САНАА АМАР НҮД АНИХГҮЙ НЬ…
Амьдралынх нь нугачаа бүрийг илтгэх үрчийсэн гараараа нүдээ нухлан мэдээ үзэж суусан өвгөн гунигтай нь аргагүй санаа алдаад бушуухан сувгаа солив. Тэтгэвэр өвлөгддөг боллоо гэх сайдын яриаг сонсоод маадгар гэгч нь ачаа үнэрлэж, сургуульд орохыг нь харахгүй байж мэдэх ч төлбөрт нэмэр болох тэтгэврийн мөнгө үлдээх нь гэж баярлан суусан сан… Гэтэл талаар болжээ. Магтаад, шагширсан тэтгэврийн өөрчлөлтөөр 20-оос дээш жил хамт амьдарч, гэрлэлтээ батлуулсан ханьд нь л тэтгэврийнх нь 20 хувьтай тэнцэх мөнгийг олгох зохицуулалт хийсэн аж. Хөгшин дөрвөн жилийн өмнө ханиасаа хагацсан. Байсан ч базаахгүй, сардаа 100-хан мянган төгрөг л үлдээх байжээ. Ачийнхаа сургуулийн төлбөрт нэмэрлэнэ гэж тэтгэврээ хугаслан хадгалсан ч өдрөөс өдөрт төгрөг цаас болж, хуримтлал нь гавьсангүй. Амьдралын сайхан дурсамжийг нь санагдуулах хуучинд хир халдаадаггүй хөгшин хууль тогтоогчдыг бус арчидсан нийгмийг хараан зүхнэ. Хэзээ мөдгүй болсон өвгөн аргаа баран “үхэж болохгүй” гэж арга буюу бурхныг зөвшөөрөн залбирах ч хорвоогийн жам хэзээний ирээд хаалга тогшсон. Орж ирэх нь цаг хугацааны л асуудал…
БАЯРЛАСАН ХЭРЭЭ БАРХИРАХ
Чадалгүй, тэнхээгүй болсон өтөл насны амьдралдаа зарцуулна гэж нийгмийн даатгал төлж буй өнөөгийн ажиллах хүчнүүд бас л бухимдалтай явна. Хувийн малаа маллаж буй малчин, түүний туслах малчны нийгмийн даатгалын шимтгэлийг өөрийнх нь төлсөн татвараас авах болохоор тэр. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг нь улсын төсвөөс сар бүр төлөхөөр хуульчилсан нь эрүүл ухаантай хүнд шударга бус байгаа. Ийм байдлаар малчид 5 жилийн хугацаанд тэтгэврээ бусдын татвараар төлүүлэх боломжтой болжээ.Морьтой ч болоосой.
Шатахуун бага иддэг, сэлбэг нь хямдхан, монголын өвөлд ажрахгүй гэхчилэн олон давуу талтай “Приус” машин хөлөглөсөн, улстөрчдийг нэг нүдээрээ хардаггүй залуус сошиал орчинд хамгийн ихээр улстөрчдийн золиос болсноо ухаарчээ. Тэгж байгаад өршөөгддөг гэж бат итгэсэн тэд саяар хэмжигдэх торгуулиа нэгдүгээр сарын 8-наас өмнө төлөх ёстой болов. Үгүй аваас түүндээ дүйх нийтэд тустай хөдөлмөр эрхэлнэ. Үгүй гэвэл машинаа унах эрхгүй болно. Торгуулиа заасан хугацаанаас нь өмнө төлбөл 50 хувь хөнгөлнө, хэтрүүлбэл нэмж торгоод нийтэд тустай хөдөлмөр эрхлүүлнэ. Нэгэн олигархын хэлснээр ажилгүй, орлогогүй, шатахуун үрж, түгжрэл үүсгэдэг иргэдээ ийнхүү хуулиар ташуурдаж байна. Хэрэвзээ Өршөөлийн хууль баталж, бурууг дэвэргэдэггүй байсан бол тэдэнд торгуулиа хуримтлуулах бодол төрөө ч үү, үгүй ч үү? “Морьтой ч болоосой” гэж залуус эрхгүй утасны цаанаас хуруугаараа товшин хошигнож байна. Морьтой бол малчинд тооцогдоно. Малчин тооцогдчихвол тэтгэврээ төлүүлж, татвараас чөлөөлөгдөж, мориндоо тэжээл үнэгүй авчихна тэд боджээ. Хийсэн нь хохирдог, зүгээр суусан нь завшдаг энэ тогтолцоонд яаж амьдрахаа тэд ойлгохгүй бухимдаж байна.
Нийслэлийн татвар энэ оноос эхлэн хоёр дахин нэмэгдсэн. Ажил хийдэг жирийн залуу өнөөдөр цалингийнхаа 11,5 хувийг нийгмийн даатгалд, 10 хувийг ОАТ-т төлдөг. Дээр нь худалдан авсан бүхэнд 10 хувийг НӨАТ, сэргэхгүй сэтгээгдэх эрчим хүчний татвар, кабелийн мөнгөө төлсөн атлаа үздэггүй телевизүүдэд татвар, эрх баригчдын дураараа гаргадгаас хэд дахин илүү инфляцид гээд цалингийн 50-аас илүү хувийг төрд дээрэмдүүлэх аж. Үүний хүчинд төрийн алба 300 мянган албан хаагчтай болжээ. Төрийн хулгай харин ДНБ-тэй дүйх хэмжээнд хүрсэн талаар пүү, паа болцгоож байна.
Энэ бүхэнд нам дагасан нэг хэсэг нь л ихэд баярлаж байх шиг. Нэг хэсэг нь торгууль, татвараас орж ирэх тэрбум, их наядаар тооцогдох мөнгөөр хэрхэн туйлах тухай бодож суугаа бол нөгөө хэсэг нь эдийн засгийн уналт, иргэдийн бухимдлаар эрх баригчдыг намнаад өөрсдөө ор суух тухай сэрүүн зүүдэлж сууна.
ФЕОДАЛИЙН НИЙГМЭЭС ҮГЭЭГҮЙ РҮҮ УРУУДАХ НЬ…
Үгээгүй ядуу гэгддэг бурангуй феодалийн үед ч үүнээс долоон дор амьдарч байсангүй.1914 онд Богд хааны зарлигаар тогтоосон бичигт "Засаг ноёдыг 20 хоньтой өрхөөс 1 хонь, 40 бол 2, Хоёр үхэртэй хүнээс нэг тогоо аму, 3 үнээтэй бол нэг ходоод сүү, 100 хоньтой бол нэг эсгий авна" гэж заажээ. Ингэхдээ жилд хонь 180, аму 180 тогоо, сүү 90 ходоод, эсгий 10-аас дээш авч болохгүй, дутуу авч болно гэж зохицуулсан байх. Харин бараа, бүтээгдэхүүнээ зарж борлуулбал 5 хувийн татвар хураалгадаг нь өнөөгийн бидний төлж буй 10 хувийн НӨАТ-аас даруй хоёр дахин бага гэсэн үг. Бүдүүлэг, бурангуй гээд байсан феодалийн нийгэмд шүү дээ. Гэтэл өнөөгийн дундаж монгол 50 орчим хувийн орлогоо төрд татвар нэрээр дээрэмдүүлдэг бол улстөрчид Монгол Улсын төсвөөс ч давсан мөнгөтэй дүйх хэмжээний хулгайг экспортоос хийсэн байх жишээтэй.Тэгвэл бурангуй гэж Оросуудын хоногшуулсан Богдын үед гаалийн татвараас зайлсан хүнийг 50 ташуур занчиж, нуун дарагдуулсан бараа бүтээгдэхүүний үнийн 50 хувьтай тэнцэх мөнгийг улсын санд хураах бөгөөд түүний 25 хувийг нь гэрчид олгодог байжээ. Тухайн үеийн талаар Майскийн хийсэн тооцоогоор Монголд 125 мянган өрх байсан агаад нэг өрхөд дунджаар,
-Адуу 9
-Үхэр 8,4
-Тэмээ 1,8,
-Хонь, яамаа 56,2 ногдож байжээ. Үүнээс хойш Монголын мал тогтмол өссөн үзүүлэлт архивын баримтаас дурайна. Харин Оросын мэдэлд орсон 1944-1948 онд 3,4 сая орчмоор буурсан аж.
Тухайн үед тэгшитгэх бодлого хэрэгжүүлсэн бөгөөд үүний үр дүнд чинээлэг өрхийг тоо буурч, дундаж малтай өрхийн тоо нэмэгджээ. Төр засгийн тэгшитгэх бодлого амьдрал дээр буруу болох нь батлагдсан бөгөөд үүнийг засахын тулд Маркс, Энгельс нарын "Коммунист намын тунхаг" бүтээлдээ аж үйлдвэржсэн капиталист улсуудад капитализмыг устгахын тулд зайлшгүй хэрэгжүүлэх ёстой 10 арга хэмжээний зааварчилгааны нэг болох өсөн нэмэгдэх татварын зохицуулалтыг эргүүлэн хэрэгжүүлжээ. Эргүүлэн хэрэгжүүлсэн гэдэг нь тэгшитгэхээс өмнө энэхүү бодлогыг барьсан бөгөөд зарим тохиолдолд 120 хувийн татварыг авч байна. Энэхүү татварыг эрх баригчид 2023 оноос эхлэн хэрэгжүүлээд буй юм.
Үргэлжлэл бий…
Холбоотой мэдээ