Л.Оюун-Эрдэнийн экстремум цэг!

Хуучирсан мэдээ: 2024.01.04-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийн экстремум цэг!

Л.Оюун-Эрдэнийн экстремум цэг!

Математикт максимум, минимумын цэгүүдийг экстремумын цэг гэдэг гэнэ. Улс төрд ашиглавал эргэлтийн цэг гэсэн үг. Эдийн засаг, нийгэм, улс төрд гарсан зарчмын өөрчлөлтийг дүгнээд ингэж хэлж болох биз.

Гурван жилийн өмнө, дүн өвлөөр У.Хүрэлсүх гэнэтийн улстөр хийж, Ерөнхий сайдын суудлаасаа өөрийн хүсэлтээр огцорсноор засгийн болон намын тамгыг нь нутгийн дүү Л.Оюун-Эрдэнэ залгамжлав.

Хэдий Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын суудал амархан олдсон ч түүний Засгийн газрын тэргүүнээр ажилласан өнгөрсөн гурван жил  Монгол гадаад улс төр талдаа ч, дотоод эдийн засгийн хувьд ч амаргүй байсан нь худлаа биш юм. Арай гэж цар тахлын ард гарахтай зэрэгцээд Орос-Украины дайн эхэлсэн нь Монголыг ч, Л.Оюун-Эрдэнийг ч шахалт, сорилтод  оруулсан.

Эхэндээ улс төрийн хүрээнд төдийгүй олон нийтэд Л.Оюун-Эрдэнийг У.Хүрэлсүхийн утсан хүүхэлдэй гэж харах, бичих нь цөөнгүй байлаа. Гэвчиг Л.Оюун-Эрдэнийн хувьд намдаа бас засагтаа “власть”-аа авч чадсаны нотолгоо нь Хөгжлийн банк, БЗС, төмөр замын хулгай, нүүрсний хулгайтай хийсэн тэмцэл. Үүнээс болоод хувь хүнийхээ хувиар олон дайсантай болсон ч байх. Ордон дотор, цагаан байранд, парламентын болон засгийн танхимд түүнийг огцроосой гэсэн хүмүүс ханцуй дотроо хутгаа нуугаад явж байхыг үгүйсгэхгүй. Өөрөө ч авлигатай тэмцэхэд намын харъяалал, найз нөхдийн холбоо сүлбээ хамаа байхгүй л гэдэг. Тэр утгаараа ч банк тонож, сан цөлмөж, нүүрс хулгайлсан нөхдөө өмөөрч хамгаалахгүйгээр шалгуулахыг ч шаарддаг, шахдаг. Энэ хэрээр эдийн засагт өсөлт ажиглагдаж эхэлсэн нь сайны ДОХИО.

Үүнийгээ ч тэрбээр оны мэндчилгээндээ онцолсон нь: Хөгжлийн банкны асуудал цэгцэрснээр 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдууллаа. Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцууллаа. Оюу Толгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр олон жил улс төржин гацсан гүний уурхай бүрэн ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эергээр нөлөөллөө.

“Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноор ил, тод хариуцлагатай байдал дээшилж, цахим арилжааг амжилттай зохион байгуулснаар анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан” гэх үг.

Монгол Улсын нийт экспортын орлого 2023 онд 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давсан,төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарсан,валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрсэн, анх удаа 650.000 жуулчдыг хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого олсон нь эдийн засгийн хувьд экстремум цэг, эргэлтийн он байлаа. Нэг ёсондоо эдийн засаг ёроолын уналтаасаа гарч сэргэлтийн цэг рүү явж байна л гэсэн үг. Энэ онд эдийн засгийн өсөлт өрх болгоны хаалгаар, иргэд бүрийн халаасанд орно гэж Л.Оюун-Эрдэнэ амалсан, харж л байя!

Хамгийн харамсалтай нь, авлига хулгайн замаар орсон тэр их мөнгө “алга болоогүй” байсан бол эдийн засгийн өсөлт өнөөдрийнхөөс ч өндөр, улс орны хөгжил өдгөөгөөс урагшлах байсан нь гарцаагүй. Энэ өнцгөөс харвал Л.Оюун-Эрдэнийн хийх тэмцэл цагаа ч, байгаа ч зөв олж буудсан байна.

Ядаж л авлига, хулгай хийвэл нийтийн өмнө нээлттэй сонсголоор яллуулах юм байна гэсэн айдас авлигачдад суусан биз.

Нэг хэсэг нь авсан авлига, хулгайгаа хаана, яаж нуух вэ гэж толгойгоо гашилгаж байхад нөгөө хэсэг нь авлигын золиос болж хэндээ яаж үзүүлж, хэрхэн амьдралаа залгуулах вэ гэж ядарч зүдэрч яваа. Нэг хэсэг нь хуулийн ард нуугдаж, хулгай, луйвраа ичиж зовохгүй хийж байхад нөгөө хэсэг нь хуруу, хумсаа хуйхлан шахам хөдөлмөрлөөд ч тэдний олсны дайтайг олох нь бүү хэл мөрөөдөж чадахгүй мөнгө. Улсын эдийн засгийг нь хулгайлж хөлжингүүтээ улсын эрх мэдлийг өв залгамжлуулан эрх ямба эдлэж байгаа нь цөөн, дийлэнх нь олонх нь өнөөдөр ч өнөө маргаашаа болгож амьдарч байгаа нь үнэн. Үүнээс илүү үнэн гэвэл орлогын тэгш бус байдал арилахгүй бол ардчилал устаж, авторитори  дэглэм тогтож мэднэ.

Нийтийн сайхан амьдрах, сурах, эрүүл болох бүх боломжийг хулгайлж, цөөнх нь баяждаг,хождог нийгмийг өөрчлөх цаг болсон уу гэвэл болсон. Иймээс Л.Оюун-Эрдэнийн хувьд ч, Монголын хувьд ч 2024 он бол экстремум цэг юм.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж