
Монголчууд кирилл үсгээр бичиж эхлээд 70 гаруй жил өнгөрсөн бөгөөд энэ хугацаанд академич Ц.Дамдинсүрэнгийн боловсруулсан дүрмээр зөв бичгийн асуудлыг шийдэж ирсэн билээ. Харин өнөө үед хүн бүр өөрсдийнхөөрөө бичиж, зөв бичих дүрмийн асуудал маш цэгцгүй болсон. Монголын соёлын өвийн боловсролын төв энэхүү асуудалд анхаарал тавьж, “Goog” буюу зөв бичгийн программыг хийж эхэлжээ.
Тус программыг гурван жилийн судалгаан дээрээ тулгуурлан өнгөрсөн дөрөвдүгээр сараас таван хүний бүрэлдэхүүнтэй баг ажилласан бөгөөд хэл шинжлэлийн эрдэмтэн М.Базаррагчаа, Г.Гантогтох, Ц.Шагдарсүрэн нар туслалцаа үзүүлсэн байна.
“Зөнгөөрөө зөв бичих” уриатай энэхүү программ нь цаг хугацааг хэмнээд зогсохгүй кирилл үсгийн алдааг хянахаас гадна, тэмдэгтийн алдааг заадаг ажээ. Түүнчлэн уг программын тусламжтайгаар монгол хэлний үгсийн санг нэг сая үгтэй гэж тогтоосон байна. Уг программ нь эхлээд толгой үг буюу язгуур үгийг файл болгон байршуулаад, түүн дээр дагавар залгах боломжийг бүрдүүлж өгсөн хэмээн зохион бүтээгчид нь тайлбарлаж байгаа юм.
“Google”-ээс хайн татаж авахад амар байлгах үүднээс “Goog” хэмээн нэрлэсэн гэнэ. Тэд одоохондоо “Microsoft Word” программ дээрх алдаатай монгол үгийг засах програмчлал хийсэн ч яваандаа дуу авиа орсон байдлаар өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа аж. “Goog” программ ирэх сарын 13-нд худалдаанд гарах юм.
Г.Даша