, дээрх тоглогчдыг авчрах. Гэтэл Риверс энэ улиарал 15.3 оноо, 5.0 оновчтой дамжуулалт, 4.5 самбар дунджилж байна. Энэ эрчээрээ явбал шилдэг зургаа дахь тоглогчийн шагналыг ч авна. Ийм гол хөзрөө Лэйкерс явуулна гэдэг юу л бол.

Өнгөрсөн улирал Жэймс, Дэвис, Расселл, Ривес, Вандербилт нар плей-оффд 177 минут хамт тоглож байхад, нет рэйтинг нь 0.4 байв. Харамсалтай нь, энэ тав энэ улирал ердөө гуравхан минут талбайд хамт байжээ. Мөн Жэймс, Дэйвис, Расселл, Ривес, Хачимура нар плей-оффд 32 минут хамт тоглоход нет рэйтинг нь 47.5 байжээ. Тэд энэ улирал ганц ч минут талбайд хамт байж үзээгүй явна. Одоогийн Лэйкерсийн нет рэйтинг -1.2.

Нет рейтинг бол тухайн багийн авч байгаа болон алдаж буй дундаж онооны зөрүү гэж ойлгож болно.

Хачимура, Вандербилт нар бэртлээсээ эргэн ирсэн ч Хэм тэднийг өнгөрсөн улирлынх шигээ ашиглахгүй байгаа. Ривес, Расселл хоёр улирлыг гараанаас эхлүүлсэн ч өдгөө сэлгээнээс тоглож байна. Хачимурагийн үүрэг ч тодорхойгүй гараа, сэлгээнээс янз бүрээр л тоглож буй. Лэйкерс одоог хүртэл бүрэлдэхүүнээ зүгшрүүлж, учраа олж чадаагүй явна. Удахгүй бүх оддын тоглолт болно. Үүний дараа жинхэнэ өрсөлдөөн эхэлнэ. Үүнээс өмнө Лэйкерс үүсээд буй асуудлаа цэгцэлж чадах болов уу? Дарвин Хэмийг ажлаас нь халах уу эсвэл нүдээ олсон солилцоо хийх үү? Лэйкерсийн ерөнхий менежер Роб Пелинка ойрын өдрүүдэд маш чухал шийдвэр гаргах биз.

Сүүлд гарсан мэдээллээр Док Риверс Лэйкерсийн дараагийн дасгалжуулагч болох хамгийн өндөр магадлалтай гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

fan 2024-01-05 180.149.98.126

Mongol ardiin namaas l byh zyil bolj baigaa baih

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж