УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр /2024.01.03/ хуралдаж хуулийн төсөл хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан “Дарханы арьс ширний цогцолбор барина гэж яриад 10 жил болж байгаа улс сум бүрт худалдаа бэлтгэлийн анги байгуулна гэж байхгүй, үлгэр” гэж шүүмжлэв.
Энэ тухай тэрбээр “Малчдын бэлтгэж нийлүүлээд байгаа хөнгөн үйлдвэрийн түүхийн эд, хүнсний үйлдвэрийн түүхий эд нь боломжийн үнээр зарагддаг болгоод өгчихөд л орлоготой болно. Сум даяар худалдаа бэлтгэлийн анги байгуулах зэрэг чинь үлгэр ш дээ. Дарханы арьс ширний цогцолбор барина гээд 10 жил болж байгаа улс юун сум орон даяар худалдаа бэлтгэлийн анги байгуулах, үлгэр. Зөвхөн малыг нь борлуулах тал дээр борлуулалтыг нь дэмжээд өгчих. Малчин ноос, ноолуураа шуудайлаад, махаа үүрээд Хятад, Вьетнам хүрч чадахгүй. Энэ бол цэвэр экспортын л асуудал. Экспорт юунаас гацаад байгаа юм. Малын гоц халдварт өвчнөөс л болж байгаа. Малын гоц халдварт өвчин гараад байгаа шалтгаан нөхцөл тодорхой болсон. Тодорхой газраар өвчин орж ирээд, тодорхой газраар дамжаад байгаа гэж хэлж байгаа. Энэн дээр нь хаалт тавиад, тэр газрыг нь бүүпержүүлээд улсаараа эрүүл бүс болчих юм бол асуудалгүй. Ийм бодлогын асуудал дээр анхаараад малаа гоц халдварт өвчнөөс хамгаалж чадвал экспортын боломж байгаа. Экспорт нэмэгдээд ирэхээр хүссэн хүсээгүй худалдаачид, бизнесмэнүүд мах, малын түүхий эдийг гадаадад аваачаад зарчихна. Энэн дээр л ложистик талаас нь ажил хийгээд өгөх ёстой.
Төсвийнхөө хуулиар Дарханы арьс ширний цогцолбороо барьчихаач ээ. Дэлхийн брэндүүдийн захиалга ирсэн байна лээ шүү дээ. Zara хэдэн сая ширхэг нэхий авъя гээд санал тавьж байна. Энэ ажлаа хиймээр байна. Худалдааны яамаа байхгүй болгоод хэдэн жил болов. Худалдаа аж үйлдвэрийн танхимд зарим ажлын чиг үүргийг өгөөд, Эдийн засгийн хөгжлийн яаманд худалдааны асуудал эрхэлсэн агентлагтай болсон гэсэн ч мэдрэгдэхгүй л байна шүү дээ” гэсэн юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-01-04 66.181.188.13
Төлгөн коммунист– хуурамч ардчилагч Уух Идэхийн Гишүүн Туваан гуай УЛС ДАЯАР СОЦИАЛИЗМ байгуулна гээ ч дээ !
Зочин 2024-01-04 66.181.183.84
Соц ын үед байсан. Ардчлалын эхэн үед нураасан. одоо тэр чинь санагдаад байгаа юу. юу гэж устгасан юм.